Мьянмарын арми хоёр жилийн дараа сонгууль явуулна

Хуучирсан мэдээ: 2021.08.02-нд нийтлэгдсэн

Мьянмарын арми хоёр жилийн дараа сонгууль явуулна

Мьянмарын арми хоёр жилийн дараа сонгууль явуулна

Мьянмар улсад 2020 оны арваннэгдүгээр сард зохион байгуулсан парламентийн сонгуулиар Аун Сан Су Чигийн тэргүүлсэн  Арчиллын төлөөх үндэсний лиг нам 1117 суудлаас 920 суудлыг авснаар үнэмлэхүй ялалт байгуулж байв. Гэвч тус улсын цэргийн эрх мэдэлтнүүд зургаан сар орчмын өмнө тус засгийн газрыг хүчээр буулгаж, өөрсдийн эрх мэдлийг тогтоосон.  Тэгвэл Мьянмарын зэвсэгт хүчний ерөнхий командлагч, ахлах генерал Мин Аун Хлаин өөрийгөө тус улсын ерөнхий сайдаар зарлаж, хоёр жилийн дараа сонгууль болох хүртэл улс орныг удирдана гэж мэдэгдлээ.

Тэрбээр телевизээр дамжуулан хэлсэн үгэндээ “Бид юуны өмнө чөлөөт, шударга бүх нийтийн сонгууль явуулах нөхцлийг бүрдүүлэх ёстой. Тиймээс бидэнд бэлтгэл хэрэгтэй байгаа бөгөөд сонгууль яг цагтаа болохыг амлаж байна” гэжээ.

Түүнчлэн тус улсад тогтоосон онц байдлыг 2023 оны наймдугаар сар хүртэл сунгасан байна.  Тэр хүртэл өөрсдийнх нь нэрлэснээр “түр засгийн газар”-ыг байгуулах аж.

Тус улсын армийн удирдагчид Аун Сан Су Чиг асар их луйвраар үнэмлэхүй ялалт байгууллаа гэж үзэн өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд суудлаас нь буулгасан ч үүнийг нотолж чадаагүй. Ийнхүү тухайн үед тогтоосон онц байдал хоёр жил үргэлжлэхээр боллоо.

Цэргийн засгийн газар өнгөрсөн Мягмар гаригт /7.27/ сонгуулийн дүнг албан ёсоор хүчингүй болгож, санал тоолох сонгуулийн хороог шинээр томилжээ. Засгийн эрхийг булаасан цэргийн эрхтнүүд олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан. Жагсагчид руу цагдаа, цэргийн хүчнийхэн шууд гал нээж байв. Улс төрийн хоригдлуудад туслах бие даасан нийгэмлэгээс гаргасан мэдээллээр өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс хойш эрх баригчдын гарт нийт 939 хүн амиа алджээ. Хотын дүүргүүд болон орон нутгуудад зэвсэгт тэмцэл нэмэгдэхийн хэрээр цагдаа, цэргийн хүчнийхэн ч мөн хохирол амсах нь ихэссэн байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Жакарта хотод болсон дээд хэмжээний уулзалтаар Зүүн Өмнөд Азийн үндэстнүүдийн холбооноос цэргийн засгийн газар болон босогчдын хооронд зуучлах үүрэгтэй тусгай элч томилох тухай саналыг тавьж байв. Гурван нэр дэвшигчийн дотроос Тайландын гадаад хэргийн дэд сайд асан Вирасакди Футракул элчээр сонгогдсон боловч тодорхой үр дүнд хүрээгүй аж. Мин Аун Хлаин энэ талаар “Вирасакди Футракул янз бүрийн шалтгаанаар олон хүсэлт тавих болсон тул бид үргэлжлүүлэн харилцах боломжгүй болсон. Гэвч бид Мьянмарт АСЕАН-ы тусгай элч байрлуулах асуудлаар АСЕАН-тай хамтарч ажиллахад бэлэн” гэв.

АСЕАН-ы орнуудын гадаад хэргийн сайд нар энэ долоо хоногт цахим уулзалт зохион байгуулах үеэрээ Мьянмарын асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Мьянмар улс мөн цар тахлын хүнд нөхцөл байдалтай тулгараад байгаа. Тодруулбал, хүчилтөрөгчийн нийлүүлэлт хязгаарлагдсанаас эмнэлэгийн тусламж зөвхөн засгийн газрын дэмжигч болон цэргийн харьяа эмнэлгүүдэд төвлөрч байна гэх хардлагыг төрүүлжээ. Түүнээс гадна иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөнөөс төрийн албан хаагчдыг цэргийн засгийн газартай хамтарч ажиллахгүй байхыг уриалсны дараагаас эмнэлгийн ажилтнууд эрх баригчдын дарамт шахалтад өртөх болжээ.

Мин Аун Хлаин олон нийтэд хандан нийгмийн сүлжээгээр цацагдаж буй худал мэдээлэлд авталгүй засгийн газрын үйл ажиллагаанд итгэхийг уриалжээ. Тэрбээр хэсэг бүлэг хүмүүс “Covid-19”-ийг биотерроризмын зэвсэг болгон ашиглаж байна хэмээн буруутгасан байна.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж