ШАГДАРЖАВЫН БЯМБАЦОГТ
/1973-2021/
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдаржавын Бямбацогт 2021 оны долдугаар сарын 30-ны өдөр таалал төгссөнд талийгаачийн төрөл төрөгсөд, гэр бүл, үр хүүхдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ш.Бямбацогт 1973 онд Хэнтий аймгийн Дархан сумын нутагт төрж, Бор-Өндөр сумын 10 жилийн сургуулийг төгсөж, улмаар 1991 онд Монголын Үндэсний Олон нийтийн телевизэд ажлын гараагаа эхэлснээс хойш эдүгээг хүртэл радио, телевизийн нэвтрүүлэгчээр ажилласан юм. Мөн тэрбээр ажиллаж, хөдөлмөрлөж, уран бүтээл туурвихын зэрэгцээ Улс төр судлаач мэргэжлийг эзэмшжээ.
Ш.Бямбацогт нь радио, телевизийн нэвтрүүлэг, өдөр тутмын мэдээний цаг болон “Цагийн хүрд" хөтөлбөрийг хөтөлж, баримтат болон уран сайхны кинонд дуу оруулах ажилд дагнан мэргэшиж, хамт олондоо болон цэнхэр дэлгэцнээ мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэлээрээ хүндлэгдсэн нэгэн байлаа.
Тэрбээр “Өргөст модны шувуу”, “Халтар царайт”, “Матар хочтой Данди”, “Сансрын хамгаалагч Волтрон”, “Хаврын 17 учрал” зэрэг гадаадын 500 гаруй уран сайхны кинонд дуу оруулалт хийж үзэгч олондоо хүргэжээ. Түүнчлэн дэлгэцийн болон уран сайхны кинонд гол болон туслах дүр бүтээж, “Цөвүүн цагийн богд”, “Би эндээс явахгүй”, "Аминд хүрсэн олз”, "Төрийн сүлд өршөө”, “Чойном хаана явна”, “Их Нацагдорж” зэрэг уран сайхны кинонд дүрээ үлдээсэн авьяаслаг жүжигчин байв.
Түүний Монгол Улсын төр, нийгэм, соёлын салбарт оруулсан хөдөлмөр, бүтээлийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын болон бусад ойн медалиар тус тус шагнасан юм.
Талийгаачийн хөдөлмөрч, хичээнгүй, нөхөрсөг, даруу төлөв, хүнлэг зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
У.ХҮРЭЛСҮХ, Г.ЗАНДАНШАТАР, Л.ОЮУН-ЭРДЭНЭ,
Г.ДАМДИННЯМ, М.ОЮУНЧИМЭГ, Б.БАТ-ЭРДЭНЭ, Д.САРАНГЭРЭЛ,
Б.ЖАРГАЛМАА, Ч.НОМИН, Г.ХЭРЛЭНЧУЛУУН, Ц.ИДЭРБАТ