Хүүхэн тосгоноос явсан ч тосгон хүүхнээс явсангүй гэх хэлц үг Монголын улс төрд яг давтагдаж байна. Тодруулбал, МАН Х.Баттулгыг явуулсан ч тэр МАН-аас явсангүй.
Нэгэн цагт М.Энхболдыг унагаах гэж МАН-тай сүжирч гүйсэн ч, санаанд оромгүйгээр "ганцаардсан" Х.Баттулга өдгөө Токиогийн олимпод тамирчдад массаж хийсэн шигээ улс төрөөс хол яваа мэт харагдах болжээ.
Тэрбээр өнгөрсөн өвлийн У.Хүрэлсүхийн огцром нүүдэлд цочирдохдоо С.Батболдыг төрийн эргэлт хийх гэлээ хэмээн буруутгаж, удалгүй МАН-ыг тарааж улс төрд түйрэн тавихыг хүссэн чадаагүй. Үнэндээ Х.Баттулгын дахин зургаан жил Төрийн тэргүүн болох мөрөөдлийг нь санаатай, санамсаргүй хоёрын дунд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр үгүй хийсэн "хэргийн эзэн хэнгэргийн дохиур" нь З.Энхболд.
У.Хүрэлсүхийн улс төрийн гэнэтийн мэхийг тооцоолоогүй самбо бөхийн дэлхийн аварга маань байгаа оноогүй сумаа тавьснаас хөрөнгө мөнгө, хамаг юмаараа “шатаж”, МАН-ынханд импичмент хийлгүүлж, хөөгдөх дээрээ ч тулсан.
ХИЛИЙН ЦААДАХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО
Токиод айлчилсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд япончууд хөөрхөн гөлөг бэлэглэсэн. Гээд аяны богцондоо гөлөгнөөс өөр юмгүй ирсэн Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайдын хувиар хийсэн анхны гадаад айлчлал багагүй шүүмжлэл дагуулж байна. Тэрбээр Токиод санал солилцох төдий уулзалт хийсэн нь ядаж л өмнөх Ерөнхий сайдууд яваад ирэхдээ санамж бичиг зурдаг байсан гадаад харилцааны уламжлалтай харьцуулбал доошоо орсон айлчлал боллоо гэж дүгнэгдэж буй юм.
Улс орон нь цар тахалтай, экспорт импорт нь гацчихаад байхад Ерөнхий сайд нь олимпийн наадмыг зорьсон нь улс төрийн зорилготой байсан гэх яриа МАН-ын цагаан байрнаас сэвэгдэж буй. Өөрөөр хэлбэл, Токиод Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай нууцаар уулзсан тухай.
Х.Баттулга АН-ын тамгыг авч өгөхийг Ерөнхий сайдаас гуйсан болохыг “хөх шувуу”-д жиргэж байна. Хариуд нь М.Энхболд, С.Батболд нарын эсрэг хамтрах саналтай байгаагаа хэлжээ. Мэдээж, овоо босгоогүй бол шагшрах шаазгай олдохгүй. Хэрэвзээ улс төрийн хүрээнд “тэнэж” буй энэ мэт хов жив үнэн бол Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын хоршил МАН, АН-ыг авахаар шийдсэн бололтой. Ерөнхий сайд өнгөрсөн хавар зуу хоногийнхоо тайлангийн үеэр Х.Баттулгатай сайн харилцаатай болохоо нуугаагүй бөгөөд тэднийг холбох гүүр нь “Херо” болж харагдаж, хардагдаж байна.
Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн гол дайсан нь М.Энхболд, С.Батболд гэхээсээ нам дотроо УИХ-ын дарга Г.Занданшатарыг улс төрийн хүрээнийнхэн заацгааж буй юм.
Өнгөрсөн долоо хоногт болсон НАМЗХ-ны хурлаар Ерөнхий сайдын томилгооны санал дэмжлэг авалгүй унасан нь намын жинхэнэ даргын төлөөх ил, далд тэмцэл МАН-ын "пентхауст" аль эртнээс эхэлсний нэг илрэл. Ямар ч байсан УИХ-ын даргын зөвлөх өдөр шөнөгүй засгийн сайд нарыг олон нийтийн сүлжээнд нүддэг, шүүмжилдэг болсон нь цаанаа улс төрийн зорилгогүй гэвэл ёстой гэнэн хүүхдийн дүгнэлт болно. Нөгөө талаар Х.Баттулгатай гар барьвал МАН-ын ах нарынхаа дэмжлэгийг Л.Оюун-Эрдэнэ алдаж магадгүй юм. Женко Баттулгад дургүй хүн МАН-д Ч.Хүрэлбаатар, С.Батболд, М.Энхболд, Л.Энх-Амгалан гээд цөөнгүй бий.
МИХАИЛД НЭГ БОДОЛ БАЙГАА
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй болсондоо одоо ч шаралхаж яваа. МАН-ыг тараах захирамж гаргаж байсан тэрбээр Монголын улс төрөөс тийм ч амархан явчихгүй болов уу. Түүнд эргэн ирэх сайхан шалтаг бий болсон нь Токиогийн олимп. Жүдогийн тамирчдын амжилтаар нэр нүүрээ хийгээд АН-ыг авах нь түүний өдрийн бодол шөнийн зүүд гэхэд дэгсдэхгүй.
Х.Баттулгын ном уншдаггүй, хууль бичиг тоодоггүй сул талыг ашиглаж МАН-ынхан дахин нэр дэвших боломжгүй болгон, Үндсэн хуулийг өөрийнх нь гараар ёсчилон батлуулж Монголын улс төрөөс зайлуулсан ч тэрбээр МАН-аас салж явахгүй нь бололтой. Ямар ч байсан өнгөрсөн хугацаанд Х.Баттулгын хамаг хар, цагаан пиарыг хийсэн түүний хуурай дүү Б.Баатар төрсөн дүүгийнхээ пиарыг хариуцаж буй хэнд ч ойлгомжтой харагдаж буй.
Б.Баатар өөрөө ч МАН-тай хамтарч байгаа ч Х.Баттулгаас урваагүй болохоо сэтгүүлчийн асуултад хариулсан байдаг.
“Карантин 14”, “Мэдээллийн урсгал”, наадмын кино концерт гээд Засгийн пиар болгоны ард Б.Баатар нэр дуулдаж буй.Тиймээс ах дүү хоёрын "ашиг сонирхол"-ыг илтэд буруутгаж, дургүйцэх хүн МАН-ын цагаан байранд олон байгаа бололтой. Түүнчлэн ялсан монголчууд сүүлийн үед Ерөнхий сайдыг “магтах” ажилтай болсноос харахад У.Хүрэлсүхийг дэвшүүлэн зайлуулаад Х.Баттулга МАН-ын шинэ даргатай нэгдэж АН-ыг авах төлөвлөгөө боловсруулж яваа бололтой. Тэрбээр нөхөн сонгуульд биш намдаа хүч, хөрөнгө хаяхаар шийдсэн, гэхдээ АН-ыг С.Эрдэнээс авч чадахгүй бол Ногоон намыг дарга болж 2024 оны сонгуульд бэлтгэх бодолтой яваа гэх. Х.Баттулгын хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид өрсөлдөх эрх нь хязгаарлагдсан ч Ерөнхий сайд болохгүй гэх газаргүй.
Гээд Токиогийн олимпийг ашиглаад унасан нэр хүндээ овоо сэргээж авсан Х.Баттулгын хувьд цаашдаа Л.Оюун-Эрдэнийн сайн хамтрагч гэхээсээ гол өрсөлдөгч болж магадгүй юм. Учир нь, улс төрд үүрдийн дайсан ба нөхөр гэж үгүй!
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ