Усайн Болтын үлдээсэн орон зайг хэн нөхөх вэ? | News.MN

Усайн Болтын үлдээсэн орон зайг хэн нөхөх вэ?

Токио 2020

Усайн Болтын үлдээсэн орон зайг хэн нөхөх вэ?

Усайн Болтын үлдээсэн орон зайг хэн нөхөх вэ?

Токио 2020 олимпийн хөнгөн атлетикийн тэмцээнүүд өнөөдөр/2021.07.30/ эхэлж байна. Энэ удаагийн олимпод Усайн Болт байхгүй учир нэг л эзэнгүй мэт санагдаж буй. Ямайка супер одын хувьд 2017 онд их спортоосоо зодог тайлж байгаагаа зарлаж, хэсэг хугацаанд хөлбөмбөгийн замнал хөөсөн билээ. Тэгвэл түүний үлдээсэн орон зайг хэн нөхөж, 100, 200 метрийн уралдаануудад түрүүлэх вэ? Үнэндээ Усайн Болт зодог тайлсанаас гүйгч бүрт л боломж нээгдэж, тэд ч дотроо нууцхан баярласан нь лавтай.

Өнгөрсөн Мягмар гаригт дэлхийн хөнгөн атлетикийн холбооны тэргүүн Себастьян Ко хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бидэнд дараагийн супер одууд олон байгаа ч Усайн Болтын орон зайг шууд нөхөх хүн байхгүй гэж бодож байна. Мухаммед Алиг зодог тайлсны дараа олон авьяастай боксчид төрсөн шүү дээ. Гэхдээ тэд Мухаммед Али болоогүй. Үүний адил хэн ч Усайн Болт болохгүй, тэгэх ч шаардлага байхгүй” гэжээ.

12 жил, гурван олимпийн турш Усайн Болтын эзэгнэсэн 100, 200 метрийн уралдаанд энэ жил дараах дөрвөн тамирчинг бусдаасаа онцгойрно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

  • Трэйвон Бромелл (АНУ)

АНУ-аас төрөн гарч буй шилдэг гүйгчдийн нэг бол яахын аргагүй Трэйвон Бромелл. Тэрбээр энэ жил АНУ-ын шигшээ багийн сонгон шалгаруулалтын үеэр 100 метр зайг 9.80 секундэд туулж, хэр хурдан бэ гэдгээ харуулсан.

Бромелл “NBC”-д ярих өгөх үеэрээ “Намайг мэддэг хүн бүр намайг зүгээр гүйдэггүй гэдгийг мэднэ. Би бурхны төлөө гүйдэг. Би Христийн төлөө гүйдэг. Хөдөлмөрлөсөн хүн шагнагддаг гэж номонд бичсэн байдаг. Тиймээс би олимпод түрүүлэхдээ гайхахгүй, баяртай байх болно” гэжээ.

  • Акани Симбин (Өмнөд Африк)

Өөрийгөө энэ олимпоор тэсрэлт хийнэ хэмээн зарлаж буй Аканигийн хувьд энэ жил үндэснийхээ аваргад түрүүлсэн. Түүний хувьд 2021 онд 100 метр зайг 9.99 секундэд туулаад байна. Түүний хамгийн хурдан үзүүлэлт 9.89 секунд.

"CGTN Africa" телевизэд өгсөн ярилцлагадаа Акани “2020 онд би дийлдэшгүй байсан. Энэ л миний үе гэж бодож байсан. Риогийн олимпоос хойш би их зүйл сурсан. Олимпод оролцвол 100 метрт түрүүлнэ. Өмнө нь ямар ч Өмнөд Африк тамирчин энэ амжилтыг үзүүлж байгаагүй. Би гараан дээр очих үедээ зөвхөн улсаа бус Африк тивээ төлөөлдөг. Энэ үнэхээр утга учиртай зүйл шүү” гэжээ.

  • Андре де Грассе (Канад)

2016 оны Риогийн олимпоор Болт болон Жастин Гэтлин нарын ард бичигдэж, хүрэл медаль хүртсэн энэ Канад залууг мартаж болохгүй. Болт зодог тайлж, Гэтлин гэмтлийн улмаас олимпод оролцох боломжгүй болсон учир Грассед ч боломж бий. Түүний энэ жилийн хамгийн хурдан үзүүлэлт 100 метр зайд 9.92 секунд. Харин замналынх нь хамгийн хурдан үзүүлэлт 9.69 секунд аж.

2016 онд Болт түүний талаар ярихдаа “Тэр сайн тамирчин болно. Тэр над шиг гүйдэг. Гараанаас гарахдаа удаан байгаа ч тэр удахгүй сайжирна” гэж ярьж байв.

  • Зарнел Хьюс (Их Британи)

Усайн Болтыг “Цахилгаан Болт” болгосон дасгалжуулагч Глен Миллс энэ тамирчинтай хамтран ажиллаж байгаа. Болттой биеийн өндөр, хэлбэр төстэй Хьюсийн хувьд 100 метр зайг хамгийн хурдандаа 9.91 секундэд туулж байжээ.

Хьюс “Sky Sports”-д өгсөн ярилцлагадаа “100 метрийн уралдаан бүгдэд нээлттэй болсон. Олон залуус хурдтай байна. Тэдний нэг нь би гэж бодож байна. Би бэлтгэлдээ болон гүйх чадвартаа итгэж байгаа. Зүгээр л гараанаасаа сайн гарч, өөрийгөө төвлөрүүлж, зорилгоо биелүүлмээр байна. Би өмнө нь олимпод оролцож байгаагүй. Харин энэ жил өөртөө гэнэтийн бэлэг барих сайхан боломж гэж бодож байна” хэмээн ярьж байв.

Глен Миллс болон Усайн Болт нар. Глен Миллс өдгөө Хьюсийн дасгалжуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж