Хоёр хүн автомашинтайгаа живжээ, олон хоногийн эрлийн ажил мухардлаа, завьт эргүүл цогцсыг нь олжээ, дөрвөн настай хүү хиймэл нууранд живжээ зэрэг гарчигтай мэдээлэл гарах нь элбэг харагдана. Зуны дэлгэр цагт агаар салхинд гарах иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр анхаарал болгоомжгүй байдлаас болж эндэх хүмүүсийн тоо түүнийг дагаж өсчээ. Онцгой байдлын алба хаагчид эрэн хайх, аврах ажиллагааг дуудлага мэдээллийг хүлээн авсан цагтай уралдаж зохион байгуулдаг ч гэнэтийн гамшигт өртсөн иргэдийг аврахад оройтсон байдаг аж.
Онцгой байдлын алба хаагчид эрсдэлд орсон иргэн бүрийн амь насыг аль болох аварч, хамгаалахыг хичээдэг. Гэвч эрэл мухардаж, тухайн иргэн амь насаа алдсан гэх мэдээг ар гэрийнхэнд нь дуулгаж, эрлийг зогсоох талаар хэлэхэд хүлээж авдаггүй гэдгийг Онцгой байдлын газрын алба хаагчид хэлж байв. Олон улсын жишгийг харвал хайхрамжгүйгээс болж хохирсон бол өөрөө нөхөн төлбөр тушаадаг.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бүртгэгдсэн мэдээллээс харвал зөвхөн усны ослоор 1123 хүн нас барсан байна. Тэдгээр хүмүүсийн 80 гаруй хувь нь архидан согтуурсан үедээ болгоомжгүйгээс амь насаа алджээ. Аврах ангийн бие бүрэлдэхүүн усанд осолдсон иргэнийг 3-10 хоногт эрэн хайж, эрэл мухардаж ар гэр нь зөвшөөрвөл авран хайх ажиллагааг зогсоодог аж. Гэхдээ ихэнх тохиолдолд ар гэрийнхэн нь эрлийг зогсоохыг зөвшөөрөхгүй, цогцсыг нь олж ирэхийг "шаарддаг" байна. Угтаа бол иргэд ухамсартай байж, гол усны ойролцоо амарч зугаалахдаа өөрийн биеэ хянаж чаддаг байвал ийм үзэгдэл давтагдахгүй. Мөн 10 хүртэлх насны хүүхдээ хараа хяналтгүй орхисноос болж жилд 15-20 орчим хүүхэд усанд зуурдаар осолддог.
Энэ жил баяр наадмын өдрүүдээр онцгой байдлын хэлтэст ирэх дуудлага мэдээллийн тоо өнгөрсөн жилийнхээс нэмэгджээ. Тухайлбал, наадмаар аялж зугаалж байхдаа голд живсэн, урссан, автомашинтайгаа живсэн зэрэг дуудлага өмнөх жилийнхээс өссөн аж. Нэг эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулахад хэдий ч хугацааг зарцуулах боломжтой. Түүнчлэн эрэн хайх ажиллагаанд хэдэн төгрөгийн санхүүжилт олгоно гэсэн тогтсон ханш байдаггүй. Онцгой байдлын ерөнхий газраас иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх үүднээс олон төрлийн контент хийдэг. Үүнд, олны танил хүмүүс ч уриалга гарган идэвхтэй оролцдог.
Нийслэл, орон нутгийн онцгой байдлын алба хаагчид жилийн дөрвөн улиралд амралтгүй ажилладаг ч зуны цагт ачаалал нь эрс нэмэгддэг байна. Зарим хэсэг нь завь эргүүл, нөгөө хэсэг нь эрэн хайх, аврах ажиллагаа, үлдсэн нь морьт эргүүл болон бусад авран хамгаалах чиглэлд үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ жилийн тухайд хөл хорио суларч, хөлтэй хүн бүр хөдөө агаар салхинд гарахыг зорьсон жил байсан. Үүнийг дагаад үер усанд амь насаа алдах хүмүүсийн тоо өндөр байгаа юм. Он гарснаас хойш 1-6 насны 10 хүүхэд усны ослоор амиа алджээ. Эцэг, эхийн хариуцлага эргээд толгой дээр нь буухад ухамсарлах нь гэм биш зан. Тиймээс иргэд голын эрэг дагуу амарч зугаалахдаа өөрийн болон бусдын амь насыг эрстэхээс ямагт урьдчилан сэргийлэх нь зүйтэй.
Холбоотой мэдээ