Халдвар, халуун хоёр Токиогийн олимпийг харлуулж байна

Хуучирсан мэдээ: 2021.07.30-нд нийтлэгдсэн

Токио 2020

Халдвар, халуун хоёр Токиогийн олимпийг харлуулж байна

Халдвар, халуун хоёр Токиогийн олимпийг харлуулж байна

Токиогийн олимп хуваарийнхаа дагуу ямар нэгэн саадгүй явагдаж байгаа хэдий ч Токио хотын цаг агаар болон халдварын нөхцөл байдал олны анхаарлыг татаж байна.

Эхний өдөр Оросын байт харвааны тамирчин Светлана Гомбоева гадаа зогсож байхдаа ухаан балартаж унасан бол удалгүй талбайн теннисний тамирчид гомдоллож эхэлсэн. Саяхан талбайн теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан тэмцээний үеэр итали тамирчин Фабио Фонини халуун цаг агаарын улмаас өрсөлдөгчөө харааж, дараа нь хатуу анхааруулга авсан.

Тэрбээр Оросын Даниил Медведевтэй учраа тааран тоглосон бөгөөд 6-2, 3-6, 6-2 гэсэн харьцаатай ялагдсан билээ.

Фабио Фонини тоглолтын дараа өөрийн инстаграм “Би наранд цохиулчихсан. Өнөөдрийн тоглолтын үеэр би өөрийгөө тэнэг харагдуулах зүйл хийлээ. Мэдээжийн хэрэг, би хэн нэгнийг доромжлох гээгүй шүү. Би ЛГБТ нийгэмлэгт хайртай. Надаас гарсан утгагүй зүйлд уучлалт гуйж байна” гэжээ.

Түүний эсрэг тоглосон Даниил Медведев тоглолтын үеэр хэд хэдэн удаа завсарлага авч, сэрүүцсэн аж. Үүнд нь уурссан итали тамирчин түүнийг нийгмийн цөөнхийг доромжилдог үгээр хараажээ.

Гадаа талбайд  Цельсийн 30 градусын халуунд тоглосон Медведев “Тоглолтын үеэр миний өрц түгжирэх шиг болсон. Би чөлөөтэй амьсгалж чадахгүй байсан. Магадгүй энэ өдөр миний амьдралын хамгийн халуун, бүгчим өдөр байсан байх” гэжээ.

Мөн Испанийн талбайн теннисний тамирчин Паула Бадоса наранд цохиулж, тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болсон. Хэт халуунд түүний ухаан балартаж, хөл дээрээ зогсож чадахгүй байсан учир түүнийг тэргэнцэрээр талбайгаас гаргасан аж.

Энэ талаараа 23 настай испани тамирчин “Тэмцээнээ ийм байдлаар өндөрлүүлсэнд уучлаарай. Испани улсаа төлөөлөн анх удаа олимпод оролцлоо. Эх орноо төлөөлөх гайхалтай боломж олдлоо. Намайг дэмжсэн олон хүний дэмжлэгийг тоглолтоороо хариулахыг хүссэн. Удахгүй тэгнэ гэж найдаж байна. Та бүхэндээ баярлалаа” хэмээн ярьжээ.

Талбайн теннисний тамирчид ээлж дараалан Токио хотын халуун, бүгчим цаг агаараас болоод гомдол гаргаж байгаа тул тоглолтуудыг үдээс хойш 15:00 цагаас эхлүүлэхээр болжээ. Мөн тамирчин бүрийг 10 минут амрах зөвшөөрөл олгожээ.

Халуун цаг агаарын хажуугаар “Covid-19”-ийн халдварын асуудал хөндөгдсөн. Долдугаар сарын 29-ний байдлаар олимпийн наадамтай холбоотой 193 тохиолдол бүртгэгдээд байна. Өчигдөр 24 хүний шинжилгээний хариу эерэг гарсан аж. Хамгийн сүүлд, тамирчид дотроос АНУ-ын тулгууртай харайлтын тамирчин Сэм Кендрикс халдвар авсан нь тогтоогдож, олимпод оролцох боломжгүй болжээ. Түүнээс өмнө долоон хүн халдвар авахад хоёр нь тамирчин байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж