"Ирэх сарын сүүлээр зарим нутагт цочир хүйтэрнэ"

Хуучирсан мэдээ: 2021.07.31-нд нийтлэгдсэн

"Ирэх сарын сүүлээр зарим нутагт цочир хүйтэрнэ"

Ньюс агентлаг та бүхэнд энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.


"ХҮҮХДҮҮДИЙН АМЬ НАСААР НААДМААРГҮЙ БАЙНА"

Хүний эрхийн Үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунантай цар тахлын нөхцөлд хүний эрх хэрхэн зөрчигдөж буй асуудлаар ярилцлаа.


-ХЭҮК-д ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой хэчнээн гомдол мэдээлэл ирдэг юм бэ. Үүнд ХЭҮК ямар хяналт тавьж ажилладаг вэ. Энэ талаар яриагаа эхлүүлье?

-Ажлын байран дахь бэлгийн дарамт бол тулгамдсан асуудал.

Төрийн захиргааны албан хаагчдын дунд саяхан хийсэн судалгаагаар гурван эмэгтэй тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн дүн гарсан.

Ажлын байрны бэлгийн дарамт нь их онцлог. Учир нь удирдах албан тушаалтны зүгээс бэлгийн дарамт үзүүлэх нь түгээмэл байдаг, үнэнийг илчилснээр ажлаасаа халагдах, тушаал буурах гэх мэт сөрөг үр дагавар гарах эрсдэл өндөр тул ихэнх тохиолдолд өртсөн хүмүүс чимээгүй нуугаад өнгөрдөг. Иймээс энэ төрлийн хэрэг нуугдмал байдаг буюу тэр болгон ил болгоод байдаггүй. Энэ асуудалд онцгой анхаарч, илрүүлэх, хянах, шалгах, шийдвэрлэх оновчтой механизм зайлшгүй шаардлагатай. Нөгөөтэйгүүр иргэд, алба хаагчдын хүний эрхийн мэдлэг муу байна. Хүн бүр халдашгүй дархан чөлөөтэй байх эрхтэй.

Зарим нь ажлын байрны бэлгийн дарамтад өртөж буйгаа ч мэддэггүй. Жишээ нь 18+ онигоо ярих, биед хүрэх зэрэг зарим үйлдлийг бид тоодоггүй, анзаарахгүй хаячихдаг.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


“294 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ ҮНДЭСЛЭЛГҮЙ, ШҮҮХЭД ХАНДАНА”

Өнгөрөгч долоо хоногт ШӨХТГ-аас шатахууны компаниудад шалгалт хийж нийт 234 сая төгрөгийн торгууль ногдуулсан талаар тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлсэн.

Мөн шаардлага хангаагүй автобензин, дизелийн түлш нийлүүлсэн аж ахуй нэгжүүдийг зарласан. Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг 28 аж ахуй нэгжийн агуулах, шатахуун түгээх станц, вагоноос автобензины 76 дээж авч шинжилжээ. Шинжилгээний үр дүнд 13 дээжид октаны тоо стандартад зааснаас их болон бага байжээ. Дээрх асуудлаар Монголын нефть, хийн Үндэсний ассоциацын тэргүүн Д.Алтан-Очироос тодрууллаа.


-ШӨХТГ-аас өнгөрөгч долоо хоногт мэдэгдэл хийсэн. Уг мэдэгдэлд шаардлага хангаагүй автобензин, дизелийн түлш нийлүүлсэн аж ахуй нэгжүүдийг зарласан. Мэдэгдэлд дурдагдсанаар үндэсний томоохон аж үйлдвэрүүд багтсан байна лээ. Та бүхний зүгээс шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байна уу?

-Манай төрийн бус байгууллага нь шатахуун борлуулж буй аж ахуй нэгжүүдийн нэгдсэн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллага юм. Манай холбоонд өнөөдрийн байдлаар 40 гаруй аж ахуй нэгж гишүүнчлэлтэй байна.

Анх шалгалтын явц гуравдугаар сард эхэлсэн. Ингэхдээ компаниудын агуулах болон ШТС, ОХУ-аас орж ирж буй вагоноос гурван төрлийн дээж авсан. Үүнтэй холбоотой хариу гарч ШӨХТГ-аас мэдэгдэл хийсэн байдаг. Тухайн авсан дээжүүдийг хоёр төрлийн лабораторид өгсөн байна лээ. Гэтэл тухайн лабораторийн хариу зөрүүтэй гарсан. Иргэний нисэхийн лабораторид хийсэн дээжид тухайн үзүүлэлтүүд хэвийн байсан. Харин Ашигт малтмалын газрын лабораторийн дээжийн хариу өөр гарсан учраас түүний дагуу мэдэгдэл хийсэн байгаа юм.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"ИРЭХ САРД ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРЖ, САРЫН СҮҮЛЭЭР ЗАРИМ НУТАГТ ЦОЧИР ХҮЙТЭРНЭ"

Ус, цаг уур, орчны шинжилгээний судалгаа мэдээллийн хүрээлэнгийн инженер Ш.Тэргэлээс ирэх наймдугаар сарын цаг агаарын төлөв байдлын талаар тодрууллаа.


Долдугаар сард ихэнх нутгаар бороо хур их орж, голууд үерлэлээ. Ирэх сард энэ үзэгдэл дахин давтагдах уу?

-Сарын эхээр агаарын температур бага зэрэг сэрүүсэх төлөв ажиглагдаж байгаа. Агаарын температурын тухайд наймдугаар сард баруун аймгуудын баруун хэсэг Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар дулаан, бусад нутгаар олон жилийн дундаж орчим байна. Хур тунадасны хувьд дээрх дурдсан бүс нутгаар бага орох бол төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд, зүүн зүгийн баруун хэсгээр хур тунадас ахиу байхаар төлөвтэй байгаа. Харин бусад нутгаар олон жилийн дундажтай ижил хэмжээнд байна. Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Бүс нутгаар нь авч үзвэл нийт дөрвөн хэсэгт хувааж байгаа.

  • Баруун буюу Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгор аймаг,
  • Төв буюу Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан–Уул, Төв,
  • Зүүн буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар,
  • Говийн бүс нутаг болох Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь–Сүмбэр зэрэг аймгууд хамаарна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"НАЙЗУУД МААНЬ БҮЛ НЭМЭХЭД ЭНЭ УЛАМЖЛАЛААР БАЯР ХҮРГЭНЭ"

Анхны хүүхдээ өлгийдөн авч буй аав найзуудтайгаа баяраа хуваалцаж, эхнэртээ гэнэтийн бэлэг барьсан нь олон нийтийн сүлжээгээр олон хүнд хүрсэн. Залуу хосын баярт мөчийг ерөөж, аз жаргал хүсэх хүн олон байв. Нийгэмд зөв үлгэр дууриалал үзүүлсэн залуу хостой утсаар холбогдож ярилцлаа.


Гэр бүлээ бидэнд танилцуулахгүй юу?

Ө.Хувьтөгөлдөр: Намайг Өнөржаргалын Хувьтөгөлдөр гэдэг. Одоо 23 настай. “Мах импэкс” хувьцаат компанид ажилладаг. Эхнэрийг маань Д.Цолмон гэдэг. Бид хоёр танилцаад нэг жил гаруй хугацаа болж байна. Хэдхэн хоногийн өмнө долдугаар сарын 24-ний 13.00 цагт шинэ хүнээ өлгийдөн авч, эхнэр маань амаржиж хөөрхөн охинтой болсон.

Одоо эхнэр, охин хоёрын маань бие маш сайн байна. Би өчигдрөөс эхлэн аавын долоо хоногийн амралтаа авчихсан байна. Өнөөдрөөс л өлгий даавуу угааж байна.

-Эхнэртээ гэнэтийн бэлэг барьсан нь олон хүний анхаарал татах шиг болсон?

Ө.Хувьтөгөлдөр: Өмнө нь нэвтрүүлэг, сошиал орчноос эхнэрээ баярлуулж байгаа бичлэг, зураг олон хардаг байлаа. Тэгээд нэг өдөр найзтайгаа машинд ярилцаж байгаад хамтдаа очиж, баярлуулахаар болсон. Тэгсэн нэг найз маань баяр хүргэсэн бичиг хэвлүүлье гээд л нөгөө найз маань машины чимэглэл аваад ирье гэсэн.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"ХИЧЭЭЛИЙГ ЦАХИМ, ТАНХИМЫН СУРГАЛТ ГЭЖ ХОСЛУУЛЖ МАГАДГҮЙ"

Энэ жил цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг нээх үү гэдэг нь иргэдэд хүлээлт үүсгээд байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн зүгээс энэ жил танхимын сургалтыг нээхээр төлөвлөснийг өмнө нь мэдэгдсэн. Гэвч хичээлийн шинэ жилийг нээхийг Засгийн газар, Улсын онцгой комиссоос эцэслэн шийдээгүй байна. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимаар эхлүүлэхээр тодорхой хувилбар, төлөвлөлтүүдийг салбарын яам боловсруулсан байна. Үүнтэй холбогдуулан цаг үеийн асуудлаар Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.


–Намар хаяанд ирж цэцэрлэг сургуулиуд үүдээ нээх үү гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хичээлийн шинэ жилийг эхлүүлэх асуудлаар ямар бодлого төлөвлөгөөтэй ажиллаж байна?

-Боловсрол шинжлэх ухааны яам цар тахлын үед боловсролын үйлчилгээг тасалдуулахгүй байхад сүүлийн хоёр жил бүх чадлаа дайчлан ажилласан. Хэдийгээр зайнаас тодорхой хугацаанд хичээллэсэн ч танхимын сургалтыг гүйцэх төгс сургалт өнөөдрийг хүртэл алга.

Ерөнхий боловсролын хичээлийн агуулгыг цахим контент руу шилжүүлсэн ч хүлээн авч буй хүүхэд бүрт хүртээмжтэй биш. Харилцан адилгүй орчин нөхцөлд хүүхдүүд амьдарч байгаа учраас теле хичээл ялгаатай байдлыг үүсгэж байгаа юм.

Иймд танхимын сургалтыг эхлүүлэх шаардлагатай. Үүнийг ч дэлхийн олон улс зөвлөж, бид ч мэдэрч байна. Цар тахал дэгдсэнээс хойш хоёр жилийн хугацаанд хүүхдүүд хичээлийн хоцрогдолтой болсон. Үүнийг хэрхэн яаж арилгах талаар салбарын яам өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн үндэсний хэмжээний цогц төлөвлөгөөг боловсруулаад ажиллаж байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"ХАУС, МАШИН, БАЙРТАЙ 5525 ИРГЭН ХҮНСНИЙ ТАЛОН АВДАГ БАЙСАН"

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Хүнс тэжээлийн журамд өөрчлөлт оруулсныг мэдэгдээд буй. Журамд олон өөрчлөлт оруулснаас хүнсний талон олголтыг чангаруулжээ. Тухайлбал, хаустай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-с дээш малтай, хоёроос дээш орон сууцтай иргэд хүнс тэжээлийн дэмжлэгээс хасагдаж байна. Мөн хүнсний талон авч буй тухайн өрх хоёр жилийн хугацаанд хөдөлмөр эрхлэхээс татгалзвал эрхийг нь хасахаар болжээ. Энэ талаар салбарын сайд А.Ариунзаяагаас тодрууллаа.


–Амьжиргааны түвшинээс доогуур орлоготой айл өрхөд хүнс тэжээлийн нэмэгдлийг олгодог. Гэтэл хувийн сууцтай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-аас дээш малтай иргэд хүнсний талон авч байсан гэв үү.  Ямар шугамаар тэдгээр хүмүүст хүнсний дэмжлэг үзүүлж байсан юм бэ?

-Өрхийн орлогыг орлуулан тооцох судалгаанд үндэслэж, уг журмын дагуу хүнс тэжээлийн дэмжлэг олгож байсан. Хүнс тэжээлийн журамд өөрчлөлт оруулснаар зөвхөн энэ судалгаанд үндэслэхгүйгээр төр өөрт байгаа мэдээллийг ашигладаг болсон. Тэгээд л амьдралын боломжтой хүмүүс хүнсний талон авдаг байсан нь тогтоогдсон.

Жишээ нь, Авто тээврийн үндэсний төвд тухайн иргэний тээврийн хэрэгслийн бүртгэл байдаг. Тиймээс регистрийн дугаарыг нь шүүхэд тухайн өрхийн тээврийн хэрэгслүүдийн мэдээллийг харах боломжтой.

Хоёрдугаарт, Үндэсний статистикийн хорооноос жил бүр мал тооллогын бүртгэлийг гаргадаг. Мал тооллогод тухайн өрхийн малчныг регистрийн дугаараар шүүхэд малын тоо нь гарна. Энэ бүртгэлийг ашиглах боломжтой. Мөн хүн ам орон сууцны тооллогоор иргэдийг ямар сууцын төрөлд амьдардаг нь тодорхой харагдана. Энэ мэтчилэн төрд буй мэдээллийн сангуудыг ашиглаж, зохицуулалт хийх ёстой. Иймд бид системийн хяналтаар тухайн өрхүүдийг автоматаар хасах ажлыг эхлүүлээд байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


АРИЛЖААНЫ КИНО ХИЙХДЭЭ БАНКНААС ЗЭЭЛ АВЧ, ОРЛОГООСОО ТӨЛНӨ

Кино зохиолч, найруулагч, хөтлөгч А. Миеэгомботой Кино урлагийг дэмжих тухай хуулийн талаар ярилцлаа. Түүнийг хүмүүс "Эхнэрийн заавраар" шоу нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр нь илүү таних биз. Тэрбээр сүүлийн гурван жилийн хугацаанд Кино урлагийг дэмжих тухай хуулийн ажлын хэсгийн гишүүнээр идэвхтэй ажиллажээ.  Анх 2011 оноос  энэ хуулийг санаачилснаас хойш 10 жилийн дараа кино урлагийн салбар хуультай болж буй юм.


-Монгол Улс киноны хуультай боллоо. Энэ хуулийг анх 2011 онд санаачилсан гэхээр яг 10 жилийн дараа батлагдаж байна гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Ихэнх хүмүүс уг хуулийг энэ Засгийн газрын үед хэлэлцэж, хурдан баталчихлаа гэж ойлгодог. Анх киноны салбарын харилцаа зохицуулсан хуультай болох тухай санаа 2011 онд гарч, 2013 онд анхны ажлын хэсэг нь байгуулагдаж, 2016 оны сонгуулийн өмнөхөн Улсын Их Хурлаар хэлэлцэхээр өргөн барьсан ч батлагдаж чадаагүй. Ингээд 2016 онд гурав дахь ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байсан дээр манай киноны салбарын нэр бүхий уран бүтээлчдийн төлөөлөл хуралдаж, 2018 онд дундаасаа жүжигчдийн төлөөллөөс Д.Ганцэцэг эгчийг, баримтат киноны төлөөллөөс Б.Баяр найруулагч, продюсерын талаас “Хүлэгү” пикчерсийн продюсер Н.Отгонбатыг, кино зохиолчдын төлөөллөөс намайг гээд дөрвөн уран бүтээлчийг хуучин баг дээр нэмснээр дөрөв дэх ажлын хэсэг бүрдсэн. Эндээс үзэхэд Кино урлагийг дэмжих тухай хууль маань 2021 онд батлагдах хүртлээ 10 жилийн хугацаанд дөрвөн Засгийн газар, дөрвөн ажлын хэсэг дамнаж ирсэн урт түүхтэй.

Ингээд 2018 оноос хойш ажлын хэсэг маань энэ хууль дээр эрчимтэй ажиллаж эхлэхэд тухайн үед БСШУ-ны сайдаар ажиллаж байсан Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, яамны хамт олон маань бүх талаар дэмжиж, энэ хуулийг батлуулахад онцгой их үүрэгтэй ажилласан.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж