34 мянган хүнтэй Сан Марино олимпийн анхны медалиа хүртэв

Хуучирсан мэдээ: 2021.07.30-нд нийтлэгдсэн

Токио 2020

34 мянган хүнтэй Сан Марино олимпийн анхны медалиа хүртэв

34 мянган хүнтэй Сан Марино олимпийн анхны медалиа хүртэв
Tokyo 2020 Olympics - Shooting - Women's Trap - Medal Ceremony - Asaka Shooting Range, Tokyo, Japan - July 29, 2021. Bronze medalist Alessandra Perilli of San Marino reacts REUTERS/Ann Wang

Италийн зүрхэнд орших 34 мянга гаруй хүн амтай, 61 км² газар нутагтай Сан Марино хэмээх улс олимпийн анхны медалиа өчигдөр/2021.07.30/ хүртлээ. Эмэгтэйчүүдийн таваг буудлагын төрөлд тус улсын тамирчин Алессандра Перилли өрсөлдөж, 29 оноогоор хүрэл медаль хүртжээ. Харин алтан медалийг Словакийн тамирчин Зузана Рехак-Стефечекова олимпийн рекордыг эвдэн хүртсэн бол мөнгөн медалийг АНУ-ын тамирчин Кэйл Браунин хүртсэн аж.

Сан Марино олимпийн түүхэнд медаль хүртсэн хамгийн жижиг улс болжээ.

Улсынхаа анхны олимпийн медалийг хүртсэн Алессандра Перилли “Финалын үеэр тав дахь тамирчин буудлагаа гүйцэтгэж байх үеэр би дахиж л дөрөвдүгээр байрт орохгүй юм шүү гэж өөртөө хэлсэн. Тэгээд л буудлагаа гүйцэтгэсэн. Энэ бол миний болон манай улсын анхны медаль. Бид жижиг улс хэдий ч үүгээрээ бахархаж байна. Улс орон маань тэр даяараа галзуурч, баярлаж, уйлж байгаа байх. Тэгэж байгаа гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Перилли 2012 оны Лондонгийн олимпод оролцож, дөрөвдүгээр байр эзэлж, улсынхаа түүхэн дээд амжилтыг үзүүлж байжээ. Түүнээс өмнө 1984 оны Лос Анжелесийн олимпийн буудлагын төрөлд оролцсон Сан Марино улсын тамирчин Францесо Нанни тавдугаар байр эзэлж байв.

Өдгөө 33 настай Перилли 2001 онд аавыгаа дагаж анх буудлагын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд түүний эгч Арианна Перилли Итали болон Сан Марино улсуудыг төлөөлж олон улсын томоохон тэмцээнүүдэд оролцож байжээ. Арианна 2017 онд Азербайжанд явагдсан Европын таваг буудлагын тэмцээнд түрүүлж байсан гэнэ.

Лондонгийн олимпод оролцсоныхоо дараа Перилли хувийн амьдралдаа анхаарал тавьж, хүүхэд төрүүлэн их спортоосоо долоон сар хөндийрсөн аж.

Перилли “Бид багаараа энэ бүгдийг даван туулж, медаль хүртлээ. Юуны өмнө дасгалжуулагч Лука Ди Марид баярлалаа гэж хэлмээр байна. Бид олон зүйлсийг хамтдаа хийсэн. Бидэнд өгсөх уруудах олон мөч байсан ч үүнийг хамтдаа давсан. Бид нэг гэр бүл шиг болсон. Үүний ачаар л би ялж, урагшаа тэмүүлж байлаа” хэмээн ярьжээ.

Сан Марино улс хамгийн анх 1960 оны Ромын зуны олимпод оролцож байжээ. Тус улс энэ удаагийн Токиогийн олимпод таван тамирчнаа илгээсэн аж. Периллигээс гадна чөлөөт бөхийн тамирчин Майлес Назем Амин, жүдочин Паоло Персолиа, усанд сэлэгч Арианна Валлони болон буудлагын тамирчин Жиан Марко Берти нар бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж