"Эх орончид" чимээгүй байх нь сүртэй бөгөөд тустай!

Хуучирсан мэдээ: 2021.08.02-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

"Эх орончид" чимээгүй байх нь сүртэй бөгөөд тустай!

"Эх орончид" чимээгүй байх нь сүртэй бөгөөд тустай!

Тэнэг хүний дуугүй нь сүртэй гэж үгтэй. Сүртэйгээс гадна өөрт нь ч, өрөөлд ч тустай байдаг.

ШӨХТГ-ын шийдвэрээр махны ил задгай худалдааг өчигдрөөс хориглохоор болсон нь олимптой зэрэгцэн олон нийтийн сүлжээнд багагүй маргаан тарив. Товчхондоо, ШӨХТГ-ын даргын энэхүү шийдвэр хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахаас илүү ард нь  хэн нэгэн эрх мэдэлтний ашиг сонирхол явж байх магадлал өндөр. Иргэнийхээ эрх ашгаас эрх мэдэлтний эрх ашгийг нэгд тавьдаг бичигдээгүй хуультай улс шүү дээ бид. Махны ил задгай худалдааг хориглосноор махны үнэ өснө. Төрийн авлига, хүнд суртал нэмэгдэнэ.  Шалгадаг, дарамталдаг, цавчдаг хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Манай эрх мэдэлтнүүдийн махны үйлдвэрүүд дампуурах дээрээ тулчихсан бололтой, иргэдийнээ амьжиргааг, ашиг орлогыг нь булаацалдахыг бодвол шүү дээ.

Эрх мэдэлтнүүдийн энтертаймент ихсэх тусам энгийн иргэд хохирогчид болдог. Үүний хамгийн том жишээ нь Монгол ялна. Харамсалтай нь, дөрвөн жилийн өмнө ийм уриатайгаар ялалт байгуулж Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Х.Баттулга өөрөө ч Монгол ялсанд гэдэгт итгэдэггүй.

ЯЛАГДСАН МОНГОЛ БА ЯЛСАН ОРОС

Токиогийн олимпийн наадамд медалийн төлөө тоглосон боксын тамирчин Э.Цэндбаатар өчигдөр /2021.08.01/ ОХУ-ын Алберт Батыргазиевтай тулалдаж, 3:2 харьцаатайгаар ялагдлаа. Шүүгч илт буруу шүүсэнд монголчууд бухимдаж, тулааны үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай   эсэргүүцэл гаргахаар болсоноо МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг жиргэв. Ядуу улсын тамирчны зовлон их.  Одоо яах гэхэв, орос ах гээд саймшраад Путиныг шүтээд байдаг хүмүүс тэдэндээ дээрэлхүүлж байх нь ёстой “тавилан” юм даа.

Монгол Улс эдийн засгийн асар их боломжоо алдсан. Экспортын төмөр замыг нэгэн сайн эр гацаахад л улсаараа өнөөдөр “хоолгүй хонох”-од хүрч байна. Хэрэвзээ Монгол Улс экспортын төмөр замаа тавьчихсан бол уул уурхайн бүтээгдэхүүний экпорт тэг зогсолт хийхгүй байв.

Одоогоос долоо найман жилийн өмнө төмөр замаар урд танк орж ирнэ гэдэгт монголчуудын дийлэнх нь итгэдэг байлаа. Гэвч, үнэндээ төмөр замаар урдаас танк биш хойноос вирус орж ирсэн. Хэрэвзээ төмөр замаар хятадууд танктай орж ирнэ гэсэн Х.Баттулгын үлгэрт итгээгүйсэн бол өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал өөр, ядаж л экспорт нь гацахгүй, Л.Оюун-Эрдэнийн засгийн газар цалин мөнгөө тавихдаа санаа зовохгүй байв.

Экспортын төмөр замын эсрэг Х.Баттулгын популизм бараг 11 жил үргэлжилж, Монгол Улс доод тал нь 10 тэрбум ам.долларын алдагдал хүлээв. Хэрэвзээ Гашуунсухайтын төмөр замыг барьсан бол “Эрдэнэс Тавантолгой” жилдээ 30 сая нүүрс экспортод гаргах боломжтой байсныг эдийн засагч Л.Наранбаатар дурддаг.

2021 оны эхний хагас жилд Монгол Улс  ердөө 12 сая тонн нүүрс экспортод гаргасан нь төмөр замгүйтэй шууд холбоотой. Гэтэл Монгол болон Австралийн экспорт буурсан нь ОХУ-д завшаан болж, тус улс  Азийн зах зээл дэх нүүрсний экспортоо нэмэгдүүлж, Монголыг шахах бодлого хэдийнэ барьж эхэлсэн.

Хойд хөршийн тэргүүн Якутаас Алс Дорнодын далайн боомт хүртэлх “Тында-Комсомольск-Ванино” чиглэлд 1000 гаруй километр төмөр зам шинээр барих төслийг хэрэгжүүлэхээ  өнгөрсөн хавар зарласан бөгөөд Якутаас коксжих нүүрсийг Хятад руу зөөх гол шугам болох гэнэ.

Харин Монголын нүүрсний гол шугам бол Гашуунсухайтын төмөр зам. Гэвч, уг төмөр замыг өргөн царигаар барьж байгаа. Тиймээс Хятадын нарийн царигтай төмөр замаар холбоход дахиад бөөн зардал, өртөг гарч таарах нь.  Х.Баттулгын “Бодлогын хувьд хойч үедээ хараалгахгүй гэж өргөн царигийг сонгосон” нь эдийн засагт ч, байгаль экологид ч хохиролтой. Харин ч жинхэнээсээ хойч үедээ хараалгах сонголт болсон байж мэднэ.

МУУ МЕНЕЖЕР

Нэг сарын дотор шатахууны үнэ 600 төгрөгөөр нэмэгдэж, дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөв. Төр өнгөрсөн хугацаанд шатахууны үнийн өсөлтийг хүчээр барьсны үр дүн энэ л дээ. Зах зээлийнхээ жамаар явж байсан бол үнэ огцом нэмэгдэж, инфляци хөөрөгдөхгүй байсан ч байх.

Монгол Улс шатахууныхаа 90 орчим хувийг ОХУ-аас, тэр тусмаа "Роснефть" компаниас авдаг. АМГТГ-ын орлогч Ц.Эрдэнэбаяр ОХУ-д шатахууны үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын Засгийн газраас АИ-95, АИ-98 авто бензиний экспортыг энэ оны 9 дүгээр сарын 1 хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор манай улс шатахууны нийлүүлэлт, нөөцийг бүрдүүлэх үүднээс АИ-95, АИ-98 шатахууныг БНХАУ-аас импортлохоор бэлтгэж байна" гээд гол нь дотооддоо шатахууны нөөцөө тасалдуулахгүй байх нь чухлыг сануулав.  Шатахууны импортын дийлэнх нь Оросоос нийлүүлдэг бол уул уурхайн бүтээгдэхүүнээ Хятад руу экспортолдог  Монголын хувьд популизм хийх нь улсаа хорлож байгаатай ялгаагүй. Жоомоо алах гээд гэрээ шатаачихаж болохгүйг ШӨХТГ-ын даргад сануулахад буруудахгүй ч биз. ШӨХТГ-аас шатахуун импортлогчдыг шалгаж, торгуулийн арга хэмжээ авахаар, цаашлаад тусгай зөвшөөрлийг нь цуцлахаар болсноо зарласны дараа Аи-95, 98 шатахууны импорт тэг зогсож, үнэ өссөн билээ.

Төрийн дарамт шахалт, авлига ихсэх тусам  эцсийн хэрэглэгчид хохирогч болж үлддэг.

Хэрэвзээ Б.Бат-Эрдэнэ тэнд ч махны худалдаанд оролцож, энд нь ТҮЦ-ийн худалдааг шалгаж, Ж.Батзандангийн хэлснээр энтертаймент хийгээд байвал үнэ улам л өснө гэсэн үг. Төр угаасаа муу менежер. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Замын-Үүдийн ариутгалын ногоон хаалга байна. Импортын жинхэнэ тээг нь тэр хаалганы ард нуугдсан муу менежерүүдийн авлига, хүнд суртал байсан нь тодорхой.

Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун гээд том популистуудын Монголд учруулсан хор хохирлыг нь тооцвол далай цаашаа. Тэдний хүссэнээр "Рио Тинто"-г хөөгөөд явуулчихсан бол Монгол Улс өдийд цалин, цавгаа яаж тавих байсан бол. Тэд мэдээж, халааснаасаа эмч, багш нарын цалинг өгөхгүй. Авчиг популистуудыг сонгох тусам хохирлыг нь бид халааснаасаа төлсөөр л байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж