Туркт ойн түймэр суурин газар, амралтын бүсүүд рүү орж ирлээ

Хуучирсан мэдээ: 2021.08.02-нд нийтлэгдсэн

Туркт ойн түймэр суурин газар, амралтын бүсүүд рүү орж ирлээ

Туркт ойн түймэр суурин газар, амралтын бүсүүд рүү орж ирлээ

Турк улсын аялал жуулчалын бүсэд өнгөрсөн Лхагва /7.28/ гаригт эхэлсэн ой хээрийн түймэр өдгөө ч үргэлжилж байна. Тус бүсэд байрлах зочид буудлуудын эд зүйлсийг нүүлгэн шилжүүлж, аялагч жуулчдыг аюулгүй газар хүргэсэн юм. Сүүлийн үеийн мэдээллээр Анталия, Мугла хотын ойролцоо өөр таван ой хээрийн түймэр нэмж гарсан талаар Туркийн Ой, хөдөө аж ахуйн сайд Бекир Пакдемирли мэдээллээ. Мөн түүний мэдэгдсэнээр 107 газарт гарсан ой хээрийн түймрийг унтраасан байна.

Туркийн 32 бүс нутагт дүрэлзэж эхэлсэн ой хээрийн түймэрт доод тал нь зургаан хүн амиа алдсанаас хоёр нь гал сөнөөгч байв.  Түймэр газар авсаар суурин газар, амралтын бүсүүд рүү дөхөж ирсэн тул олон мянган оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Түймрийн улмаас орон гэрээ алдсан Анталия хотын оршин суугч Мехмет Демир "Reuters" агентлагт өгүүлэхдээ “Эхнэр бид хоёр өмссөн хувцастайгаа л үлдлээ. Түймэр уулын энгэрээс асч хоромхон зуурт бүгдийг галдчихлаа” гэсэн юм.

Түймэр унтраах ажиллагаанд цагдаагийн ус шүршигч машин, нисдэг тэрэг, гал сөнөөгч машин зэрэг бүхий л боломжит техникийг ашиглаж байгаа аж. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өнгөрсөн Бямба гаригт /7.31/ түймэрт өртсөн бүс нутгуудад өөрийн биеэр очиж нисдэг тэрэгнээс нөхцөл байдалтай танилцсан байна. Үүний дараахан болсон хэвлэлийн бага хурал дээр тэрбээр “Туркийн Засгийн газар түймэрт өртсөн хүмүүсийн түрээсийн төлбөрийг хариуцаж, байшинг нь сэргээн засварлах болно” гэж мэдэгдсэн юм.

Мөн түймэрт өртсөн хүмүүсийн татвар, нийгмийн даатгал, зээлийн төлбөрийг хойшлуулж, жижиг дунд бизнесийнхэнд хүүгүй зээл санал болгоно гэжээ. Тэрбээр “Бид түймэрт амиа алдсан иргэдийнхээ хойчийг бурханд даатгахаас өөр замгүй. Харин бусад шатсан эд зүйлсийг сэргээн босгож чадна” гэж хамгийн сүүлд мэдэгдэв. Туркийн цаг уурын байгууллагаас Газар дундын тэнгис, Эгей тэнгисийн эрэг орчмын бүс нутгуудаар тархсан халуун урсгал түймрийг өдөөсөн байх талтай аж. Тус бүс нутагт ой хээрийн түймэр хуурай зуны улиралд элбэг тохиолддог ч өнгөрсөн өдрүүдэд үргэлжилсэн түймэр хамгийн их гамшиг дагуулжээ.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж