“Covid-19”-ийн халдварын тоо улам бүр нэмэгдэж, эдийн засгийн хүнд байдалд орсон зэрэг олон таагүй нөхцөлтэй нүүр тулгараад буй Куба улс энэ долоо хоногт Мексик, ОХУ, Боливи улсуудаас илгээсэн хүнсний болоод эмнэлгийн тусламжийг хүлээн авсан юм. Тухайлбал, 1000 тонн шош, амьсгалын аппарат зэргийг тээвэрлэсэн Мексикийн тэнгисийн цэргийн хөлөг онгоц өчигдөр /7.30/ тус улсад хүрчээ. Куба улсын Дотоод худалдааны сайд Бетси Диаз ачааг хүлээн авах үеэрээ Мексик улс нэмж хоёр амьсгалын аппарат явуулахаар болсныг нийтэд дуулгажээ.
Хөлөг онгоцны ачаа хүлээн авах ёслолын ажиллагааны үеэр Кубын худалдааны сайд Родриго Малмиерка “Би Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадорт хувийн зүгээс талархал илэрхийлж байна. Тэрбээр манай улсыг хяхан боогдуулах байдлыг эсэргүүцэж ирсэн. Энэхүү эсэргүүцлээ ч нотлон харууллаа. Таны сэтгэлийн дэм Куба улсыг дэмжиж тэтгэх болно” гэжээ.
Хөлөг онгоцоор тусламжийн ачаа тээвэрлэгдэж ирэхээс гурван долоо хоногийн өмнө тус улс орон даяар эдийн засгийн хүнд нөхцөлд туйлдаж, хүний эрхийн ноцтой зөрчилд бухимдсан иргэд нүсэр жагсаал хийсэн юм.
Харин Куба улсын эрх баригчдын зүгээс энэхүү жагсаалыг АНУ-ын гар хөл бологчид улс орны хүнд хэцүү байдлыг ашиглан иргэдийг турхирах замаар өдүүлсэн үймээн гэж үзэж байгаа юм. Мөн АНУ #SOSCuba хэмээх хүмүүнлэгийн тусламжаар Куба улсын эсрэг хэрэгжүүлдэг хориг арга хэмжээгээ халхалж ирсэн бөгөөд үнэн хэрэгтээ Куба улсад үүсээд буй бүхий л зовлон зүдгүүр АНУ-аас үзүүлдэг худалдааны хоригоос үүдэлтэй гэжээ. Харин дээрх улсаас ирүүлж буй тусламжийг жинхэнэ анд нөхрийн тусламж болохыг онцолжээ.
Харин энэхүү тусламжийн талаар Куба улсын эдийн засгийн алдартай блогч Педро Монреал өөр байр суурьтай байгаа юм. Тэрбээр “Тусламж манай улсад эрүүл мэнд, эдийн засаг, улс төрийн ноцтой нөхцөл байдал үүссэн энэ цаг үед ирсэн нь сайшаалтай юм. Энэ нь хүмүүнлэгийн яаралтай тусламж болохын зэрэгцээ улс төрийн нөхцөл байдлыг зөөлрүүлэх эерэг үр дүнтэй байна. Гэвч нөхцөл байдлыг бүтнээр харахад үүний хувь нэмэр өчүүхэн болохыг та ойлгоно” гэжээ. Мөн Кубын эдийн засагч Рикардо Торрес Вьетнамын илгээхээр амласан 12 мянган тонн будааг нэг хүнд 900 орчим грамм болж очихыг тооцоолжээ.
С.НАРАНГАРАВ
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ