"Хэрэв шаардлагатай гэж үзвэл ОХУ-ын цэргүүдийг Беларусьт оруулна" гэж тус улсын удирдагч Александр Лукашенко өнгөрсөн Баасан гаригт /7.30/мэдэгдлээ. Тэрбээр төрийн мэдлийн “Belta” мэдээллийн агентлагаар дамжуулан хийсэн мэдэгдэлдээ “Өнгөрсөн жил засгийн газрын эсрэг зохион байгуулсан жагсаалыг гадны зэвсэгт хүчний оролцоогүй шийдвэрлэсэн. Харин энэ удаа Оросын цэргүүдийг оруулахад татгалзах зүйл байхгүй” гэсэн юм. Энэ талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Беларусь улсаас цэргээ оруулах албан ёсны хүсэлтийг манай тал хүлээн аваагүй. Нэг улсын ерөнхийлөгч нөгөө улсын ерөнхийлөгчид албан ёсны хүсэлт гаргасны дагуу уг алхмыг хэрэгжүүлэх боломжтой” гэжээ.
ОХУ, Беларусь хоёр улс цэрэг, батлан хамгаалахын салбарт нягт харилцаатай орнууд. Тухайлбал, Атлантын болон Энэтхэгийн далай мөн Номхон далайн зарим хэсгээр зорчих цөмийн шумбагч онгоцнуудтай холбогддог Оросын хоёр радарын станц Беларусьт байрладаг. Мөн ирэх есдүгээр сард хуучин социалист дэглэмтэй байсан орнууд том хэмжээний хамтарсан цэргийн сургуулилалтыг явуулахаар болсон юм. Лукашенкогийн засгийн газар саяхныг хүртэл тус улсад агаарын бааз нээж, нэмэлт цэрэг байршуулах Москвагийн хүсэлтийг хүлээж аваагүй. Гэвч 2020 оны наймдугаар сард Лукашенко зургаа дахь удаагаа улиран сонгогдсоны дараа Беларусьт эсэргүүцлийн жагсаал өрнөж, улс төрийн хямрал нүүрлэснээр байдал өөр болжээ. Тэр үеэр Оросын зүгээс цэргийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж 1.5 тэрбум ам.долларын зээл олгож байв.
Лукашенко сонгогдсоноос хойш хэдэн сарын турш эсэргүүцэлтэй тулгарсан бөгөөд сөрөг хүчнийхэн болон Барууны орнууд түүнийг сонгууль луйвардсан гэж үзсэн юм. Түүнийг эсэргүүцсэн жагсаал цуглааны үеэр 35 мянга гаруй хүнийг саатуулж, цагдаа нартай мөргөлдсөн хэдэн мянган иргэн гэмтэж бэртсэн аж. Харин энэхүү хөл үймээний үеэр АНУ болон ЕХ-ноос Беларусь улсын засгийн газрын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлсэн байна. Тиймээс Лукашенкогийн баасан гаригийн мэдэгдэл Барууны орнуудыг айлгах гэсэн оролдлого гэж байж болохыг улс төр судлаач Валерий Карбалевич "Associated Press" агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Барууны хоригын талаар Лукашенко мөн чимээгүй өнгөрөөгүй. "Хатуу эмх цэгц, зохион байгуулалттайгаар хэдэн арван жил оршин тогтносон манай оронд хориг арга хэмжээ авах замаар эдийн засагт дарамт учруулахыг хичээж байна" хэмээн Лукашенко мэдэгджээ. Тэрбээр “Тэд манай орныг туйлдуулж болох гол судсыг тэмтрэхийг оролдож байна. Үүнийг Беларусийн экспортын чухал салбарууд болох газар тосны бүтээгдэхүүн, механик инженерчлэл, үнсэн хужир зэрэгт хориг тавьснаас харж болно. Эцсийн зорилго нь Беларусийн ард түмнийг цалин, тэтгэвэр, тэтгэмж, боловсрол, эмнэлгийн тусламжийг авч чадахгүйд хүргэж туйлдуулснаар бослого үймээнд турхирах явдал” гэжээ.
Тэрбээр мөн ард нь Барууны хүчнийхэн байна гэж үзэж буй хүний эрхийн байгууллагууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг үргэлжлүүлэн шалгана гэж мэдэгдсэн юм. Түүний тодорхойлсноор өдгөө үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх эрх чөлөө нь хэт даврагч үйлдэл болж хувирчээ. Тиймээс сэтгүүлч, блог хөтлөгч бүрийг сайтар хянаж байхыг төрийн албан хаагчдад уриалсан байна. Хамгийн сүүлд тэрбээр “Эрх баригчдыг шүүмжлэх нь нэг хэрэг. Бид шүүмжлэлийг зохих ёсоор хүлээн авна … Харин хувьсгалыг таашаадаггүй хүмүүст бослого, аллагыг уриалах нь өөр хэрэг” гэсэн юм.
Беларусийн эрх баригчид сүүлийн нэг сарын туршид төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тавих хяналтыг чангатгасан төдийгүй сэтгүүлчдийн ажлын байранд нийт 200 гаруй удаагийн гэнэтийн баривчилгаа явуулсан болохыг Виасна хүний эрхийн төвөөс мэдээлжээ. Тухайлбал, өнгөрсөн Баасан гаригт Минск болон бусад хотуудад сэтгүүлч, сурвалжлагчдыг баривчлах ажиллагааг өргөн хүрээнд явуулсан байна. Өдгөө Беларусийн 28 сэтгүүлч шүүхээр орох гэж байгаа төдийгүй зарим нь ял авчээ. Пүрэв гаригт тус улсын сэтгүүлчдийн хорооноос шүүх хурлаар орох гэж байгаа сэтгүүлчдэд эмнэлэгийн тусламж үзүүлэхийг шаардсан юм.
С.НАРАНГАРАВ
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS NEWS