“Токио-2020” олимпийн наадмын усанд сэлэлтийн өврөөр даллах 50м-ийн уралдаанд өрсөлдсөн Мягмарын Дэлгэрхүү өөрийн цахим хаягтаа ийнхүү бичжээ. Эрэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд өрсөлдсөн М.Дэлгэрхүү тавдугаар гарааны наймдугаар байрт орж тэмцээнээ өндөрлөсөн. Нийт зайгаа 24.63 секундэд туулсан юм.
Тэрбээр “Олимпийн наадамд анх удаа оролцож, дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн уралдах үгээр хэлэмгүй мэдрэмж байлаа. Хэдий Монголын нөхцөлд усан сэлэлтийн спорт дэлхийтэй харьцуулахад сайн хөгжөөгүй ч гэсэн бүгдийг нь хойноо орхино гэсэн сэтгэлийн болон биеийн хүчээ чадах бүхнээрээ гаргалаа.
Монголчуудынхаа бахархлыг төрүүлэх гавьяа байгуулаагүй ч гэсэн 20 гаруйхан секундэд болоод өнгөрөх энэ агшны цаана уналт босолт, хөлс хүч олон сар жилийн хөдөлмөр байсан шүү. Дэлхийд тэр дундаа Монгол хүн усан спортоор сүүл мушигдаг байсан үе тэртээ ард хоцорсон. Энэ болтол тусалж дэмжсэн бүх хүнд чин сэтгэлээсээ маш их баярлалаа” гэжээ.
Сонирхуулахад, М.Дэлгэрхүү нь УАШТ-ий 19 алт, долоон мөнгө, хоёр хүрэл медалийн эзэн юм.
Холбоотой мэдээ