Сурвалжлага: Машинтай кино үзвэрийг цагдаа зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2021.07.30-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Машинтай кино үзвэрийг цагдаа зогсоолоо

Сурвалжлага: Машинтай кино үзвэрийг цагдаа зогсоолоо

Задгай талбайн машинтай кино театр цахим орчинд олны анхаарлыг  багагүй татсан. Үзвэр үйлчилгээний газруудын үүд хаалга хаалттай учраас уг үйлчилгээ олон хүн таалагдсан бололтой төв цэнгэлдэхийг зорин очжээ. Дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд жишиг болсон нэгэн үйлчилгээ бол гадаад талбайн үзвэр.

Кино үзвэрийг эхлэх үед цагдаагийн байгууллагаас албан хаагчид ирж, үйл ажиллагааг зогсоож, хүмүүсийг тараах шаардлага тавьжээ. Нээлтийн үзвэрээ үзэгчдэд хүргээд ганц хонож байгаа тус газрын үйл ажиллагаа туршилтын өдрөөс эрэлт хэрэгцээтэй байгааг санаачлагчид хэллээ.  Халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж, олон хүнтэй хавьтилд орохгүйгээр автомашиндаа кино үзэхэд буруудах юмгүй мэт.  Эрүүл мэнд, аюулгүй байдлыг бодсон ч задгай талбайд том дэлгэц, хувийн унаагаараа үйлчлүүлэх нь халдвар хамгааллын ямар дэглэм зөрчиж байгаа нь бүү мэд. Ямар ч байсан ЦЕГ-аас хаах шаардлага тавьсан байна.

Уур амьсгал, орчин нөхцөлийг нь харгалзвал бүх насны хүмүүсийн сонирхлыг эрхгүй татах газар аж. Үзвэрийн талбайд "зочлох"-ыг хүссэн автомашинтай хүмүүсийн цуваа урт дараалал үүсгэжээ. Машинтай үзэгчид бүгд хүлээцтэй хандаж, тасалбараа авч, бүртгэлээ хийн халуунаа хэмжүүлж, зогсоолд машинаа байршуулна.

Тасалбарын үнэ нь нэг автомашинд хэдэн хүн байсан ч 20 мянган төгрөг байна.Үнийн зөрүү нь нээлтээ хийсэн болон хараахан нээлтээ хийгээгүй байгаа киноноос хамаарч таван мянган төгрөгөөр их, бага хэлбэлзэлтэй байхаар тооцоолжээ. Мэдээж, оюуны өмчийн уран бүтээлийг дур мэдэн гаргах боломжгүй учир зохих хөлсийг төлж үзэх нь зүйн хэрэг.

МОНГОЛ УЛСАД Ч ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙЦСЭН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ 

“Galaxy car cinema” эвентийг санаачлагч Б.Тайванбат:

-Хоёрдугаар сард анх санаагаа олж, найзтайгаа хоёулаа хамтарч энэ үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьсон. Уг нь зургаан сард эвентээ зохион байгуулж эхлэх төлөвлөгөөтэй байсан. Залуус оройн цагаар хий дэмий хотоор сэлгүүцэж байснаас үзвэр үзэж, кино театр нээгдээгүй үед автомашиндаа тухлан шинэ кинонуудыг үзэх боломж манай улсад дутагдалтай байгаа гэдгийг олж харсан. Тэгээд шаардлагатай техник, хэрэгслүүдээ урдаас захиалсан ч хойшилж байгаад саяхан ирсэн байгаа. Тоног төхөөрөмжөө авч ирээд үйл ажиллагаагаа эхлэхийг зорьсон.

Тиймээс зөвшөөрөл хүсч харьяа дүүргийнхээ Онцгой комисс дээр очиход хуулиар зөвшөөрөл олгох заалт байхгүй. Гэхдээ халдвар хамгаалалтын дэглэмээ баримтлаад үйл ажиллагаагаа эхний ээлжид явуулж болно гэдэг тайлбарыг өгсөн.

Харин өнөөдөр /2021.07.29/ цагдаагийн байгууллагаас хүмүүс ирж зөвшөөрөлгүй учраас үзвэрийг цуцлах шаардлага тавилаа. Бид учир шалтгаанаа тайлбарлаж, халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж байгаагаа хэлсэн. Харамсалтай нь, шаардлагыг хүлээж авахаас өөр сонголтгүй учир өнөөдрийн эвентээ цуцлахаар боллоо. Эхний өдөр туршилтын байдлаар үзвэр гаргахад 30 гаруй машинтай хүмүүс ирсэн. Өнөөдөр цахимаар мэдээлэл авсан 50 орчим машинтай иргэн найз нөхөд, гэр бүлээрээ ирсэн байна. Цэнгэлдэхийн төв зогсоол бол нийслэлд хамгийн тохиромжтой байршил. Бид судалгаа хийж, хаана үйл ажиллагаагаа зохион явуулбал тохиромжтой талаар ярилцсан.

Үнэ ханшаас гадна байгалийн ногоон бүсэд машинтай үзвэрийг гаргавал зүлэг ногоо гэмтэж, байгальд аюултай учраас суурин газарт байх нь зөв гэж бодсон. Зөвшөөрлийн албан бичиг авчихвал халдвар хамгаалалтын дэглэмээ баримтлаад талбай түрээслэх гэрээний дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.

Нээлтээ хийсэн, хийгээгүй дэлхийн сор бүтээлүүдийг үзэх боломжийг тус хамт олон олгохыг зорьж байгаа аж. Өдөр бүр шинэчлэгдэх үзвэрийн хуваариас сонгож, төв цэнгэлдэхийн гадна талбайд машин дотроо тухалж байгаад үзнэ гэдэг төсөөлөлд буугаагүй байсан цаг саяхан. Хөл хорио суларч, хүмүүс ч ухамсартай байж, амны хаалтаа тогтмол зүүсний хүчинд ийнхүү задгай талбайд автомашин дотроо сууж кино үзэх боломжтой болсон. Гэсэн ч залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх бүхий л газрыг Улсын онцгой комиссоос хаах шийдвэр гаргасан. Тус кино үзэх боломжтой хөтөлбөрийг ч цуцлахыг шаардсан нь олон нийтийн сүлжээнд иргэдийг дургүйцлийг хүргэв.

ИРГЭД, ААН-ЭЭ ДЭМЖДЭГГҮЙ ТӨР ЗАСГИЙН ШИЙДВЭР ХЭТЭРЧ БАЙНА

Иргэн Т.Ундрах:

-Монголд шинэлэг үйлчилгээг нэвтрүүлж байгаа нь маш оновчтой санагдсан. Тиймээс зарыг нь хараад ирсэн. Хүмүүс байнга гэр, ажил гэсэн маршрутаар явахаас залхаж байгаа энэ үед халдварын журмыг сахиж өөр, өөрийнхөө машинаас кино үзнэ гэдэг маш шинэлэг. Зохион байгуулагч залууст амжилт хүсье. Харин цагдаагийн байгууллагаас тавьж буй шаардлага буруу санагдаж байна. Энд задгай талбайд олон хүн цуглаагүй. Дор бүрнээ машиндаа байгаа. Гэтэл хөтөлбөрийг албадан цуцалж байгаа нь таалагдахгүй байна.

 

Иргэн Г.Анхбаяр:

-Өмнө нь ийм үйлчилгээ Монгол Улсад байгаагүй учраас яг кино шиг санагдаж байна. Төсөөлөхдөө жижиг дэлгэцтэй болов уу гэж бодсон. Ирээд үзсэн чинь хангалттай том дэлгэцтэй талбайн хувьд ч оновчтой шийдэлтэй санагдлаа. Машиндаа суугаад цонхоо онгойлгоод өөрийн дураар үзвэр үзнэ гэдэг бол гоё санагдаж байна. Хоёр жил хөл хорионы дэглэм мөрдөж кино театр ороогүй болохоор таалагдаж байна. Дараа дараагийн удаа мэдээж шаардлагатай зүйлсээ засаж, сайжруулаад явах нь тодорхой шүү дээ. Улсын онцгой комиссоос гаргаж буй зарим шийдвэрээ бодит нөхцөл байдалтай харгалзаж гаргаасай гэж хүсч байна.

Иргэн Э.Нар:

-Нээлтийн үзвэр гарлаа гэдэг мэдээг хараад л очиж үзэхээр шийдсэн. Дэлгэц, долгион тааруулалт, тасалбарын үнэ тун боломжийн байгаа нь таалагдлаа. Зохион байгуулагчид халуун хэмжиж, санамж хэлж, киногоо эхлэхэд хэрхэн үзэх талаар зөвлөгөөг өгч байна. Мөн машиныг ариутгаж байгаа нь зөв санагдлаа.

ДЭЛГЭЦИЙН ДУУ ЧИМЭЭНЭЭС ШАЛТГААЛААД ДУГУЙ, МОТОЦИКЛТОЙ ХҮМҮҮС ҮЗВЭР ҮЗЭХ БОЛОМЖГҮЙ БАЙГАА

Эвентийн зохион байгуулагч Т.Энхтамир:

-Машинтай үзвэрийн онцлог нь зай барихаас гадна нэг нэгэндээ саад болохгүй. Хүмүүс өөрийн хайртай, дотнын хүмүүстэйгээ цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг бид олгож байгаа. Мэдээж, хамгийн чухал нь халдвар хамгаалалтын дэглэмийг сахих ёстой. Бид  ариутгалыг тогтмол хийж бана. Гэтэл эхлүүлж буй үйл ажиллагааг маань болиулахаар боллоо. Бид ойр орчмын оршин суугчдад аль болох садаа болохгүйг хичээж ажиллаж байгаа. Тиймээс машинтай иргэд ФМ-ийн долгионоо тааруулж үзвэрээ үзнэ. Харин дугуйтай болон мотоциклтой иргэд үзэх боломжгүй. Цаашид бид сайжруулах зүйлс дээрээ анхаарч, илүү хичээн ажиллана гэж төлөвлөж байгаа.

Зохион байгуулагч залуус болон зорин ирсэн үзэгчдийн сэтгэл гонсойж 21:05 цагаас эхэлсэн үзвэрийг 21:20 цагт цагдаагийн байгууллагаас зогсоох шаардлага тавьж цугласан үзэгчдийг тараасан юм. Улсын Онцгой комисс, Цагдаагийн ерөнхий газар, нийслэлээс олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулахгүй гэсэн шийдвэр гаргасан бол түүнийгээ албан тушаал, эрх мэдэлтэн харгалзахгүй сахиулахыг иргэд хүсч буйгаа илэрхийллээ.

Тус үйл ажиллагааг зогсоох шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийн өгсөн мэдээллээр наадам зохион байгуулаагүй. Тиймээс бусад олон нийтийг хамарсан ямар ч үйл ажиллагааг явуулахгүй. Хэрэв эдгээр хүмүүс автомашин дотроо үзвэр үзэж байхдаа архидан согтуурч, хоорондоо маргалдаж, ямар нэгэн асуудал үүсвэл хариуцах эзэн байхгүй учраас албан зөвшөөрөлгүй энэ үзвэрийг цуцалж байна гэлээ.

Төр хэдий хүртэл аж ахуй нэгж, иргэдээ дээрэлхэж хааж хорихоор түрий барьж явах нь тодорхойгүй. Ямартай ч Covid-19-ыг далимдуулсан дарангуйлал үүсч байгааг тухайн эвентийг зорин ирсэн хүмүүс хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж