“Алтан медаль авах зорилготой байсан ч чадсангүй”

Хуучирсан мэдээ: 2021.07.31-нд нийтлэгдсэн

Токио 2020

“Алтан медаль авах зорилготой байсан ч чадсангүй”

“Алтан медаль авах зорилготой байсан ч чадсангүй”

Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар:

-Багийн барилдаанд медаль авчих болов уу гэж найдаж байлаа. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр сая Д.Сумъяа маань мөрөө гэмтээчихлээ. 100 хувь барилдаж чадсангүй. Бидний зорилго алтан медаль байсан. Гэхдээ өнгөрсөн жилийн хавраас бид маш хүнд байдалд бэлтгэл хийж ирлээ. Оны эхэнд бэлтгэлгүй шахуу Дохагийн мастерст явсан. Дараа нь гэр гэртээ бэлтгэл хийж байгаад хүүхдийн Найрамдал зуслан руу сарын бэлтгэлд явсан. Европын тэмцээн рүү явж, сайн байсан боловч багаараа Covid тусч, бүгд муудсан. Сар гаран хоригдсон. Ирээд бэлтгэлээ яг санасан хэмжээндээ хийгээгүй. 100 хувь ачаалал авахад асуудалтай байсан. Аль болох л бэлтгэл хийсэн. Ямар ч байсан нэг мөнгө, хоёр хүрэл гээд гурван медаль авлаа. Ё.Басхүүгийн хувьд хүрэл медаль авна гэж бодож байсан ч Абэг ялж чадсангүй. Хүрлийн төлөө ч чадсангүй. Ц.Цогтбаатарыг Оног ялна гэж бодож байсан шүү. Ерөнхийдөө гайгүй байсан. Эмнэлгийн тусламж аваагүй хүн байхгүй. Япон эмч маань сайн ажилласан. Даанч олимпод ирж чадаагүй. Чиний ач гавьяа энд их байсан шүү. Би шигшээ багийн дасгалжуулагч болсноосоо хойш багтаа залуу дасгалжуулагч нарыг авсан. Баг маань залуужсан. Бэлтгэл хангасан тамирчдадаа баярлалаа. Бидний захыг мушгисан ард түмэндээ баярлалаа. Алтан медаль авах зорилготой байсан ч чадсангүй. Гэхдээ зорьж, тултлаа ажилласан.


МОНГОЛЫН ХОЛИМОГ БАГ ГЕРМАНД ЯЛАГДАЖ, ТЭМЦЭЭНЭЭ ӨНДӨРЛҮҮЛЭВ

Монголын баг Германы багт 4-2 гэсэн харьцаатай ялагдлаа. Ийнхүү Монголын баг энэ удаагийн олимпийг нэг мөнгө, хоёр хүрэл медальтай өндөрлүүлэв.


12:45

МОНГОЛЫН БАГ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ДАГАХ БАРИЛДААН ХИЙНЭ

Монголын баг Оросын багт 4-2 гэсэн харьцаатай ялагдлаа. Ц.Цогтбаатар, Саид Моллаей нар ялсан ч МУГТ Д.Сумъяа, Б.Ганхайч, О.Ганхайч, МУГТ Ө.Дүүрэнбаяр нар ялагдлаа. Монголын баг хүрэл медалийн төлөөх дагах барилдаанаа Германы эсрэг хийнэ.


11:30

ЖҮДО: ОРОСЫН ЭСРЭГ БАРИЛДАХ МОНГОЛЫН БҮРЭЛДЭХҮҮН

Монголын холимог баг шөвгийн наймд Оросын эсрэг барилдах гэж байна. Багууд нэрсээ зарлажээ. Г.Алтанбаганы оронд Саид Моллаей барилдана.

Монголын бүрэлдэхүүн: 

  • МУГТ Д.Сумъяа
  • О.Мөнхцэцэг
  • Ө.Дүүрэнбаяр
  • Б.Ганхайч
  • Саид Моллаей
  • Ц.Цогтбаатар

Оросын бүрэлдэхүүн: 

  • Тамерлан Башаев
  • Мадина Таимазова
  • Дарья Межецкая
  • Муса Могушков
  • Михаил Иголников
  • Александра Бабинцева

11:08

МОНГОЛЫН БАГ ШӨВГИЙН НАЙМД ОРОСЫН ЭСРЭГ

Монголын жүдогийн холимог баг Өмнөд Солонгосын багийг 4-1 гэсэн харьцаатай ялж, шөвгийн наймд шалгарлаа. Тэд шөвгийн наймд Оросын багтай барилдана.

Эхлээд МУГТ Ө.Дүүрэнбаяр ялагдсан боловч МУГТ Д.Сумъяа, Ц.Цогтбаатар, Б.Ганхайч, Г.Алтанбагана нар дараалан ялсан юм.

Ялангуяа хүрэл медаль аваад байсан Ц.Цогтбаатар энэ удаад дэлхийн аварга Ан Чан Римийг ялав.


10:22

МОНГОЛЫН ЭСРЭГ ӨМНӨД СОЛОНГОС

Жүдо бөхийн сүүлийн төрөл болох холимог багийн тэмцээн өнөөдөр/2021.07.31/ 10.00 цагаас эхэлж байна. Монголын холимог баг энэ өдөр Өмнөд Солонгосын эсрэг барилдах болно.

Ялсан нь шөвгийн наймд Оросын багтай барилдана.

Монголын багийн бүрэлдэхүүн:

  • Б.Ганхайч
  • Ө.Дүүрэнбаяр
  • Г.Алтанбагана
  • Д.Сумъяа
  • О.Мөнхцэцэг
  • Ц.Цогтбаатар

Өмнөд Солонгосын бүрэлдэхүүн:

  • Ким Сьон Ён
  • Гвак Дон Хан
  • Ан Чан Рим
  • Ким Жи-Сү
  • Хан Ми-Жүн
  • Ким Мин-Жон
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
8
ХөөрхөнХөөрхөн
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж