АНУ цэргээ Афганистанаас гаргаснаар Талибан идэвхжив

Хуучирсан мэдээ: 2021.08.02-нд нийтлэгдсэн

АНУ цэргээ Афганистанаас гаргаснаар Талибан идэвхжив

АНУ цэргээ Афганистанаас гаргаснаар Талибан идэвхжив

Афганистан улсын Херат, Лашкар Гах, Кандахар хотуудад өчигдөр засгийн газрын цэргүүд болон “Талибан” бүлэглэлийн хооронд зэвсэгт мөргөлдөөн гарчээ. АНУ-ын талаас ирэх есдүгээр сар гэхэд тус улсад байршуулсан цэргүүдийг бүрэн татна гэж мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлээс хойш тус зэвсэгт бүлэглэл орон нутгуудад ээлж дараалан хяналтаа тогтоож буй юм. Одоогийн байдлаар тэд Афганистаны нийт нутаг дэвсгэрийн тал орчмыг, тэр дундаа Иран, Пакистантай хиллэдэг хилийн чухал зурвасыг эзлээд байгаа билээ. Ийнхүү орон нутгуудад эрх мэдлээ тогтоосон тус бүлэглэл энэ удаа томоохон хотууд руу дайрч эхэллээ.

Тухайлбал, Лашкар Гах хотод өчигдөр буун дуу тачигнаж, мөргөлдөөн улам бүр ширүүсчээ. Зэвсэгт этгээдүүд мужийн захирагчийн байр руу хэдэн зуун метрийн зайтай дөхөж ирсэн ч олон цаг үргэлжилсэн буудалцааны эцэст ухраасан байна. Афганистан, АНУ-ын нисэх хүчин хамтран “Талибан” бүлэглэлийн байрлалыг агаараас цохиж, хэдэн арван зэвсэгт этгээдийг устгасан аж. Тус хотын оршин суугч Халим Карими “France-Presse”-д энэ талаар мэдээлэхдээ “Талибан бүлэглэл бидэнд энэрлээ хайрлахгүй нь бололтой. Засгийн газрын цэргүүд ч бөмбөг хаясаар байна” гэжээ. Мөргөлдөөн үүссэн хотуудын нөхцөл байдал, олон улсын байр суурь болон бусад асуудлын талаар Их Британийн сэтгүүлч Секундер Кермани тойм бэлтгэснийг хүргье.

ЛАШКАР ГАХ

 Орон нутгууд руу давшилт хийж байсан талибанчууд энэ удаа Афганистаны хотуудыг овоо хараандаа авлаа. АНУ, Их Британийн цөөнгүй цэрэг амь эрсдээд буй Хелманд мужийн төв Лашкар Гах хотод байдал тогтворгүй байна. Талибаныг дэмжигч нийгмийн сүлжээнд тус хотын төвд байрлалаа эзэлсэн байлдагчдын бичлэг тавигдсан. Тэднийг цохихоор Афганистаны тусгай хүчнийхнийг илгээсэн ч хотын нэгэн оршин суугчийн хэлж буйгаар Талибан бүлэглэлийн давшилт хүч чадлыг нь бүрэн илтгэж байна гэв.

КАНДАХАР

Талибанууд өчигдөр Кандахар нисэх буудал руу пуужин харвасны улмаас нислэгийн зурваст эвдрэл гарч нислэгүүдийг зогсоожээ. Кандахарын нэг депутат Гул Ахмад Камин өнгөрсөн Бямба гаригт “ВВС” агентлагт өгсөн ярилцлагадаа “Хотын хэдэн арван мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд хот бүхэлдээ “Талибан” бүлэглэлийн мэдэлд шилжих эрсдэлтэй байна” гэжээ. Түүний хэлснээр талибанчууд Кандахар хотыг өөрсдийн төв байр буюу түр нийслэл болгохоор зорьж байгаа төдийгүй хэрэв энэ хотыг алдвал цаашид таваас зургаан мужийг алдахад хүрэх аж. “Талибан” бүлэглэл хотын хэд хэдэн цэгт байрласан бөгөөд хот руу бүрэн нэвтрэх аваас энгийн иргэдтэй холилдож тэдний эсрэг хүнд зэр зэвсэг хэрэглэх боломжгүй болно гэв.

ХЕРАТ

Афганистаны эдийн засгийн төв Херат хот руу Ням гаригт тусгай албадыг илгээсэн бөгөөд байдал илүү тогтвортой байгаа аж. Хотын гадна байрлаж буй зэвсэгт этгээдүүд рүү агаараас цохилт өгсөн байна. Афганистаны цэргүүд ахмад дайчин Исмаил Ханы заавраар тулалдаж байгаа бөгөөд “Талибан”-ы эсрэг үзэлтэн тэрбээр тэмцэлд энгийн иргэдийг хүртэл дайчилжээ.

“ИСЛАМЫН ЭМИРАТ”

Европын холбооны Афганистан дахь тусгай төлөөлөгч Томас Никлассон дайныг улам дордоно гэж үзэж байна. Түүний хувьд өдгөө хамгийн санаа зовоосон асуудал бол “Талибан” бүлэглэл өмнө нь  байгуулж байсан “Афганистаны Эмират” засгийн газраа дахин байгуулах вий гэдэг болгоомжлол аж. Мөн Их Британийн зэвсэгт хүчний дарга асан генерал Дэвид Ричардс “Олон улс цэргээ татаж авснаар хүч нь суларсан Афганистаны арми “Талибан”-д боломж олгох талтай. Улмаар терроризмын аюул дэлхий нийтэд нүүрлэж болзошгүй” гэжээ. Харин хүмүүнлэгийн байгууллагуудын зүгээс мөргөлдөөн үүссэнтэй холбоотойгоор ирэх саруудад хоол хүнс, ундны усны гачигдал үүсч, нүүлгэн шилжүүлсэн иргэдийг бөөнөөр төвлөрүүлэх эрсдэл үүсч болохыг анхааруулжээ.

ТҮҮХИЙГ СӨХВӨӨС

2001 оны арванэгдүгээр сард АНУ-ын арми, НАТО болон бусад холбоотнууд Афганистаны тухайн үеийн засгийн газрыг бүрдүүлж байсан талибанчуудаас эрх мэдлийг нь булаан авч байв. Учир нь тус бүлэглэлийг 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулсан “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч Осама бен Ладен болон бусад гишүүдийг орогнуулж байна гэж буруутгасан юм. Ийнхүү Афганистаны шинэ газрыг байгуулахад олон улсаас хэдэн тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлж, олон ч сургалт зохион байгуулж байсан ч “Талибан” бүлэглэл эргэн хүчээ авч чаджээ.

2020 оны хоёрдугаар сард тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч байсан Дональд Трамп болон бусад холбоотнууд талибанчуудтай Афганистанаас цэргийн хүчээ татах тухай гэрээ байгуулах тохиролцоонд хүрсэн юм. Харин энэ онд тус улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Жо Байден уг ажиллагааг ирэх есдүгээр сар гэхэд гүйцэтгэж дуусна гэж мэдэгдсэн билээ.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: BBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж