Наадмын өмнөх Монголын улс төр

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Наадмын өмнөх Монголын улс төр

Жил бүрийн наадмын өмнөх өдрүүд. Сүүлчийн өдрөөс Монгол Улс бүхэлдээ найр, наадмын сезонд дарагдаж, улстөрчид нь хээрийн салхинд эр хүний хийморь сэргээнэ гэсэн шүү утгатай үг хаялцаад төрийн ордноос хол одох нь бий. Гэхдээ тэд ийн найр наадам хэсэхээсээ урьтаад наадмын өмнөх улс төрийн хорыг хорлонтой гэгч нь хутгасан шиг хутгаад морддог нь гэм биш зан болоод удаж буй. Иймд өнгөрсөн 2004 оноос хойш болж өнгөрсөн наадмын өмнөх Монголын улс төрийг нэхэн нэг санацгаая. Ард олон хурдан морины шандас, хүчит бөхийн мэх хэлэлцэж, наадмын таамаг дэвшүүлж байх зуур тэд “Нүдэн балай, чих нь дүлий байгаа дээр амжуулаад авдаг хэрэг ээ” гэсэн шиг хуудуутай хуулийг хурдтай гэгч нь баталж, хуурмаг хуйвалдааныг хугацаа алдалгүй зангидаж суудаг ажээ.

“ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ ОРДНООС ЗУГАТАВ”

2004 оны долдугаар сарын 1-11-ны өдрүүд. Энэ оны зургадугаар сарын 27-ны өдөр УИХ-ын ээлжит сонгууль болж байлаа. Сонгуулиар олонхийн суудал авна гэдэгтээ итгэлтэй байсан МАХН-ын удирдлагууд энэ өдрүүдэд хумсаа чамласан хүүхэд адил 36 суудлаа голж, гоочлон аргаа барахдаа тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабандитай заргалдах аянд мордсон юм. Ерөнхийлөгч асан Н.Багабанди ч өөрт үлдсэн эрх мэдлийн богинохон хугацааг ашиглаж, УИХ-ын анхны хуралдааны товыг  долдугаар сарын 9-ний өдөр зарласан нь улс төрийн угсаа гарал нэгтэй МАХН-ын дарга Н.Энхбаярыг нь уурлуулж амжсан гэж болно. Улмаар намынхаа нөхдийг УИХ-ын анхдугаар чуулганы нээлтэд очихгүй байхыг үүрэгдэв. Хариуд нь Ерөнхийлөгч асан Н.Багабанди ч мөчөөгүй өгөлгүй “Эх орон-Ардчилал эвсэл” хийгээд бие дааж сонгогдсон гурван гишүүний хамтаар чуулганы нээлтийг эхлүүлэхээр шийдсэн байдаг. Гэсэн ч энэ үед тангараг өргөх ёстой шинэ гишүүд нь УИХ-ын чуулганы танхимд, тахимаа өгөх ёстой хуучин гишүүд нь чуулганы танхимын гадаа цугларч байжээ. Улмаар хуучин гишүүд нь Төрийн ордны “А” танхимд долдугаар сарын 9-ний өдөр “УИХ-ын сонгуулийн үр дүнд сонгогдсон хүмүүс УИХ-ын чуулганы танхимыг эзэлчихээд бид аргагүйн эрхэнд энд хуралдаанаа хийх болж байна” гэсэн тухайн үеийн УИХ-ын дарга С.Төмөр-Очирын тайлбарын дор хуралдаж байв. Энэ УИХ-ын хувьд 55 гишүүний бүрэлдэхүүнтэй байсны зэрэгцээ Ерөнхийлөгчид хүргүүлсэн мэдэгдлийнхээ хариуг хүлээж удтал суусан ч тэр үед Ерөнхийлөгч нь төрийн ордноос “зугатчихсан” байдаг. Энэ мэдээг дуулсан УИХ дахь МАХН-ын хуучин гишүүд Н.Багабандийн “Хямралд уриалсан” гэдэг гэм бурууг нь Үндсэн хуулийн цэцээр шүүлгэхээр саналаа нэгтгэснээр наадамтай золгож байжээ.

САЙД Ц.НЯМДОРЖ СИЙМХИЙ АШИГЛАВ

2005 оны долдугаар сарын 1-11. УИХ-ын дарга Н.Энхбаяр МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан тул шинэ спикерийг сонгох ажилд яаравчлах шаардлага гарчээ. Энэ сонголтод мэдээжийн хэрэг МАХН өөрсдийн давуу талыг ашиглах ёстой. Иймд УИХ-ын даргын төлөөх ширүүн тэмцэл МАХН-ын Удирдах зөвлөлийн хашир “баавгай” нарын дунд өрнөж, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярыгаа эзгүй хойгуур даргын нэрийг тодруулах нь тэр. Тэр хүн нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байсан бөгөөд УИХ-ын гишүүдээс ганцхан Э.Бат-Үүл л “Нямдоржийг УИХ-ын дарга болгож болохгүй” гэдэг үндэслэлээс эсрэг кноп дарсан юм. Ингэснээр наадмын өмнө Монгол Улс УИХ-ын шинэ даргатай болж, шинэ дарга ч “Хөнжил дотроо ч хууль засдаг” гэх хатуухан шүүмжлэлийн эзэн болох эхлэл тавигдах нь тэр.

Улмаар Ц.Нямдоржийн хувьд энэ үед нэгэн том улс төр эхлүүлсэн нь “Эх орон-Ардчилал эвсэл” тарсан тул гүйцэтгэх засаглалын бүтэц бүрэлдэхүүнийг ч шинээр хэлэлцэх ёстой гэдэг байр суурийг шууд л даргын тамга гардсан даруйдаа илэрхийлж эхэлсэн ажээ. Засгийн газрыг унагах дугтуйтай захидал задрав

2006 оны долдугаар сарын 1-11. Яг нэг жилийн өмнөх энэ өдрүү­дэд Ц.Нямдорж дарга Засгийн га­зар дахь Ардчилсан намын бүрэл­дэхүүний тухай асуудлыг хальт сө­хөөд өнгөрсөн бол ойн дээр нь сөрөг хүчний нөхөд дуугүй өнгөрч чадсангүй бололтой. Учир нь энэ өдрүүдэд Г.Батхүү, Н.Батбаяр, С.Баяр­цогт тэргүүтэй “Алтан га­дас”-ынхан Үндэсний эв нэгдлийн Зас­гийн газрыг огцруулах цаг бол­сон гэх утгатай бичигт намынхаа ги­шүүдээр гарын үсэг зуруулж, 15 хүнийг эгнээндээ элсүүлсэн бай­даг. Улмаар Иргэний зориг болон БНН-ын гурван гишүүнээс дэмжлэг авахыг хүссэн ч тэд нь “Үгүй” гэ­дэг хариулт өгсөн. Үүнийг нь ч Ард­чилсан намынхан тухайн үед ши­нэ Засгийн газарт орох нүхээ малтсан гэдгээр оношлож байсан. Ийнхүү наадмын өмнө урдын адил Засгийн газрыг унагаж тоглох улс төрийн тоглоомын анхны сценари энэ үед бичигдэж, амралт хөөх хугацаандаа нарийвчилсан тө­лөв­лөгөө боловсруулах үүрэгтэй­гээр гишүүд салхинд гарах нь тэр. Түүнчлэн наадмаас урьтаад УИХ-ын гишүүд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд хулгайн гэмээр нэгэн өөрчлөлт оруулсан нь “Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа хол­бог­дох байгууллагаас зөвшөөрөл авах ёстой” гэсэн заалт байв.Үүнийг нь ч иргэний хөдөлгөөнийхөн шүүрэн авч, хадгаламж зээлийн хоршооны хо­хирогчид, “САПУ” худалдааны тө­вийн хохирогчидтой хамт улс тө­рийн томоохон тэмцэл өрнүүлсэн удаатай.

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ АЙХТАР ХУРДАН БАТЛАВ

2007 оны долдугаар сарын 1-11. Ардчилсан намын Гүйцэтгэх зөв­лөл гурав хоногийн турш ху­рал­даад УИХ дахь Ардчилсан на­мын зөвлөлд Засгийн газрыг бү­рэн бүрэлдэхүүнээр нь огцрох даал­гавар өгөв. Шалтгаан нь “МИ-8” нисдэг тэрэгний осол байсан бө­гөөд улстөрчдийн хувьд халуу за­луу насаа алдсан эх оронч эрсийн үхлийг улс төр болгон ашиглах таа­тай шанс болгож ашигласан гэхэд болно. Үүнд нь МАХН-ын “Элсний 13” ч хүчин зүтгэж, Н.Энхбаярын эрх ашгийг хамгаалах зорилгоор М.Энх­болдын Засгийн газрыг огцруулах шаардлагад санал нэгдэх нь тэр.

Их удалгүй буюу гуравхан хоногийн зайтай МАХН дахь “Уламжлал, шинэчлэл-Ардчилал, эрх чөлөө” жигүүр үйл ажиллагаагаа эрчимжүүлж, намынхаа удирдлагыг шинэчлэлд буюу албаа өгөхөд уриалсан юм.

Мөн наадмаас урьтаж УИХ-ын дэд даргаар Д.Идэвхтэнг сонгосон бөгөөд үүнд нь Ардчилсан намын УИХ дахь гишүүд эсрэг санал өгсөн ч МАХН өөрсдийн хүслээр шийдэж чадсан. Ийн шинэ томилгоо хийж, шинэ санаачилгаа хэрэгжүүлэх сонирхлоо найдвартай араанд нь хийсэн гишүүд Ашигт малтмалын тухай хуулийг наадмын өмнөх өдөрт баталж амжив. Хоёр, гурван жилийн турш чуулганы танхимд хэрүүлийн алим болон ужгирч байсан эл асуудлыг гэнэт л “Эцэслэн шийдэх ёстой” хэмээж, хагас өдрийн дотор баталсан нь өдгөө ч маргаан дэгдээсээр буй. Уг хуулийг батлахтай зэрэгцэн Оюутолгойн ашиглалтын лицензийг эзэмшиж байсан “Айвенхоу майнз” компанийн хувьцааны ханш олон улсын хөрөнгийн бирж дээр огцом өсч, Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдах боломж нээгдсэнийг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд онцолж байлаа.

ДАЛД УЛС ТӨР

2008 оны долдугаар сарын 1-11. УИХ-ын ээлжит сонгуулийн дараах энэ онд ямархуу хор уршиг дагуулсныг монголчууд мартаагүй байгаа. Долдугаар сарын 1-нээс улбаалж улстөрчид хатуу ширүүн мэдэгдэл хийхээс эрс татгалзав. Зөвхөн Ерөнхийлөгч л намын дарга нарыг дуудаж уулзан “Зөвшилц” гэдэг даалгавар өгсөн бол урьдчилсан хорих төвүүдэд хүний эрх хэрхэн зөрчигдөж буй талаар хүний эрхийн өмгөөлөгчид хэл ам хийсэн шигээ наадамтай золгожээ. Энэ дунд хожиж дуулах нь ээ “Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын толгой л өдөр, шөнийн дотор огцом бууралтсан” гэнэ билээ.

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ  ЕРӨНХИЙД НЬ БАТЛАВ

2010 оны долдугаар сарын 1-11. УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг яаралтай хэлэлцэх хэрэгтэй гэсэн шийдвэр гаргажээ. Мэдээж энэ шийдвэрийн гол чиглүүлэгч нь тус намын Удирдах зөвлөлийн гишүүд байлаа. Улмаар Монголд нэгэнт МАХН л тэгж шийдсэн бол тийм л байх ёстой гэдэг хууль үйлчилдэг ёсоор Ардчилсан намын гишүүд хэчнээн арсалдаад, арсалдаж хүч хүрсэнгүй. Ерөнхийдөө наадмын дараа Хөрөнгө оруулалтын гэрээг хөрөнгө оруулагч талтай үзэглэсэн ч наадмын өмнөх энэ л өдрүүдэд “Ийм л байх ёстой” гэсэн эцсийн шийдвэр нь гарчихсан юм.

ТАВАНТОЛГОЙГ ГЭРЛИЙН ХУРДААР ШИЙДЛЭЭ

Оюутолгойн орд газартай зэрэгцээд хамтад нь шийдэх ёстой нэг орд бол яах аргагүй Тавантолгойн орд. Уг ордыг Засгийн газар хэрхэн ашиглах тухайгаа олон хувилбараар иргэдэд танилцуулж байсан ч эцсийн хувилбараа ямар ч тайлбаргүйгээр УИХ-аар батлуулах нь тэр.

Ерөнхий нэг ойлголтыг иргэдэд өгсөн болж, нөгөөдүүл нь ч “Хүний хөгжил сан”-гаас хувь хүртэх боломжтой болох нь хэмээн баярласан сэтгэлээр наадамтай золгов. Харин цаад учрыг нь ард олон битгий хэл улстөрчид ч өөрсдөө сайн ойлголгүй “Наадмын өмнө эцэслэх нь намын даалгавар байсан” гэх утгатай тайлбар хийгээд  өнгөрнө билээ.

Ийн Монгол Улсын наадмын өмнөх улс төр иймэрхүү хэв маягаар үргэлжилж байна. Гарцаагүй гэж хэлж болох бодит шийдвэр, үнэн зөв алхам энэ дунд төдий л харагдахгүй бөгөөд гагцхүү эрх мэдлийн төлөөх шунал болон эрх ашгаа хамгаалах гэсэн шийдвэр хоёр л наадмын өмнөх улс төрийн гол шантааж байдаг ажээ.

Г.Отгонжаргал. Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж