Шатахууны үнэ сарын дотор 600 төгрөгөөр өсөв. Мэдээж, бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсөх нь тодорхой. Олон нийт ууртай бухимдалтай байна. Цар тахлыг гамшиг, эдийн засгийн хямралын хажуугаар урагшгүй ноёнд ухаангүй зарц нар гэгчээр төрийн дунд, доод шатныхны байж байгааг нь ээ. Хийсэн хаалгаснаас нь болж хэчнээн сараар импорт гацав!
Засгийн газрын нэр хүнд гэрлийн хурдаар унаж байна. Яагаад, юунаас болов! Ийм асуултыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөртөө тавих цаг болжээ.
Нэг.
Тэрбээр Токио явахын өмнөхөн Замын-Үүдэд ажиллаж импортын тээг, гацааг гаргах нэг сарын хугацаатай гэрийн даалгаврыг тодорхой албан тушаалтнуудад өгсөн. Ерөнхий сайдын үүрэг болгосон сарын хугацаа нь ирэх долоо хоногт дуусна.
Гэвч, байдал огт сайжирсангүй. Товчхондоо, Ерөнхий сайд нь өөрөө очиж, хуулийн сайдаа явуулаад ч хил дээрх асуудал шийдэгдсэнгүй. Өнгөрөгч тавдугаар сард нэг машин 20-25 мянган юаниар хөлсөлдөг байсан бол өдгөө багадаа 65-75 мянган юань болж өссөн байна. Нэг метр куб ачаа 300 юаниас 1450 юань болж нэмэгджээ.
Ариутгалын хаалганы гарах чиглэл нь ашиглалтад орсон хэдий ч орох чиглэлээ угсраагүй. Сарын дараа орох чиглэлийн хаалгаа угсарч дуусахаар төлөвлөж байгаа гэх. Сарын хугацаанд ариутгалын хаалга бүрэн угсарч чадахгүй байгаа албан тушаалтнууд нэг бол чадваргүй, нөгөө бол авлигаасаа салж чадахгүй байна гэсэн үг.
Эцэстээ энэ бүхнээс Ерөнхий сайд өөрөө худалч, шоучин болоод өнгөрөх дэг. Зүй нь танхимынх нь нэг сайдын, харъяа агентлагуудын дарга нарын шийдчих амархан болоод жижигхэн асуудал л даа.
Хоёр.
Үүнээс болж Ерөнхий сайд авлигатай тэмцэх комисс байгуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулав. Х.Нямбаатар Замын-Үүдэд камер, гавтай очиж, өөрийн биеэр зургаан албан тушаалтан баривчилсан боловч, төд удалгүй тэднийг сулласан. Үндсэндээ, нисдэг бор морийг нь “алаад ир” гээд явуулсан ч, нисдэггүй бор морийг нь “идчихдэг” шиг л болсон юм даг уу даа, янз нь.
Засгийн газар Замын-Үүдийн авлигын сүлжээг дэлгэнэ гэснээс хойш бараг сар боллоо. Ар томтой хурган дарга нарын авлигын сүлжээг дэлгэх санаа байгаад ч Ерөнхий сайдын сачий хүрсэнгүй юү, хүссэнгүй юү.
Ямар ч байсан Замын-Үүд рүү гаалийн байцаагчдыг бараг шагналын журмаар томилдог гэсэн яриа бий. Гаалийн хяналт шалгалт хийдэг улсын байцаагч нарын дийлэнх нь төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүс учраас Х.Нямбаатарын баривчилгаа шоу төдийгөөр л дуусах бололтой.
Гурав.
Монгол Улс 2020 онд 180 улс орноос 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн нь өмнөх оноос таван байраар ухарсан үзүүлэлт болжээ. Тиймээс Ерөнхий сайд улсаа эсвэл анд нөхдөө сонгох сонголт хийхэд хүрснээ зарласан. Гэхдээ улсаа сонгох уу, анд нөхдөө бодох уу гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ их л удаан бодож байх шиг.
Улсаа бодохоор засаг нь унах, анд нөхдөө бодох гэхээр авлига нь улсаа хөмөрчих гээд ёстой л хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага шиг яваа бололтой.
Цар тахал гамшгийн хэмжээнд хүрснээс гадна эдийн засгийн хямрал, шатахууны үнийн өсөлт, экспорт, импортын тэг зогсолт Л.Оюун-Эрдэнийн "толгойны өвчин" болчихлоо. Ядаж байхад МАН-ын жинхэнэ даргын төлөөх тэмцэл төрийн зовлон болж хувирах шинжтэй. Наанаа инээсэн эрх баригчид цаанаа ханцуй дотроо хутгаа нуугаад “алалдаж” байх шиг.
Ингэхэд, Л.Оюун-Эрдэнэ энэ цагийн лидер үү, лойдор уу гэдэг нь түүний улсаа эсвэл анд нөхдөө сонгохоос бас шалтгаална.
Холбоотой мэдээ