Шадар сайд С.Амарсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Мэргэжлийн хяналтын газрын дарга Т.Гантулга болон бусад албаны хүмүүс Замын-Үүдэд ажиллаж байна. Тус боомтын удирдлагууд солигдсон сарын хугацаанд хийсэн ажлын талаар Замын үүд дэх гаалийн албаныхан мэдээлэв.
Тухайлбал, 2021 оны долдугаар сарын 1-ны байдлаар чөлөөт бүс болон бүсийн гадна талбайд нийт 2600 тээврийн хэрэгслийн дараалал үүссэн байна. Харин долдугаар сарын 30-ны өдрийн байдлаар чөлөөт бүсийн хашаанд 237, гадна талбайд 1285 тээврийн хэрэгсэл байгаа аж. Долдугаар сарын 18-наас эхлэн хилээр нэвтрэх дарааллын дугаарыг олгож эхэлсэн байна.
Авто замаар тээврийн хөдөлгөөнийг зохицуулахаас гадна төмөр замын ачаа эргэлтэд анхаарлаа хандуулж эхэлсэн. Тодруулбал, Эрээн хотоос 50 вагон ачигдаж, гаалиар орж ирэхэд бэлэн болсон байгаа. Хил гааль дээр гацсан барааны асуудал иргэдэд хүндрэл учруулж байгаа төдийгүй олон сар ариутгал халдваргүйтгэлээс болоод гацсан ачаа бараа нэмэгдсээр байгааг карго үйлчилгээ эрхлэгчид хэлсэн юм. Тиймээс цаашид наймдугаар сарын зохион байгуулалтаа арга хэмжээгээ нарийвчилж уялдууж чадвал Хөх хот болон Эрээний төмөр замтай ярилцаж, төмөр замын тээврийг нэмэгдүүлэх боломжтой аж.
Шадар сайд С.Амарсайхан:
-Одоогийн байдлаар Эрээний талд гурван мянган тонн орчим ачаа бараа гацсан байгаа. Эдгээрийг татан авахад төмөр замын вагоны хүчин чадал чухал. Үйлдвэрлэгч үйлчилгээний байгууллагуудын бараа, бүтээгдэхүүнүүд хэдэн сар гацсан. Өдөрт 100-110 машин хилээр гарч байгаа. 150-160 тээврийн хэрэгсэл өдөртөө гаалиар орж ирж байна. Холбогдох зохицуулалтыг яаралтай хийх хэрэгтэй гэлээ.
Холбоотой мэдээ