Израиль улс өнөөдрөөс Covid-19 вакцины гуравдугаар тунг эхлүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.07.30-нд нийтлэгдсэн

COVID-19

Израиль улс өнөөдрөөс Covid-19 вакцины гуравдугаар тунг эхлүүлэв

Израиль улс өнөөдрөөс Covid-19 вакцины гуравдугаар тунг эхлүүлэв

Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннет өчигдөр тус улс эхний ээлжинд вакцинд хамрагдсан 60-аас дээш насны хүмүүст “Covid-19”-ийн эсрэг нэмэлт тунг санал болгоно гэж мэдэгдлээ. Израиль улс энэ оны эхээр  вакцинжуулалтыг амжилттай зохион байгуулсан бөгөөд иргэдээ гуравдугаар тунд хамруулахаар болсон анхны орон билээ.

Тус улсын 9.3 сая иргэний 57 гаруй хувь нь Pfizer юмуу BioNTech вакциныг хоёр тунгаар хийлгэсэн бөгөөд 40-өөс дээш насны хүн амын 80 гаруй хувь нь вакцинд бүрэн хамрагджээ.

Тэрбээр “Би өнөөдөр оройноос  вакцинжуулалтын гурав дахь аян эхэлж байгааг мэдэгдэж байна. Бодит байдал вакцин аюулгүй болохыг, хүнд өвчлөл болон нас баралтаас аварч байгааг баталсан. Томуугийн вакциныг цаг цагт хийлгэдэг шиг нэмэлт тунг хийлгэх цаг ч мөн тулан иржээ” гэсэн юм. Тус улсад сүүлийн үед халдварын тоо эрс нэмэгдэх болсон нь цагийн аясаар вакцины нөлөө буурсны шинж гэж үзсэн юм.

Нэмэлт тун хийлгэх 60-аас дээш насны хүмүүс таван сарын өмнө вакцины өмнөх тунд хамрагдсан байх шаардлагатай аж.

Беннетийн хэлснээр тус улсын шинэ ерөнхийлөгч, өдгөө 50 настай Исаак Херцог өнөөдөр нэмэлт тунд хамрагдах эхний хүн болох гэнэ. Харин Израилийн холбоотнууд болох АНУ болон ЕХ-ны улсуудын хувьд нэмэлт тун хийлгэх нь үр дүнтэй эсэх, үр дүнтэй гэж тооцвол хэнийг хэзээ хамруулах нь тодорхойгүй байна гэж үзсэнээр гурав дахь тунг батлаагүй байна. Харин Беннет тус улсын мэргэжилтнүүдийн баг өргөн хүрээтэй судалгаа шинжилгээ явуулсны эцэст судалгааны дүнд үндэслэн нэмэлт тунг санал болгохоор шийдсэн гэжээ.

Израиль улс энэ оны эхээр вакцинжуулалтыг эхлүүлэн хамгийн өргөн хүрээтэй, хурдацтай зохион байгуулж, Pfizer вакциныг иргэддээ хангалттай хэмжээгээр худалдан авсан юм.

Ийнхүү иргэдээ хоёр тун вакцинд хамруулснаар бусад улс оронтой эдийн засгийн харилцаагаа сэргээхээр болсон ч вакцин хийлгэсэн иргэд "делта" хувилбараар өвчилж эхэлсэн нь асуудал болжээ.

Беннет вакцинд хараахан хамрагдаагүй байгаа залуучуудаа ч мөн вакцин яаралтай хийлгэхийг уриалав. Харин ДЭМБ энэ сарын эхээр нэмэлт тунд ямар нэгэн баталгаа өгөхгүй гэсэн юм.

С .НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж