“Эрдэнэт" үйлдвэрийн хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.Дэлгэрбаярыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Түүний оронд нь МАН-ын Нарийн бичгийн дарга асан Ц.Бат-Энхийг томилж, тэрбээр өнөөдөр (2021.08.02) ажлаа хүлээн авчээ.
Хуулийн дагуу "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн уг шийдвэрийг гаргахын тулд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай зөвшилцөх учиртай. Тэгвэл өнгөрсөн Баасан гаригт "Эрдэнэт үйлдвэр"-ийн хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирлаар Ц.Бат-Энхийг томилохыг ТӨБЗГ хүлээн зөвшөөрч тус түүнийг уг албан тушаалд томилжээ.
Ц.Бат-Энх нь нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дэд дарга, Зам, тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, "Эрдэнэт"үйлдвэрийн Ерөнхий захирлын орлогч, МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай.
Тэрбээр 2020 онд БНСУ-аас Японоор дамжин эх орондоо ирэхдээ Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу тодорхой хугацаагаар тусгаарлан, үзлэг шинжилгээ хийж, халдвар авсан эсэхийг тогтоох шийдвэрийг эсэргүүцсэн нь иргэдийн шүүмжлэлд өртөж байв. Энэ асуудал намын даргын түвшинд хүрч, МАН-ын генсек Д.Амарбаясгалан УОК-ын шийдвэрийг эсэргүүцсэн гэдэг үндэслэлээр нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж байсан удаатай. Мөн үүнээсээ болоод Орхон аймгаас УИХ-д нэр дэвших боломжоо алдсан гэлцдэг.
Холбоотой мэдээ