Дугаарын сурвалжлага: Хүнсний ногоо элбэг ч үнэ нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.08.02-нд нийтлэгдсэн

Дугаарын сурвалжлага: Хүнсний ногоо элбэг ч үнэ нэмэгджээ

Дугаарын сурвалжлага: Хүнсний ногоо элбэг ч үнэ нэмэгджээ

Жил бүрийн өдийд шинэ ургацын ногоо худалдаанд гарч, нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээг хангаж эхэлдэг. Энэ жил хүнсний ногооны үнэ ханш ямар байгааг сурвалжлахаар "Барс” захаар ороход  хөл хөдөлгөөн харьцангуй багатай байв. Иргэдийн худалдан авалт муу байгаа нь илт. Тус зах хаах дөхсөн учраас ногооны худалдагчид “Дуртай ногоогоо 50, 100 төгрөг хямдруулаад аваарай” гэсээр угтсан юм.

Лангуун дээр лууван, байцаа, төмснөөс гадна өргөст хэмх, улаан лооль, бууцай, хулуу, гоньд зэрэг нарийн ногоо өнгө алаглан харагдана. "Барс”захад ихэвчлэн Төв аймгийн Жаргалант сумын ногоо худалдаалагдаж байна. Энд шинэ ургацын монгол лууван нэг килограмм /кг/  нь 5000 төгрөг, хуучин нь 45000 төгрөг. Шинэ ургацын  монгол төмс  нэг кг нь 1500 төгрөг, хуучин нь 900 төгрөг, байцаа нэг кг нь 2500, сонгино нэг кг нь 3000 төгрөгөөр тус, тус зарагдаж байв.

Ногооны тасгаар явж буй хүмүүс “Ямар үнэтэй юм бэ”, “Хэзээ ийм үнэтэй болчихов”, “Саяхан л тэд гэж байсан биз дээ” гэх мэтээр уулга алдсаар аргагүйн эрхэнд хоногийн хоолны ногоогоо авч байгаа харагдана.  Харин худалдагч нар “Үнэтэй гэж байгаа бол хятад хуучин ургацын ногоо авч болно шүү дээ” гэх нь сонсогдоно.

Нийслэлийн Статистикийн газрын долдугаар сарын 28-ний өдрийн үнийн судалгаагаар “Барс захад” монгол төмс  нэг кг нь 900 төгрөг, монгол лууван 3000 төгрөг, байцаа 3500 төгрөг, манжин 3000 төгрөг, сонгино 3000 төгрөгөөр худалдаалагдаж байгааг онцолжээ. Ийнхүү дөрвөн өдрийн дотор луувангийн үнэ 2000 төгрөгөөр  өссөнийг худалдагчид “Шинэ ургац болон хуучин ургац хоорондын зөрүү гарч байна. Учир нь зах, лангуугаар зарж байгаа шинэ ургацын ногоо бол  түүвэрлэж хураасан, эрт ургацын ногоо. Аяаандаа элбэгшихээр үнэ нь буурна. Гэхдээ одоогоор хүнсний ногооны үнэ тогтворжих арай болоогүй байна.  Шатахууны үнэ нэмэгдсэн учраас цаашид ч ногооны үнэ өсөх хандлагатай байна” гэлээ.  

Наймдугаар сард ОХУ импортоор АИ-95 шатахууныг нийлүүлж чадахгүй  гэдгийг сонссон  нэр бүхий шатахуун түгээх станцууд өнгөрсөн Баасан гаригаас  эхлэн  300 төгрөгөөр үнээ нэмж АИ-92, 95 шатахуун  2050 төгрөгт хүрээд буй. Татварын өөрчлөлт, шатахууны үнийн өсөлт, валютын ханш жаахан чангарахыг анаж байсан юм шиг бараа, бүтээгдэхүүний үнээ нэмчихдэг наймаачид  цаашид ч үнээ нэмэх нь тодорхой.  Гэвч төмс, хүнсний ногооны зах зээл импорт болон ченжийн халаасанд бүхэлдээ багтсан учир үнийг тэд л зохицуулна.

Нөгөө талаар,  “Барс”-ын наймаачид луувангаа Урд хөршөөс оруулж ирдэг бөгөөд ачаа тээврийн үнийн хөөрөгдлөөс болж нийлүүлэлт багасч зохиомол хомсдол үүссэн гэх мэдээлэл байгаа юм.

БИД ХЯТАД НОГОО ЗАРДАГГҮЙ

Харин орон нутгаас ирсэн ногоочид “Барс” хүнсний захын хойд талд орших авто зам дагуух байруудын дунд шинэ ногоо худалдаалж байна. Шуудайтай ногоог эгнүүлэн тавьсан байхын зэрэгцээ цаасан хайрцаг, хөөсөнцөр дээр мөн дэлгэн тавьжээ. Энд лууван, байцаа, төмснөөс гадна өргөст хэмх, улаан лооль, салатны навч, вандуй, бууцай, хулуу, гоньд гээд нарийн ногоо хүртэл байна. Ногоочдын дийлэнх нь Төв аймгийн Жаргалант сум, Сэлэнгийн Зүүнхараагаас иржээ. Энд шинэ ургацын лууван нэг кг нь 5000 төгрөг,  төмс 1300 төгрөг,  байцаа 1500 төгрөг, манжин 3000 төгрөг,  сонгино 2500 төгрөгөөр тус, тус зарагдаж байна.

Өнөө жил шинэ ногооны үзэсгэлэн худалдаа болох эсэх, тэдэнд бүтээгдэхүүнээ борлуулах лангуу, түрээсийн газраар хангах эсэх тодорхойгүй тул  шинэ ургацын ногоогоо зөвшөөрөлгүй газар борлуулж эхэлжээ. Аль нэг дэлгүүр, захад очоод монгол ногоогоо худалдаалах гэхээр лангууных нь үнэ хөлсийг дийлдэггүй. Иймээс цагдаа нарт хөөгдөн туугдан ногоогоо борлуулахаас өөр аргагүй  байгаа хэмээн тэд ярилаа. 

Худалдагч А.Сарантуяа “Олон жил монгол ногоогоо зарж байна үүгээрээ л хоолоо олж идэж байна шүү дээ.  Бид хятад ногоо зардаггүй. Нийслэлийн захынхан биднээс ирж ногоогоо авч үнэ нэмж зардаг. Гэвч энэ жил худалдан авалт үнэхээр муу байна. Авчирсан ногоогоо 2-3 хоног зарж байна. Захын худалдагч өмнө нь арван шуудай төмс авдаг байсан бол гүйлгээ муу байгаа учраас одоо  3-4 шуудай л авдаг болсон. Бидний дунд нэг шуудай төмсийг 2-3 хоног зарж байгаа хүмүүс ч бий. Шатахууны үнэ өнөөдөр ахиад нэмэгдсэн учраас ногооны үнэ ч мөн нэмэгдэнэ.  Бид нэг тонн ногоог том жижиг машинаас хамаарч үнийг нь тогтоодог. Өнгөрсөн хугацаанд халдвар  гарснаас хойш ногоо тээвэрлэхэд асуудал үүссэн.

Хөл хорио тогтоосноос болж ногоо тээвэрлэлтийн хугацаа алдсан. Тогтсон цагтаа ирж чадахгүй байгаа учраас ногооны үнэ өссөн. Нөгөөтэйгүүр замаас шалтгаалж байна. Зам сайхан бол тээвэр хийхэд амар шүү дээ. Шинэ ургацын ногооны үнэ өмнөх жилийнхээс 300-500 төгрөгөөр өссөн.  Нарийн ногоо 500-1000 төгрөгөөр нэмэгдсэн. Уг нь бид аль болох хамгийн хямдаар зарахыг эрмэлздэг. Энэ жил төмсөө ч  тарьж чадаагүй хүмүүс байна. Тавдугаар сард тарьдаг гэтэл яг тэр үед хөл хорио тавиад зам хаачихсан байсан. Монголчууд бүх төрлийн ногоог тарьж чадна.  Үүнийг  дэмжээд монгол ногоогоо зарж байгаа худалдаачдаа ажлын байраар нь дэмжих хэрэгтэй” гэдгийг онцоллоо. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ногооны үнэд манайх хяналт тавьдаггүй. Тиймээс ногооны үнэ зах зээлийн ханшаа дагана. Нийлүүлэлт их байх тусам ногооны үнэ хямд байдаг гэдэг тайлбар хийж буй. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж