2020 онд дэлхий даяар цар тахлын нөхцөл байдлаас үүдэн эдийн засгийн уналт тохиож, хүн амын зорчих хөдөлгөөн хумигдаж тэр хэрээр газрын тос, шатахууны үнэ ёроолдоо хүртэл унаад байна. Ер нь эдийн засаг өсөх үед шатахууны үнэ өсдөг, эдийн засаг буурах үед шатахууны үнэ буурдаг ерөнхий чиг хандлага дэлхийд байдаг ажээ. Харин 2021 он цар тахал хумигдаж дэлхийн эдийн засаг эргэж сэргэсэн, Хятадын эдийн засаг бүр 12 хувь хүртэл өссөн зэргээс шалтгаалж нефт, шатахууны үнэ дэлхий нийтээрээ өссөөр байгаа юм байна.
Эрэлт хэт ихэссэнтэй холбооотой ОХУ-ы зүгээс А-95, А-98 шатахууны нийлүүлэлтийг есдүгээр сарын 1 хүртэл зогсоожээ. Гэхдээ цаад шалтгаан нь манай ШӨХТГ-аас чанаргүй бүтээгдэхүүн Монголд нийлүүлж байна гэсэн мэдээ явуулж эхэлсэн учир оросууд гэдийж, А-95, А-98 дээрээ хориг тавьсан гэж зарим эх сурвалж ярьж байгаа аж. Ямартай ч одоогоор А-95, А-98 шатахууны 45 хоногийн нөөцтэй байна. Ашигт малтмал, газрын тосны газрын хувьд нэн түрүүнд нөөц тасалдахгүй, шатахууны чанар яригдах ёстой, үнэ дараагийн асуудал гэсэн байр суурь илэрхийлсэн юм.
Шатахууны үнэ үндэслэлгүй нэмбэл хариуцлага тооцдог. Харин энэ удаагийн нэмэгдсэн үнэ бол гарцаагүй үндэслэлтэй бөгөөд гаднаас авч буй А-92 бензиний үнэ литр тутамд 2000 төгрөгийн өртөг гарч буй учир 2050-2060 төгрөг болгож нэмэхээс аргагүй гэсэн тайлбар нефт импортлогч компаниуд дурдаж, санхүүгийн бүх тооцоо мэдээлэл нийтэд ил тод болгох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Н.ГАЛТ
Холбоотой мэдээ