Газрын тосны үйлдвэр ашиглалтад орох хугацаа жилээр хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.30-нд нийтлэгдсэн

Газрын тосны үйлдвэр ашиглалтад орох хугацаа жилээр хойшилжээ

Газрын тосны үйлдвэр ашиглалтад орох хугацаа жилээр хойшилжээ

"Гадаад зах зээл дэх нефтийн ханш манай дотоодын жижиглэнгийн шатахууны  үнэд шууд нөлөөлдөг. Учир нь Монгол Улс үйлдвэрлэгч орон биш. Наймдугаар сард ОХУ импортоор АИ-95 шатахууныг нийлүүлж чадахгүй  гэх хариуг манайд өгсөн” гэх асуудлыг өчигдөр /2021.07.29/ Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр дуулгав. Улмаар нэр бүхий шатахуун түгээх станцууд өнөөдрөөс эхлэн 300 төгрөгөөр үнээ нэмж АИ-92, 95 шатахуун  2050 төгрөгт хүрчээ. 

Монгол Улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний импортоос 100 хувь хараат байгаа нь гадаад худалдааны тэнцэлд муугаар нөлөөлөхөөс гадна бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцийг хөөрөгдөх гол хүчин зүйл болж байгаа гэхэд буруудахгүй. Тиймдээ ч  шатахууны үнийг “хазаарлах” ганц найдвар нь Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болох  юм.

Монгол Улс өнгөрсөн таван  жилийн хугацаанд ОХУ болон БНХАУ-аас жилд дунджаар 1.25 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн худалдан авч үүнд 1 тэрбум орчим ам. доллар зарцуулсан нь нийт импортын 25-30 хувийг эзэлжээ.

Судалгаагаар “Уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн нийт зардлын 30 орчим хувийг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нийт зардлын 25-30 хувийг түлш шатахууны зардал эзэлдэг” хэмээн дурдсан байна.

ТЭГВЭЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР ХЭЗЭЭ АШИГЛАЛТАД ОРОХ ВЭ?

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 2021 оны нэгдүгээр сарын 15-нд Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайд үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагаа болсон.  Тус үйлдвэр нь  Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн1.2 тэрбум ам.долларын  санхүүжилтээр хэрэгжиж буй бөгөөд жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай юм. 

Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХКК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг  өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд УИХ-ын чуулганы үеэр  “Үйлдвэр ашиглалтад орсноор үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид борлуулах үнэ нь нэг литр АИ-95 бензин 1445 төгрөг, дизель 1372 төгрөг, харин онгоцны түлш 1488 төгрөг байх тооцоолол гаргасан” тухай мэдээлсэн.

Дээрх үйлдвэрийг 2024 оны зургадугаар  сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч цар тахлын улмаас нэг жилээр хойшилжээ.

Өнөөдрийн байдлаар инженерчлэл, төлөвлөлт, зохион байгуулалт болон технологийн бус барилга байгууламж барих ажлын гэрээ байгуулагдан бүтээн байгуулалт үргэлжилж байна. Үйлдвэрийн талбайд оффис, сургалтын төв, гал команд болон анхны тусламжийн байр,  засварын цех, лаборатори, агуулахаас гадна Бор хөөвөрийн говиос татах усан хангамжийн ажлыг цогцоор нь байгуулах аж.  

ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛСНООР ШАТАХУУНЫ ХОМСДОЛ, ҮНИЙН ХӨӨРӨГДЛӨӨС БҮРЭН АНГИЖРАХ УУ?

Газрын тосны үйлдвэрийн нэгж бүтээгдэхүүний өртөг зардлын 80-85 хувь нь дэлхийн зах зээл дээрх түүхий тосны үнээс шалтгаалдаг. Энэ үнийг урьдчилан таамаглахад хэцүү, нэг жилийн дотор баррель нь 140 ам.доллар байсан тос 40 ам.доллар хүртэл унаж байсан тохиолдлыг бид мэднэ. Тэгэхээр энэ үйлдвэрийн эдийн засаг дэлхийн зах зээлийн үнэтэй хамааралтай харагдаж байна. Харин энэ хамаарлыг үгүй болгохын тулд 2021 оны нэгдүгээр сард УИХ-аар баталсан “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай” хуулиар гаргаж иржээ. Монголын төр газрын тосны түүхий эдийн өөрийн түшиц газартай болсноор энэ хамаарлаас холдох боломжтой. Төр өөрийн өмчийн түүхий тосоо өөрийн өмчийн үйлдвэртээ үнэгүй ч өгч болох дархан эрхтэй болно. Энэ хэрээр бензин, түлшээр хөдөлдөг бүхэнд хүрч очих шатахууны үнэ хямдрах нь ээ. Үр дүн нь мэдээж тээврийн үнэ шингэдэг бүх л төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ төсөр, иргэдийн гар дээрх мөнгө үнэ цэнтэй болох нь ойлгомжтой. Том зургаараа төр газрын тосны стратегийн ордоо өөрийн өмч болгон авснаар газрын доорх баялгаа иргэн бүр өмчлөх боломж бүрдэх юм. Нөгөө талаар Засгийн газар түлш шатахууны үнийг дотооддоо бодлогоор зохицуулах боломж бий болно. Импортын шатахууны үнээр талхныхаа үнийг “удирдуулсаар” байгаа бидэнд үүнээс илүү хэрэгтэй зүйл үгүй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долдугаар сард газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцах үеэр  “Зөвхөн Монгол биш дэлхий даяар цар тахалтай тулж байна. Нэг жил зогслоо. Тиймээс бид Covid-19-тэй дасан зохицоод, сөрөөд, халдвар хамгааллын дэглэмээ сайн бариад том төслүүдээ урагшлуулахгүй бол эдийн засаг хүндэрч, бүх улс оронд төсөв тасалдах хэмжээний хямрал үүснэ. Эхний шинж тэмдгүүд гарч байна. Тухайлбал, зогсонги байж байгаад гэнэт хөдөлгөөн орж, үйлдвэрлэл сэргээд ирэхээр бараа материалын хомсдол, үнийн хөөрөгдөл үүсч байна. Үүнийг хамтдаа даван туулах шаардлагатай. Газрын тосны үйлдвэр ч биш бусад бүтээн байгуулалт, олон төсөл цар тахлаас улбаалж нэг жил алдлаа. Ийм учраас эрчимтэй ажиллаж, анхаарал хандуулах ёстой” гэдгийг онцолж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж