Хэдхэн долоо хоногийн дараа “iPhone 13” гарах сургаар энэхүү шинэ загвар ямар байж болох талаарх өргөн хэлэлцүүлэг өрнөж байна. “Apple” компани худалдаанд гаргаагүй бүтээгдэхүүнийхээ талаар ямар нэгэн тайлбар хийдэггүй тул холбогдох мэргэжилтнүүд шинэ бүтээгдэхүүний үнэ, хэмжээ, загвар, өнгө, худалдаанд гарах өдөр зэргийн талаарх мэдээллийг таамаг байдлаар хүргэж буй. Ийнхүү “iPhone 13”-ийг тойрсон мэргэжилтнүүдийн таамаглалыг хүргэе.
БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДААНД ГАРАХ ӨДӨР
Өнгөрсөн онд “Covid-19”-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор “iPhone 12”-ийн худалдаанд гарах өдөр аравдугаар сарын 13-ны өдрийг хүртэл хойшилсон билээ. Гэвч “Apple”-ийн шинжээч Мин Чи Куо “iPhone 13”-ийг ердийн төлөвлөгөөний дагуу буюу есдүгээр сард худалдаанд гарна гэж тооцож байна. Түүнчлэн “Apple” компани жилийн өмнө “iPhone 12”-ийг худалдаанд цагтаа гарахгүй гэдгийг урьдчилан сануулсан бол энэ зургадугаар сард ашиг орлогоо танилцуулах үедээ хойшлох талаар мэдээллээгүй.
“Apple” компанийн өмнөх туршлагуудаас харахад бид “iPhone 13”-ийг есдүгээр сарын дөрөв дэх Баасан гариг буюу есдүгээр сарын 24-ний өдөр лангуун дээрээс олж харах боломжтой аж. Харин “Wedbush” шинжээч компанийн тайланд дурдсанаар есдүгээр сарын гурав дахь 7 хоногт “iPhone 13”-ийн урьдчилсан захиалга эхэлж түүний дараагийн долоо хоногт худалдаанд гарч эхэлнэ гэжээ. Гэвч энэ бүгд ердөө таамаг.
ҮНЭ
“iPhone 13”-ийн үнийн талаар мэргэжилнүүд “IPhone 12”-ийн 699, 799, 999, 1,099 ам.доллар зэрэг үнийн жишгийг дагана гэж таамаглаж байна. Учир нь “Apple” компани шинэ үеийн “iPhone” бүрийн үнийг өмнөх үеийнхтэй харьцангуй ойр байлгах хандлагатай байдаг.
Харин “TrendForce”-ийн тайланд дурдсанаар “iPhone 13” загваруудыг тооцон үзэхэд үнийн хувьд өмнөх загваруудаас харьцангуй өндөр байна хэмээжээ. Харамсалтай нь, “iPhone 13 Pro” загваруудад 1ТB-ын багтаамж байхгүй гэж тус компани мэдэгджээ.
ХЭМЖЭЭ
“iPhone 13”-ийн хэмжээний тухайд “iPhone 12”-ийн адилаар нийт дөрвөн хэмжээтэй байх гэнэ. Тодруулбал 5.4 инчийн “iPhone 13 Mini”, 6.1 инчийн “iPhone 13”, 6.1 инчийн “iPhone 13 Pro”, 6.7 инчийн “iPhone 13 Pro Max” зэрэг юм. Харин Евразийн эдийн засгийн комиссын мэдүүлэгт дурдсанаар шинэ “iPhone 13” өөр өөр тохиргоо бүхий долоон хэлбэр хэмжээтэйгээр гарах аж. Өмнөх “iPhone 12 Mini” сайн зарагдаагүй боловч “iPhone 13”-ийн мини загвартайгаар бас гарах гэнэ.
ЗАГВАР
“Apple Insider”-ийн гарын авлагад “iPhone”-ийн шинэ загвараас ямар өөрчлөлтийг харж болох талаар цөөн хэдэн мэдээллийг дурдсан юм. Үүнд дурдсанаар энгийн “iPhone 13”-ийн спикер төхөөрөмжийн орой хэсэгт байрлаж, диагональ камертай байх бол “iPhone 13 Pro”-ийн хувьд илүү том камерийн модультай байх аж. Харин сим картны оруулга, унтраах асаах товчлуур зэрэг нь илүү доор байрлах магадлалтай байна.
Сонни Диксоноос “iPhone 13”-ийн бусад дамми төхөөрөмжүүд ямар байхыг утасны арын байрлалаас харуулсан бөгөөд зурагт үзүүлснээр шинэ загвар диагональ камертай байх нь тодорхой болсон. Үүнээс гадна “iPhone 13 Pro Max” нь өмнөх загвараасаа арай том хэмжээтэй байж магадгүй. Хэдий батлагдаагүй боловч “iPhone 13 Pro”-ийн камер нэлээд том байна гэж таамаглаж байгаа юм.
“Digitimes”-аас гаргасан тайланд дурдсанаар нүүр таних технологид ашигладаг “VCSEL” чипийн хэмжээ 40-50%-иар жижигрэх аж. Иймээс “Face ID” байрлах ховил “iPhone 13”-ийн хувьд илүү жижиг хэмжээтэй байх магадлалтай. Мөн “IPhone 13 Pro Max”-ийн шинэ загвар илүү жижиг ховилтой байх тул чихэвчний чанга яригчийг ховилд байрлуулахаа больж дээд хүрээ рүү шилжүүлсэн байх боломжтой.
ӨНГӨ
“iPhone 13”-ийн өнгөний талаар өрнөсөн элдэв таамгууд мөн байгаа юм. Тухайлбал “iPhone 13 Pro” хар, мөнгөлөг, алтлаг ягаан, шаргал зэрэг дөрвөн өнгөний сонголттой байх аж. Мөн ердийн “iPhone 13” ягаан өнгөтэй байж болох таамаглал байна. Макс Вайнбахийн мэдээлж буйгаар “iPhone 13 Pro”-ийн өнгөний сонголт дээр царцсан хар болон хүрэн эсвэл улбар шар гэсэн хоёр өнгө нэмэгдэх гэнэ.
С.НАРАНГАРАВ
ЭХ СУРВАЛЖ: TOM’S GUIDE
Холбоотой мэдээ