Монголын тамирчин Э.Цэндбаатар өчигдөр Оросын тамирчинд шүүгчдийн оноогоор ялагдаж, тун харамсалтай зүйл болов. Тэрбээр эхний хоёр үе өрсөлдөгчөө оноогоор ялж, гуравдугаар үед оноогоо хамгаалах гэж хичээсэн боловч буруудан, шүүгчид Орос тамирчны талд ялалт өгсөн. Үүнийг эсэргүүцсэн Монголын үндэсний олимпийн хорооны албаныхан гомдол гаргаж, үүнийг зохион байгуулагчид хянан хэлэлцээд Орос тамирчны ялалтыг хэвээр үлдээж, алдаатай шүүсэн Кубын шүүгчийг цаашид олимпод ажиллуулахгүй байхаар болсон гэнэ.
"AIBA" буюу Олон улсын сонирхогчийн боксын холбоо луйвраараа алдартай. 2016 оны Риогийн олимпийн боксын тэмцээний үеэр луйвар, булхай дагуулсан олон шүүлт гарсан. Та бүхэн санаж байгаа бол гавъяат тамирчин Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө Францын тамирчинг илт давуу ялсан ч тулааны эцэст шүүгчдийн оноогоор ялагдаж байсан түүхтэй.
2016 оны олимпийн үеэр Ирландын боксчин Майкл Конлан Оросын тамирчин Владимир Никитинийг илт давуу илүүрхсэн боловч шүүгчид Орос тамирчинд ялалтыг өгсөн. Үүнийг эсэргүүцсэн Майкл Конлан шүүгчид рүү дунд хуруугаа гаргаж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Удалгүй олимпийн дараа Майкл Конлан мэргэжлийн бокст хөл тавьж буйгаа зарласан.
"AIBA"-ийн булхайтай, шударга бус шүүлтүүд сонирхогчийн боксын тамирчдыг мэргэжил рүү орох гол шалтгаан болдог.
Риогийн олимпийн дараа "AIBA" тус олимпийг шүүсэн 36 шүүгчийнхээ бүгдийнх нь эрхийг хассан. Мөн мөрдлөгийн ажлыг эхлүүлсэн. Улс орнуудын зүгээс ч "AIBA"-ийг буруутгаж, авлигал, хээл хахуульд идэгдсэн, шударга бус байгууллага хэмээн зарлаж, Олон улсын олимпийн хороонд шахалт өгч эхэлсэн. Олон улсын олимпийн хорооны албаны хүмүүс ч хоёр талт мэдэгдлийг хийсэн. Нэг хэсэг нь олимпийн боксын тэмцээнийг "AIBA" бус өөрсдөө зохион байгуулах саналтайгаа илэрхийлж байсан бол нөгөө хэсэг нь 2024 оны Парисын олимпийн хөтөлбөрөөс боксыг хасах саналтай байсан.
2019 онд Олон улсын олимпийн хороо шийдвэр гаргаж, өөрсдийн шүүгчдийн бүрэлдэхүүнээ Токиод ажиллуулна гэж мэдэгдсэн. Гэвч эдгээр шүүгчдийн ихэнх нь өнөөх л "AIBA"-ийн гишүүнчлэлтэй шүүгчид байв.
Байдал эвгүйтсэнийг мэдсэн "AIBA"-ийн зүгээс өнгөрсөн 2020 онд шинэ ерөнхийлөгчөө сонгохоор шийдэж, сонгууль явуулахад Оросын иргэн Умар Кремлев олонхын саналаар ялсан. Умар Кремлев сонгогдсоныхоо дараа хэлэхдээ “AIBA-г сэргээн босгох зам амар биш. Ганц шөнийн дотор шийдчихгүй. Бид нэгдэж, нэг үүрэг даалгавартай, нэг зорилготой ажиллах хэрэгтэй. Дэлхийн спортын хүмүүсийн AIBA-д итгэх итгэлийг сэргээж, "AIBA"-ийн олимпийн статусыг сэргээх нь гол” хэмээж байв.
"AIBA"-ийн өмнөх ерөнхийлөгч Узбекистаны Гафур Рахимов нь зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхины хэрэгт орооцолдож байв.
Умар Кремлев Олон улсын олимпийн хороонд өгсөн амлалтандаа 3-4 сарын дотор бүхий л асуудлыг зохицуулна гэж хэлсэн. Хэлсэн ёсоороо ч асуудлаа цэгцэлж, холбооныхоо өр болох 16 сая ам.долларыг төлж, ивээн тэтгэгчдийг татаж эхэлсэн. Гэвч харамсалтай нь, Токио 2020 олимпийн наадмын боксын тэмцээн хэл ам дагуулж эхэллээ.
Өчигдөр МУГТ Э.Цэндбаатараас гадна Францын боксчин Мурад Алиев шүүгчдийн саналыг эсэргүүцэн 30 орчим минут рингэнээс буугаагүй. Түүнийг толгойгоороо Их Британийн тамирчныг мөргөсөн хэмээн үзэж, тулаан дуусаагүй байхад шүүгчийн шийдвэрээр хассан юм.
Олимпийн боксын тэмцээн энэ мэтчилэн хэл ам дагуулж, шударга бус шийдвэр гаргаад байвал ирэх 2024 оны Парисын олимпод бокс хэмээх спорт багтахгүй байх аюултай.
Холбоотой мэдээ