Олимпийн наадмын гимнастикийн тэмцээн хоёр их гүрний дунд гол өрсөлдөөн явагддаг гэхэд хилсдэхгүй. Саяхан явагдсан багийн төрөлд Оросын охид түрүүлж, АНУ-ын баг мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл өчигдөр/2021.07.29/ эмэгтэй ганцаарчилсан төрлийн шигшээ шат явагдав.
Америкчуудын найдвар тавьж байсан Симон Байлс өөрийн хүсэлтээр олимпийг үргэлжлүүлэхгүй гэдгээ мэдэгдэж олон хүнийг гайхшруулаад авсан. Нэг од мөхөхөд, дараагийн од шинээр үүсдэг шиг Байлс олимпийг орхисноор Суниса Лий гялалзах боломжтой болов.
Саяхан 18 нас хүрсэн Лаос гаралтай Лий охин 57.433 оноогоор алтан медаль хүртэж, түүний араас Бразил болон Оросын охид удаалав. Өнгөрсөн жил ахиллисийн шөрмөсөө гэмтээж, зүүн хөлнийхөө ясыг хугалаад байсан охин олимпод түрүүлэх тавилантай байжээ.
Алтан медаль Суниса Лий “Сүүлийн хоёр жил Covid, гэр бүл гээд олон солиотой зүйлс тохиолдлоо. Энэ медаль надад маш гүн утгатай. Сэтгэл хөдөлж байна. Үүнийг хүртсэндээ өөрөөрөө бахархаж, өөртөө итгэж байна” гэжээ.
Суниса Лий ийнхүү Токиогийн олимпоос хоёр дахь медалиа хүртэж байна. Тэрбээр багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн билээ.
Түүнийг дэмжихээр багийн нөхөд нь болох Грэйс МакСаллум, Жордон Чилес, Майкайла Скиннер, Симон Биллс нар ордонд ирсэн байв.
АНУ ийнхүү гимнастикийн эмэгтэй ганцаарчилсан төрлийн алтан медалийн тоогоороо ЗХУ-тай тэнцэж ирлээ.
Үзүүлбэрийнхээ талаар Лий “Эхэндээ бага зэрэг сандарлаа. Симон оролцохгүй болсон тул хүмүүс над руу анхаарлаа хандуулж, энэ нь ч надад дарамт боллоо. Гэхдээ медаль авч чадлаа. Би олон зүйл бодохгүй байхыг хичээж, өөртөө л анхаарал хандуулсан” хэмээн ярив.
Мөнгөн медаль хүртсэн Бразилын тамирчин Ребека Андраде улсынхаа түүхэнд гимнастикийн төрлөөс олимпийн медаль хүртсэн анхны тамирчин болжээ.
Түүх бүтээсэн Андраде “Шилдэг үзүүлбэрээ үзүүлсэн. Үр дүнгээр нь ч бахархаж байна. Би сэтгэл зүйчтэйгээ тулж ажиллаж, энэ амжилтанд хүрлээ. Алт, мөнгө, хүрэл гээд ямар ч медаль байсан хамаагүй. Бүр медаль хүртэх эсэх нь ч надад сонин биш байсан. Би олимпийн наадамд өөрийн гайхалтай үзүүлбэрээ үзүүллээ. Үүндээ л талархаж байна” гэв.
Харин багийн төрөлд түрүүлээд байсан Оросын Ангелина Мелникова ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртсэнийхээ дараа “Үнэхээр баяртай байна. Энд хүрэх гэж их хүнд зам тууллаа. Мөрөөдөл минь биеллээ. Энэ медалийн төлөө таван жил би хөдөлмөрлөсөн. Энэ хугацаанд ганц ч тэмцээн алгасаагүй” гэжээ.
Холбоотой мэдээ