Туркийн эрх баригчид тус улын Газар дундын тэнгис, Эгейн тэнгисийн өмнөд хэсэгт гарсан ой хээрийн түймрийн шалтгааныг нягтлахаар болсноо өчигдөр мэдэгдлээ. Анталия хотын Манавгат далайн эргийн амралтын газрын ойролцоо энэ Лхагва гаригт гарсан уг түймэрт гурван хүн амь насаа алдаж, 58 хүн эмнэлэгт хүргэгджээ. Хойд зүгт 50 км-ийн зайд орших Аксеки дүүргийг түймэр мөн дайрсан байна. Туркийн хөдөө аж ахуй, ойн сайд Бекир Пакдемирли “Ойн түймэр шатам халуун цаг уур болон хүчтэй салхины нөлөөгөөр үүссэн байх магадлалтай” гэжээ.
Анталия хот бол Орос болон Европын жуулчдын хамгийн очих дуртай аялал жуулчлалын бүс юм. Мөн Анталиягаас баруун зүгт 320 км-ийн зайд орших Мармарис амралтын газрын ойролцоох 16 газарт Пүрэв гаригт гал түймэр гарснаар амралтын газар, зочид буудлуудад аюул тулгарчээ. Тухайлбал, Эгей тэнгисийн эргийн амралтын газар болох Гуверчинлик зочид буудлыг нүүлгэн шилжүүлсэн байна.
Мармарис хотын захирагч Мехмет Октай "NTV" телевизэд өгсөн ярилцлагадаа “Гал түймрийн хажуугаар хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан байж болзошгүй” гэсэн бол Туркийн ерөнхийлөгчийн харилцаа холбооны захирал Фахреттин Алтун "Гал гарсан шалтгааныг нарийвчлан шалгаж эхэлсэн” гэжээ.
Зуны хуурай саруудад Газар дундын тэнгис, Эгей тэнгис орчмын Туркийн бүс нутагт ой хээрийн түймэр гарах нь элбэг тохиолддог боловч тэдгээр түймрийн заримыг Курдын зэвсэгт хүчнийхэн өдөөж байжээ. Тус улсад Лхагва, Пүрэв гаригуудад нийт 53 удаа гарсан ойн түймрийн олонхыг хяналтандаа авсан байна. Түймэр унтраах ажиллагаанд гурван нисэх онгоц, 38 нисдэг тэрэг, 4000 орчим гал сөнөөгчийг дайчилжээ.
С.НАРАНГАРАВ
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS NEWS
Холбоотой мэдээ