ШӨХТГ-аас саяхан нефть импортын 24 компанийг чанарын шаардлага хангахгүй бензин нийлүүлсэн гэж буруутган тус бүр нь 9 сая төгрөгөөр торгосон.
Бензиний чанарыг үндсэндээ АМГТГ-ын лаборатори болон ИНЕГ-ын лабораторид шатахуунаас дээж авч, шинжилгээ хийдэг ажээ. Сүүлд АИ-92 авто бензинээс 30 дээж, дизелийн түлшнээс 42 дээж, АИ-98-аас хоёр дээж авч шинжлүүлж хариуг нь мэдээлэхдээ чухам аль дээжийг ИНЕГ, алийг нь АМГТГ хийснийг ялгаж салгаагүй. Хоёр өөр лабораторийн хариу зөрөх тохиолдол байдаг бөгөөд аргачлалын болон багажны хүлцэх алдааг нарийн дурдаагүй. Улмаар Евро-2-оос дээж аваад Евро-5 стандартаар шинжилсэн байж болзошгүй ажээ. ШӨХТГ МХЕГ-ын дүгнэлтэд үндэслэж шийдвэрээ гаргасан гэнэ. Харьцуулахад Евро-5 шатахууны хүхрийн хэмжээ 10ppm байдаг бол харин Евро-2-ынх 500ppm байдаг. Бидний импортоор авдаг шатахууны 85 хувь нь Евро-2 шатахуун байгаа нь үнэ хүчээр барьсны сөрөг тал гэж албаны хүмүүс байр суурь илэрхийлсэн юм.
Уг нь манайхан Оросоос яг л тэр чигээр нь хүлээж авч байгаа бүтээгдэхүүнийг чанарын шаардлага хангаагүй талаар мэдээлэл гарсан нь Оросын талд ч хүрсэн байгаа. Оросууд ерөнхийдөө эрэлтээ хангаж дийлэхгүй, крантаа хаах шалтаг хайж байхад манай зүгээс ирсэн шатахууныг нь шинжилгээнд тэнцээгүй талаар мэдээлж, төрийн албан тушаалтнууд мэдэгдэл гаргасан нь даарин дээр давс нэмсэн явдал болж, есдүгээр сарын 1 хүртэл оросууд А-98 А-95 өгөхөө больсон байж магадгүй юм.
Хэдийгээр шатахууны үнэ өсөх нь хэний ч хүсэхгүй зүйл боловч ямар нэгэн улс төрийн оноо авах гэсэн, популист үйлдлээс болж шатахуун бүрмөсөн тасарвал түүнээс илүү гамшиг тохионо гэж зарим иргэд ярьж байна.
Холбоотой мэдээ