Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны 229-р байрны хажууд оффиссын зориулалттай барилга барихаар газар авч, барилгын ажлаа эхлүүлэх гэсэн ч иргэдийн эсэргүүцлээс болоод ажлаа эхлүүлж чадахгүй байгаа иргэн Ж.Цогтбаатартай ярилцлаа.
-Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд хүүхдийн тоглоомын талбайд зөвшөөрөлгүй барилга барих гэж байхад нь зогсоолоо гэдэг мэдээлэл хэвлэлээр гарлаа. Үүнд тайлбар өгөхгүй юу. Үнэхээр хүүхдийн тоглоомын талбайг булааж авч, барилга барих гээд байгаа юм уу. Ямар учраас ийм мэдээлэл гарах болов оо?
-Олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэлээр “Барилгын компани хүүхдийн тоглоомын талбайг дээрэмдэж авлаа” гэсэн асуудал яригдаад буй. Гэтэл бодит байдалд ийм асуудал байхгүй. Энэ бол тухайн эргэн тойрны оршин суугчдын зүгээс ямар ч мэдээлэлгүйгээр зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө худал мэдээлэл тараагаад байгаа юм.
Бид бүхэн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны уг газарт барилга барихдаа холбогдох бүхий л байгууллагаас дүрэм журмын дагуу зөвшөөрөл авсан. Тухайн газар нь иргэний өмчлөлийн газар юм.
Өмчлөлийн газар дээр оффисын зориулалттай барилга баръя гээд холбогдох бичиг баримтаа хуулийн дагуу бүрдүүлээд барилгын ажлаа эхэлж гэж байсан юм. Гэтэл оршин суугчид уг газрыг хууль бус хэмээн үзэж, хүүхдийн тоглоомын талбайг булаах гэлээ, зөвшөөрөлгүй барилга барилаа гэх зэргээр буруу ташаа мэдээллийг ярьсаар өнөөдрийг хүрлээ. Оршин суугчдын эсэргүүцлээс үүдэн бид барилгын ажлаа түр зогсоогоод байна. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас барилга барих, түүнтэй холбоотой зөвшөөрлийг олгосон байдаг. Тус газрын хэлтсийн дарга Ж.Мөнх-Эрдэнэ гэх хүн иргэд, барилгын компани хоёрын хооронд маргаан дэгдэхэд газар дээр нь ирж уулзсан. Ингэхдээ эргэн тойрны оршин суугчдад тайлбарлаж, газрын зөвшөөрлийн талаар мэдээлэл өгсөн. Тухайлбал, барилга барих асуудал хууль бус биш, бичиг баримт нь бүгд хуулийн дагуу зөвшөөрөлтэй гэдгийг хэлсэн. Гэтэл тэнд цугласан оршин суугчид уг тайлбарыг хүлээж аваагүй, бидний үйл ажиллагааг эсэргүүцсэн. Тиймээс Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар аюулгүй байдлын хэлтсийн дарга Ж.Мөнх-Эрдэнэ манай байгууллагад “Та нар түр үйл ажиллагаагаа зогсоогооч ээ, цар тахлын үед олон хүн цуглачихсан байгаа учраас түр ажлаа зогсоох шаардлагатай байна” гэдэг зөвлөмж бичиг өгсөн. Түүний дагуу бид үйл ажиллагаагаа зогсоочихсон байна.
-Хүүхдийн тоглоомын талбай барих гэж байсан газар гэсэн. Ер нь тус газар анх ямар зориулалттай байсан юм. Та бүхэн уг газрыг авахдаа ямар зориулалтаар авсан бэ. Зөвшөөрлийг хэрхэн хаанаас авав?
-Уг газар нь иргэний өмчлөлийн газар байгаа юм. Гурван айлын буюу 0.7 га гэдгээрээ өмчлөлийн гэрчилгээтэй газар юм. Уг газрыг 2020 онд бид “Голомт” банкны дуудлага худалдааны зараас харсан. Түүний дагуу дуудлага худалдаанд орж, худалдаж авсан юм. Өөрөөр хэлбэл, Голомт банкны барьцаанд байж байгаад хураагдсан учраас дуудлага худалдаагаар зарсан юм билээ. Энэ дагуу бид худалдан авсан. Ингээд оффисын зориулалттай барилга барихаар Нийслэл дээрх уг газартай холбоотой бичиг баримтыг нь шалгахад уг газарт Сүхбаатар дүүргийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн И блок буюу “Асар өргөө” ХХК-ийн 2015 оны ерөнхий төлөвлөгөө батлагдсан зураг байсан.
Зураг-1 /Тайлбар: Тухайн газар барилга барих төлөвлөгөө/
Уг газар нь “Асар Өргөө” ХХК-ийн барьсан 229 дугаар байрны баруун талд байдаг. Үүн дээр “Асар өргөө” ХХК 2015 онд 30:14-ийн хэмжээтэй үйлчилгээний орон сууц барина гээд ерөнхий төлөвлөгөөгөө гаргаад Нийслэлийн хот байгууллатын газар хүсэлт өгөөд батлуулчихсан байгаа юм. Бид энэ төлөвлөлтийн дагуу 30:14-ийн хэмжээгээр оффиссын барилга барихаар 2020 оны тавдугаар сард нийслэлд хүсэлт өгөхөд “А даалгавар” гэх зөвшөөрлийг өгсөн. Үүний дагуу бид барилгын зураг төслөө хийж, нийслэлийн хангагч дөрвөн байгууллага буюу дулаан буюу ус, цахилгааныг нийлүүлдэг газруудаас зөвшөөрөл авсан. Дараа нь ерөнхий төлөвлөгөөний зургаа Барилгын хөгжлийн төвөөр батлуулан бичиг баримтаа бүрэн болгосны дараа барилга эхлүүлэх, зөвшөөрлийг 2020 онд хүссэн юм.
Зураг-2 /Тайлбар: Барилга барих, ажлаа эхлүүлэх гэрчилгээ/
Ингээд 2020 оны арванхоёрдугаар сард барилгын ажил эхлүүлэх гэрчилгээг Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас өгсөн. Тухайлбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар аюулгүй байдлын хэлтсийн дарга Ж.Мөнх-Эрдэнэ бидэнд зөвшөөрөл олгосон. Энэ дагуу бид долдугаар сард барилгын ажлаа эхлүүлэх гэтэл иргэдийн эсэргүүцэлтэй тулгарлаа.
Иргэдийн зүгээс “уг газар тоглоомын талбай байсан, төлөвлөж байсан газрыг хууль бусаар авчихлаа гэх “ байдлаар хандаад байгаа юм. Тэгтэл 2015 онд “Асар Өргөө” ХХК-ийн төлөвлөлтөд ямар ч хүүхдийн тоглоомын талбай байгаагүй.
Асар өргөө ХХК-аас мөн нийслэлд манай компанийн асуудлаар албан бичиг өгсөн байна лээ. Тэд хэлэхдээ “Манай гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжүүлж байсан газрыг “Голомт” банк хууль бусаар аваад зарчихлаа. Тэр газарт цэцэрлэг, ногоон байгууламж хийх гэж байтал Барилга хот байгуулалтын газар хууль бусаар өмнөх төлөвлөлтийг сэргээж, өөр компаниар барилга бариулах гэж байна” гэсэн агуулгатай албан бичиг өгсөн байсан.
Зураг-3 /Тайлбар: Тухайн газрын батлагдсан төлөвлөгөө. Энэ төлөвлөгөөгөөр тухайн газарт хүүхдийн тоглоомын талбай бус орон сууц барихаар батлагдсан/
Үүнийг тодруулахад “Асар Өргөө” ХХК-ийн дахин төлөвлөлтөд ямар ч ногоон байгууламж байгаагүй. Дээрээс нь “Асар Өргөө” ХХК-ийн хүмүүс бидэн дээр ирээд тус газарт барилга барихын тулд манайхаас зөвшөөрөл авах ёстой гэдэг асуудлыг ярьсан. Гэтэл 2019 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын захирамжаар тус компанийн үйл ажиллагааг цуцалсан байдаг. Тухайн үед С.Амарсайхан дарга байсан Хотын дарга байсан.
Зураг 4 /Тайлбар: 2019 онд С.Амарсайхан тушаалаар “Асар Өргөө” ХХК-ийн үйл ажиллагааг цуцалсан захирамж /
-“Асар Өргөө” ХХК-ийн захирамжийг цуцлаад оронд нь танай компанид барилга барих зөвшөөрлийг өгсөн юм байна. Гэтэл иргэд хууль бусаар энэ газрын авсан гэж мэдэгдсэн байсан?
–Уг захирамжид “Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, орон сууцны долдугаар хорооллын И,Ө хэсгийн хэсэгчилсэн талбайд, төсөл хэрэгжүүлэгч “Асар өргөө” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Үйл ажиллагааны зөрчил удаа дараалан гаргасан тул тус компанийн төсөл хэрэгжүүлэх арга хэмжээг цуцалсугай” гэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Асар Өргөө” ХХК-ийн төслийг 2019 онд цуцалчихсан. Тэгэхээр дээрх хүмүүсийн яриад байгаа шиг уг газарт барилга барихын тулд “Асар өргөө” ХХК-аас зөвшөөрөл авах шаардлагагүй. Манай хүмүүсийн хэлснээр “Асар өргөө” ХХК-ийнхан оршин суугчдыг турхирч буйг хэлсэн. Менежер гэх Т.Дагвадорж гэх хүн ирээд “Та нар манай газрыг хууль бусаар авчихлаа. Та нар зөвшөөрөл авах ёстой. Манай зүгээс оршин суугчдад цэцэрлэг барина гэж хэлсэн байсан” гээд буруу ташаа мэдээлэл өгөөд оршин суугчид өгч хэл ам хийгээд байгаа. “Асар өргөө” ХХК нь 229 дугаар байрыг барихдаа оршин суугчдад юу гэж хэлснийг бид мэдэхгүй. Ногоон байгууламж барина гэж хэлээд барилгаа худалдсан бол хууль бус үйлдэл юм. Нөгөө талдаа ард түмнийг хулхидаж, худлаа мэдээлэл өгсөн байгаа юм.
Гэтэл 2015 онд уг газарт байшин барина гэж ерөнхий төлөвлөгөө нь гарчихсан байсан. Товчхондоо, “Асар Өргөө” ХХК бид нар тоглоомын талбай хийх гэж байхад нэг компани газрыг аваад, хууль бусаар барилга барих гэж буй гээд асуудлыг бидэнд нялзаагаад байна. Оршин суугчид үнэн зөвөөр нь ойлгодог бол “Асар өргөө” ХХК-тай асуудлаа ярих болчхоод байгаа юм.
-Зөвшөөрөл олгосон төрийн захиргааны байгууллагын зүгээс ямар тайлбар өгч байна вэ. Эсэргүүцсэн иргэдэд та бүхэн асуудлаа тайлбарлаж үзсэн үү?
-229 дүгээр байрны “Идэр тулга” СӨХ-өөс Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газарт манайхтай холбоотой албан бичиг, гомдол өгсөн байна лээ. Түүний дагуу Нийслэлийн хот байгуулалтын газраас биднийг дуудаж уулзсан. Дараа нь Хот байгуулалтын хөгжлийн газраас буцаагаад “Идэр тулга” СӨХ-д хууль бус үйлдэл хийгээгүй гэдэг тайлбарыг албан бичгээр өгсөн байна лээ.
Зураг 5. /Тайлбар: Хот байгуулалтын хөгжлийн газраас тухайн байрны оршин суугчдад хариу өгсөн тайлбар. Үүнд ямар нэг хууль бус үйлдэл байхгүй гэдгийг мэдэгдсэн/
Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар аюулгүй байдлын хэлтсийн дарга Ж.Мөнх-Эрдэнэ бидэнд “За танай газрын асуудалд хууль бус юм байхгүй. Энийг би өөрөө зөвшөөрөл өгсөн учраас ямарваа нэг хуулийн байгууллагын өмнө хамгаална, гэхдээ иргэд хэл ам хийгээд байгаа учраас түр үйл ажиллагаагаа зогсч байгаач ээ гэсэн шаардлага өгсөн. Уг шаардлага ямар нэг хуулийн үндэслэл байхгүй. Нэг үгээр баруун гараараа зөвшөөрөл өгчхөөд солгой гараараа цуцалж болохгүй биз дээ. Нийслэлтэй уулзахад газрын зөвшөөрөлтэй холбоотой хууль бус зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлсэн.
-Иргэдийн зүгээс хүүхдийн тоглоомын талбайг булааж авсан компанийн үйл ажиллагааг зогсоолоо гэдэг байр сууринаас мэдээлэл өгч байна. Цаашдаа та бүхэн хуулийн зүгээс ямар арга хэмжээ авах вэ. Яг ийм нөхцөл байдалд аж ахуй нэгжүүд хохирч байна?
-Нэг төрийн байгууллагаас өгсөн чиг үүргийг нөгөө байгууллага хангаж байх ёстой. Төрөөс ажлаа эхлүүлж болно гээд зөвшөөрөл өгчихдөг. Гэтэл иргэд болохгүй гээд эсэргүүцэж, тухайн хүмүүс рүү хандан хууль бус үйлдэл гээд яриад байхаар нөгөө албан тушаалтнууд “миний нэр хүндэд халдах гэлээ, намын нэр хүнд унах гээд байна” гэж боддог ч юм уу үйл ажиллагаагаа зогсоо гэдэг байдлаар хандаж болохгүй л дээ. Үүний цаана бизнес эрхлэгчид хохирч байна.
Бид нар ч гэсэн ард түмний нэг хэсэг. Энэ болгоны цаана гарч буй зардлыг хэн хариуцах вэ гэдэг асуудал гарч ирж байна.
Бидний ажлыг саадгүй хийх нөхцөл байдлыг бүрдүүлж өгөөч ээ гэдгийг албан бичгээр мэдэгдсэн. Үүнийхээ дагуу нааштай, бизнес эрхлэгчдээ бодсон үнэн шударга шийдвэр гарах байх гэж хүлээж байна. Нэмж хэлэхэд бизнес эрхлэгчдийг иргэд луйварчин, хахууль өгдөг, нэг л муу муухай өнцгөөр хараад байдаг. Гэтэл бизнес эрхлэгчид цаана нь улс орондоо татвараа төлж, ажлын байр бий болгодог гэдгийг ойлгох хэрэгтэй. Төр нь шийдвэрээ гаргаад өгчихсөн мөртлөө буцаагаад бизнес эрхлэгчдээ хамгаалдаггүй. Эндээс төрийн байгууллагууд аман байдлаар ажлаа яваад сурчихсан юм шиг харагдаж байна.
-Ярилцсанд баярлалаа.