Монголын спортын тэмцээн уралдаанууд эргэн ирж байна. Өнгөрөгч Лхагва гаригт Монголын хөлбөмбөгийн холбооны 2021 оны улирлыг нээж "Атлетик 2020" болон "Улаанбаатар" клубууд “Супер цом”-ын төлөө тоглож, "Улаанбаатар" нэмэлт цагт 2-0 гэсэн харьцаатай хожлоо.
Хоёр багийн тоглолтын үндсэн цаг 0:0-ээр өндөрлөж нэмэлт цаг сунгахад “Улаанбаатар” клуб болон үндэсний шигшээ багийн хагас хамгаалагч Б.Балжинням 97’ дахь минутад гоолыг салхийг хагалсан юм. Удаах гоолыг “Атлетик 220” клубээс “Улаанбаатар”-т шилжсэн хамгаалагч Д.Төрбат 101’ минутад гоол оруулж шинэ багтаа өөрийгөө харуулахын зэрэгцээ гоолын баяраа тэмдэглэлгүй хуучин багийнхандаа хүндэтгэл үзүүллээ.
"Атлетик 220" баг өнгөрсөн улирал Дээд лигт анх удаагаа түрүүлсэн билээ.
120 минут үргэлжилсэн ширүүн тэмцлийн эцэст ялалт байгуулсан “Улаанбаатар” клуб анх удаа “Супер цом”-ыг өргөлөө. Өдгөө 10 жилийн ойгоо тэмдэглэж буй нийслэлийн клубт Монголын хөлбөмбөгйин холбооны Дэд Ерөнхийлөгч Х.Азжаргал цомыг нь гардуулан өгөв.
Ийнхүү үзэгч хөгжөөн дэмжигчид, тоглогч, дасгалжуулагчид, ивээн тэтгэгч, хөлбөмбөгийн зүтгэлтнүүдийн хүсэн хүлээсэн шинэ улирал эхэллээ. Наймдугаар сарын 1-нд “Hisense” үндэсний дээд лигийн тоглолтуудаар эргэн уулзацгаая.