Ирэх есдүгээр сарын 1-нд хичээл орох уу гэх асуудал эцэг эх, олон нийтийн анхаарлын төвд байна. Цар тахлын нөлөөнд хамгийн их хохирсон хүмүүс бүл хүүхдүүд. Хүүхдүүд хоёр жил шахам зайнаас суралцсан ч улсын хэмжээнд хичээлийн хоцрогдолтой 174 мянган хүүхэд бий гэсэн судалгаа гарчээ. Үндсэндээ дэлхийн улс орнуудад цар тахал нүүрлэсэн ч тэд боловсролын салбараа умарталгүй, сурагчдад хохирол багатай даван туулж байна.
Харамсалтай нь, манай улсад боловсролын салбарт үүссэн хичээлийн хоцрогдлыг нөхөхгүй бол ирээдүйд бүхэл бүтэн “харанхуй” үе гарч ирэх эрсдэлтэй юм. Дэлхийн банкны хийсэн судалгаагаар, зөвхөн covid-19-тэй холбоотой хичээлийн хоцрогдлоос үүдэн Монголын эдийн засагт ирээдүйд хоёр их наяд төгрөгийн бодитой хохирол үүснэ гэж дүгнэсэн байна.
ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХАРГАЛЗАН ҮЗЭЖ ХИЧЭЭЛ СУРГУУЛИЙН АСУУДЛЫГ ШИЙДНЭ
Энэ жилийн тухайд хичээл хэрхэн орох уу гэдэг нь эцэг эхчүүдийн дунд асуулт хэвээр байна. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Есдүгээр сарын 1-нд хичээл сургуулийг эхлүүлэх хуультай. Хичээл сургуулийг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг салбарын сайд, яамдын удирдлагуудад өгсөн. Энэ хүрээнд Л.Энх-Амгалан тодорхой мэдээллийг хүргэсэн. Есдүгээр сарын 1-нд хичээл эхэлнэ гэсэн хүлээлтийг иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, "дельта" вирусийн тархалтаас шалтгаалж, хичээл сургуулийн төлөвлөлтийг хийнэ. Өвчний нөхцөл байдлыг харгалзан үзэж хичээл сургуулийн асуудлыг шийднэ”гэжээ.
Салбар яамнаас ирэх есдүгээр сарын 1-нд хичээл орохоор бэлтгэж байгаа гэдгийг онцолсон. Тухайлбал, Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Намрын хичээлийн жилийг хуулийн хугацаанд нээхийн тулд чармайн ажиллана. Есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлэхээр аймаг орон нутаг, сургууль цэцэрлэгийн удирдлагуудад чиглэл өгч бэлтгэл ажлаа хангаж байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана. Бид энэ жилийн есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлэхгүй бол хоёр жилийн турш танхимын хичээлийг бүрэн хаасан цөөн хэдэн улсын тоонд орохоор байна” гэжээ.
ХӨЛ ХОРИОНД ХҮҮХДИЙН ЭРХ ХАМГИЙН ИХ ЗӨРЧИГДЖЭЭ
Бодит байдалд теле хичээл ч танхимын сургалтыг орлож, хүүхдүүдийн хичээлийг хоцрогдлыг нөхөж бас нийгэмшүүлж чадахгүй. Монгол Улсын хувьд сүүлийн хоёр хичээлийн жилд дунджаар нийт хугацааны 50 орчим хувийг зайн, теле хичээлээр явуулаад байгаа юм. Хүүхдүүд болсон хойно будаг нь ханхалсан ширээ сандал, анги хамт олноо үгүйлж байгаа. Хүүхдүүдийн хувьд нэг хэсэг нь теле хичээлээ алдаг оног үзэж байхад нөгөө хэсэг нь огт хичээлгүй, хоцорч байна. Нөгөөтээгүүр хүүхдүүд зөвхөн хичээл, сургуулиа алдаж байгаа юм биш. Тэд хаалттай хаалганы цаана гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, зарим нь сургууль дээрээ очиж үдийн цайгаар “гол зогоодог” байсныг ч нуух юун.
Хүний эрхийн Үндэсний комиссын 20 дах илтгэлд дурдсанаар “2019 -2020 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын нийт 4113 цагийн теле хичээл, 2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын байдлаар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын 1084 цагийн теле хичээлийг 16 сувгаар нэвтрүүлжээ.
2020-2021 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх насны хүүхдүүд теле хичээлд хамрагдаж чадаагүй шалтгааныг судалжээ. Тухайлбал, нийт 44038 хүүхдийн 8766 нь дэд бүтэцгүй буюу алслагдсан бүс нутагт амьдардаг, 2002 нь тогтвортой цахилгаан хамгамжгүй, 2882 нь зурагт радиогүй гэсэн байна. Харин 21221 сурагч цахилгаан техникийн боломжтой ч теле хичээлд хамрагдаагүй байна.
Мөн хол хорионд хүчирхийлэлд өртөж, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ авсан хүүхдийн тоо 2-3 дахин өссөн байна. Хүүхдийн эрхтэй холбоотой дараах жишээг хүргэе.
-Манай дүүгийн хүүхэд 12 дугаар ангид суралцдаг. Хичээл цахимаар орж эхэлсэнтэй холбоотойгоор, ээжийгээ ажилдаа явсан хойгуур 20 гаран насны залуутай уулзаж байгаад жирэмсэн болсон бөгөөд таван сар хүртэл нуусан байв. Сургуульдаа явж байсан бол арай ч ийм зүйл болохгүй байсан юм болов уу. Сургууль бол хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах газар байжээ. /Эцэг эх асран хамгаалагчтай хийсэн ярилцлагаас/
-Сургууль хаагдсан энэ өдрүүдэд ажлн ачаалал огцом нэмэгдсэн. Би бага ангийн багш учраас 48 хүүхэдтэй нэг бүртэй нь цахим байдлаар тулж ажиллах шаардлага гарч байгаа. Өдөр бүр тэдний хийсэн хичээл, даалгаврыг хүлээн авч шалгадаг. Ер нь бага ангийн багш нарын дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Бид илүү их ачаалалтай болчхоод байгаа юм. /Нийслэлийн … дугаар сургуулийн багштай хийсэн ярилцлагаас/
-Хүүхэд 95 хувийн харааны алдагдалтай. Тэр теле хичээл эхэлсэн цагаас хойш гурван сар өнгөрсөн ч хичээлээ хийж чадаагүй байна. Теле хичээл дандаа сурах бичигтэй холбоотой байдаг. Харин манай хүүхдэд монгол, хэл математикийн ном байхгүй. Дүрс бичлэгийн номоос өөр сурах бичиг байдаггүй. /Харааны бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхтэй хийсэн ярилцлагаас/
Холбоотой мэдээ