Түүнчлэн “Банк, санхүүгийн хямрал дахих вий” гэсэн байнгын болгоомжлолоос түр ч болов ангижрах боломжийг олгосон гэхэд болно. Мөн БРИК-ийн орнуудыг эдийн засгийн чадавхиараа тэргүүлж, АНУ-тай ана мана өрсөлдөх болсон БНХАУ ч томоохон хотуудынхаа банкуудаас эхлэн стресс тест хийхээр болоод буй. Яагаад гэвэл стресс тест нь банкуудын тогтвортой байдлыг хангахад гол түлхэц болж байгаа учраас ирээдүйд учрах эрсдэлээс сэргийлж сурсан орнууд ийм идэвхтэй байна гэж хэлж болох юм. Үндсэндээ стресс тест дэлхий нийтэд моодонд орж буй тухай бид өмнөх дугаартаа дэлгэрэнгүй мэдээлсэн. Тэгвэл “Монголын банкуудад хэзээ стресс тест хийх вэ. Тэд бэлэн үү?” гэдэг асуулт зүй ёсоор анхаарал татаж байна.
Арилжааны банкуудад стресс тест хийх талаар Монголбанкныхан нэлээн дээхнээс ярьж эхэлсэн. Гэвч одоогоор хэзээ, хэрхэн хийх талаар яг таг шийдсэн зүйл алга. Хяналт шалгалтын хэлтсийн захирал нь амарсан гээд энэ талаар тодорхой мэдээлэл хүн олдохгүй байна. Арилжааны банкныхан ч “Төв банкнаас тодорхой шийд гараагүй байхад бид юугаа ярих вэ дээ” гээд халгаасангүй. Хэдийгээр Монголбанк болон арилжааны банкуудын удирдлага ийнхүү шууд хариулт өгч чадахгүй байгаа ч ерөнхий дүр зургийг тоймлож болох юм.
Ер нь барилга, орон сууц, үл хөдлөх хөрөнгийн үнэ төдийлөн буурахгүй байгаа энэ үед арилжааны банкуудад стесс тест хийх нь цаг үеэ олсон ажил болно. Энэ нь манай орны онцлог, эрс ялгаатай талын нэг. Яагаад гэвэл АНУ болон Европын орнуудад моргэйж, ипотекийн зээлийг хэт задгайруулснаас үл хөдлөх хөрөнгийн үнэ шалдаа бууж, санхүүгийн хямрал үүсэх нөхцлийг бүрдүүлдэг. Харин манайд энэ төрлийн зах зээлийг хөгжүүлэхгүй хэт барьсан нь хөрөнгийн үнийн хөөсрөлийг бий болгодог. Мөн эрэлт, нийлүүлэлтийн зарчим алдагдсан ийм зах зээлээс үүдэн банкуудын чанаргүй зээлийн хэмжээ ч нэмэгдэж эхэлдэг. Өнөөдөр шинээр баригдаж буй орон сууцнууд хэрэглэгчдийн худалдан авах чадвараас давсан өндөр үнэтэй байгаа нь энэ салбарт тодорхой хэмжээнд үнийн хөөс бий болсныг бэлхнээ харуулж байгаа. Мөн энэ оны хоёрдугаар улирлын байдлаар банкуудын нийт зээлийн хэмжээнд харьцах чанаргүй зээлийн хэмжээ 15 хувьтай байгаа нь харьцангуй өндөр хувь гэдгийг Дэлхийн банкнаас гаргадаг Монголын эдийн засгийн тоймд онцолсон байна билээ. Гэхдээ банк тус бүрийн хувийн үзүүлэлт харилцан адилгүй байгаа. Заримынх нь гадаад, дотоод цэвэр актив төдийлөн нэмэгдэхгүй байхад зарим нь тун амжилттай явж байна. Жишээ нь, ХААН банкны нийт актив л гэхэд 1.4 их наядаас давсан гэдгийг тус банкны гүйцэтгэх зарирал Питер Морроу саяхан ажлаа хүлээлгэн өгөхдөө ам бардам хэлж байв. Арилжааны банкны хувьд ийм хэмжээний активтай байна гэдэг том амжилт. Тус банкны гүйцэтгэх захирлаар шинээр томилогдсон ноён Саймон Моррис ч “Би энэ банкны амжилтыг үргэлжлүүлж, зөвхөн Монголд биш, Азид өрсөлдөх хэмжээнд хүргэнэ” хэмээн ам гарсан. Банк, санхүүгийн салбарын амжилт гэдэг хэн нэгний хэлснээр болоод байдаг эд биш ч зөв цагтаа зөв менежмент хийж чадвал болохгүй гэх зүйл бас үгүй. Ямартай ч, ХААН банкныхан “Бидний хувьд стресс тест өгөхөд нэг их “стресс”-тээд байх юм байхгүй” гэдгээ арилжааны банкуудаас түрүүлээд тойруу утгаар дуугарчих шиг болсон. Хуучин болон шинэ гүйцэтгэх захирлуудынх нь хэлсэн дээрх үгнээс ийм дүгнэлт хийж болохоор байв. Харин бусад банкинд байдал ямар байна вэ?
“Хадгаламж” банк дүрмийн сангийн хэмжээгээрээ арилжааны банкуудаас нэгдүгээрт орж байна. Тус банк нь 60 тэрбум төгрөгийн дүрмийн сантай аж. Гэхдээ нийт активын хэмжээ нь 366 тэрбум төгрөг. Харин “Голомт” банкны нийт актив 1.1 их наяд төгрөг байгаа нь нэлээд өндөрт тооцогдоно. Дараа нь Худалдаа хөгжлийн банк 708.5 тэрбум төгрөгийн активаар мөн л дээгүүрт бичигдэж байна. “Хас” банк үүнээс хоёр дахин бага буюу 352.1 тэрбум төгрөгийн активтай. Харин “Чингис хаан” банк, Улаанбаатар хотын банк хоёр ойролцоо буюу 185.5, 184.1 тэрбум төгрөгийн активтай байгаа юм. Гэтэл дахиад бүр хэд дахин бага арав гаруйхан тэрбумын активтай банк ч бий. Арилжааны банкуудын зөвхөн үндсэн хөрөнгийн хэмжээг харьцуулахад л ийм харилцан адилгүй, эрс ялгаатай дүр зураг харагдаж байна. Цаашлаад банк тус бүрийн чанаргүй зээл, харилцагчдын тоо, үйл ажиллагааны цар хүрээг нарийвчилж үзвэл бүр ч сонирхолтой дүр зураг ажиглагдах нь тодорхой. Тэгэхээр Монголын арилжааны банкуудад стресс тест хийхдээ нэлээн нухацтай хандахгүй бол болохгүй нь. Хэрэв зөвхөн үндсэн хөрөнгийн хэмжээг гол үзүүлэлт болговол банкуудын ирээдүй хэцүүдэх нь ойлгомжтой. Яагаад гэвэл босго оноо хэт өндөр байвал ганц хоёрхон л банк тэнцэнэ. Харин хэт бага байвал томчуудынх нь хувьд шалгалт өгч байгаа гэсэн мэдрэмж төрөхгүй. Инээдтэй зүйл болно. Тиймээс Евро бүсэд хэрэгжүүлсэн шиг банкуудын хөрөнгийн чансаанаас хамаараад харилцан адилгүй шалгуур тавимаар ч юм шиг. Гэхдээ сая гаруйхан хүн амтай нэг л хотыг түшиглэсэн жижигхэн зах зээл дээр өрсөлдөж байгаа гарын арван хуруунд багтах банкуудыг ангилж ялгаад байх нь утгагүй ч юм шиг. Ямартай ч, энэ хэдэн банкныхаа эрсдэл даах чадварыг нэг шалгаад үзчихэд гэмгүй байх. Одоохондоо шалгах болон шалгуулах гэж байгаа талын аль аль нь нам жим байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд Монголбанкныхан энэ ажлыг хэрхэн хийх талаар чамгүй судалгаа хийсэн гэдэг. Арилжааны банкууд ч өнгөн дээрээ толгой сэгсрэвч өөр зуураа нэгийг бодож, хоёрыг тунгааж байгаа биз ээ.
Олон улсын донор байгууллагууд болон гадаад, дотоодын нэртэй эдийн засагчид “Болгоомжтой л байхгүй бол хямрал дахиж мэднэ” хэмээн байнга айлгасаар байгаа. Энэхүү хий үзэгдэл мэт айдас банкны салбарт тодорхой хэмжээгээр гай болж байж ч мэдэх юм. Нийгэмд нэгэнт ийм айдас байсаар байхад богино хугацаанд банкууд хоорондоо нэгдэж, харилцагчдынхаа хадгаламжийг нааш, цааш болгоод байгаа нь хэрэглэгчдэд бүр ч их болгоомжлол төрүүлсээр байгаа юм. Ер нь дэлхий дахиныг хамарсан банк, санхүүгийн хямралаас үүдэлтэй энэ айдас зөвхөн манайд ч байгаа юм биш. Үнэндээ энэхүү айдсаас үүдэж л дээр дурьдсан улс орнууд стресс тестийг моодонд оруулаад байгаа юм шүү дээ.
ХЯМРАЛЫН ХАР СҮҮДЭР НӨМӨРЧ, ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ БУУРЛАА
Сүүлийн дөрвөн өдрийн турш Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр газрын тосны үнэ буурсан бол уржигдраас эхлэн бусад түүхий эдийн үнэ ч гэсэн буурч эхэлжээ. Мөн Ази, Оросын хөрөнгийн биржийн үзүүлэлтүүд буурсан байна. Үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн аж. Эхлээд Хятад, Их Британийн эдийн засгийн тухай таагүй мэдээлэл гарсан бол дараа нь эрчим хүчний хамгийн том хэрэглэгч болох АНУ-д газрын тосны нөөц таамагласнаас түргэн нэмэгдсэн тухай мэдээлэл гарсан. Мөн АНУ-ын эдийн засгийн өсөлт нэгдүгээр улиралд 3.7 хувьтай байсан бол хоёрдугаар улиралд 2.4 хувь болж буурсан байна. Холбооны нөөцийн сангаас тус улсын эдийн засаг сэргэх үйл явц саарсантай холбоотойгоор онцгой арга хэмжээ авахаар төлөвлөсөн тухай мэдэгдэл ч үүнд нөлөөлж, газрын тосны үнэ буурч эхэлсэн.
Учир нь энэ удаад тус улсын эдийн засаг сэргэх үйл явц удааширсан төдийгүй эдийн засагчдад хямралын хоёр дахь давалгаа эхэлж байгаа юм биш биз гэх түгшүүр төрж эхэлсэн байна. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Б.Бернанке “АНУ-ын эдийн засгийн ирээдүй тодорхой бус байна” гэж мэдэгдсэн нь бас нэрмээс болов. АНУ-аас Хятадтай хийдэг худалдааны алдагдал өнгөрсөн зургадугаар сард нэмэгдэж 18.8 хувиар өссөн байна. Харин өнгөрсөн долдугаар сард 49.9 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь 2008 оны аравдугаар сараас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэ нь өргөн хэрэглээний барааны импорт нэмэгдсэнтэй холбоотой аж. АНУ-д хэрэглээний барааны импортын хэмжээ хамгийн дээд түвшиндээ хүртэл өсч, экспорт буурсан. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Холбооны нөөцийн сангийн удирдлагууд эдийн засгийн өсөлт саарч байгааг зогсоохын тулд арга хэмжээ авах болсноо өнгөрсөн мягмар гарагт зарласан юм. Гэтэл Хятадын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл сүүлийн 11 сарын турш нэмэгджээ. Гэсэн ч өнгөрсөн долдугаар сард аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийх нь үйлвэрлэлийн өсөлт өнгөрсөн онтой харьцуулахад буурч, 13.4 хувь болсон байв. Их Британийн эдийн засгийн сэргэлт нь буурч буй мэдээлэл байна. Гэтэл Английн банкнаас эдийн засгийн өсөлт ирэх гурван сарын хугацаанд жилийн гурван хувиар өснө гэж мэдэгдсэн юм. Энэ нь өнгөрсөн тавдугаар сард дэвшүүлсэн 3-4 хувь өснө гэсэн таамгаас нэлээд буурсан үзүүлэлт байлаа.
ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛТ БУУРНА
Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр ирэх есдүгээр сард нийлүүлэх газрын тосны ханш 80 орчим центээр хямдарч, 77.33 ам.долларт хүрсэн байна. Мөн АНУ-д бензины нийлүүлэлт 409 мянган баррелиар нэмэгдэжээ. Харин нөөц нь 250 мянган баррелиар нэмэгдсэн аж. Гэсэн ч АНУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд нийт дүнгээр нь авч үзэхэд хүчин чадлынхаа зөвхөн 88.1 хувиар ажилласан нь өмнөх долоо хоногтой нь харьцуулахад 3.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Мөн түүхий газрын тосны нийлүүлэлт 2.9 сая баррелиар буурчээ. Шинжээчид энэ хэмжээг цаашид хоёр сая баррелиар буурна гэж үзжээ.
Дэлхийн эдийн засгийн өсөлт саарснаар олон улсын зах зээлд газрын тосны эрэлт буурна гэсэн таамгийг Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭХА)-аас гаргажээ. Уг тооцоогоор энэ онд дэлхийн зах зээл дэх газрын тосны эрэлт хоногт 86.6 сая баррель болох бөгөөд энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 1.8 саяар өссөн үзүүлэлт юм. Харин 2011 онд уг үзүүлэлт 87.9 сая баррельд хүрснээр нэг жилийн дунджаар бодоход 1.3 саяар өсөх аж. Энэ нь өмнөх таамагтай харьцуулахад хоногт 50 мянган баррелиар илүү юм. Гэвч энэ бүх таамаг биелэхгүй байх боломж их. Учир нь эдийн засгийн ойрын үеийн таамаг тун тодорхой биш байгаа юм. ОУЭХА-ийн шинжээчид дэлхийн эдийн засгийг энэ онд 4.5, ирэх онд 4.3 хувиар өснө гэсэн таамаглалд тулгуурлан газрын тосны эрэлтийг тооцоолжээ. Гэтэл эдийн засгийн өсөлт 30 хувиар багассан тохиолдолд газрын тосны эрэлт 2011 онд хоногт 1.2 сая баррелиар буурах юм. Гэтэл энэ тооцоонд АНУ-ын Холбооны нөөцийн сангийн захирлын гутрангуй таамгийг харгалзаагүй юм. Газрын тосны олборлолтын хэмжээ цаашид нэмэгдэнэ гэсэн тооцоо гарч байна. Учир нь ОПЕК-ийн бүрэлдэхүүнд ордоггүй орнуудад газрын тосны олборлолт энэ онд 200 мянган баррелиар нэмэгдэнэ. Гэнэтийн томоохон осол юмуу хямрал гарахгүй л бол газрын тосны үнэ эрс өсөх магадлал тун бага байна.
Ч.Дашдэлэг. Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.