Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

Хуучирсан мэдээ: 2021.07.30-нд нийтлэгдсэн

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө
Кино зохиолч, найруулагч, хөтлөгч А. Миеэгомботой Кино урлагийг дэмжих тухай хуулийн талаар ярилцлаа. Түүнийг хүмүүс "Эхнэрийн заавраар" шоу нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр нь илүү таних биз. Тэрбээр сүүлийн гурван жилийн хугацаанд Кино урлагийг дэмжих тухай хуулийн ажлын хэсгийн гишүүнээр идэвхтэй ажиллажээ.  Анх 2011 оноос  энэ хуулийг санаачилснаас хойш 10 жилийн дараа кино урлагийн салбар хуультай болж буй юм. 

-Тийм ээ. Ихэнх хүмүүс уг хуулийг энэ Засгийн газрын үед хэлэлцэж, хурдан баталчихлаа гэж ойлгодог. Анх киноны салбарын харилцаа зохицуулсан хуультай болох тухай санаа 2011 онд гарч, 2013 онд анхны ажлын хэсэг нь байгуулагдаж, 2016 оны сонгуулийн өмнөхөн Улсын Их Хурлаар хэлэлцэхээр өргөн барьсан ч батлагдаж чадаагүй. Ингээд 2016 онд гурав дахь ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байсан дээр манай киноны салбарын нэр бүхий уран бүтээлчдийн төлөөлөл хуралдаж, 2018 онд дундаасаа жүжигчдийн төлөөллөөс Д.Ганцэцэг эгчийг, баримтат киноны төлөөллөөс Б.Баяр найруулагч, продюсерын талаас “Хүлэгү” пикчерсийн продюсер Н.Отгонбатыг, кино зохиолчдын төлөөллөөс намайг гээд дөрвөн уран бүтээлчийг хуучин баг дээр нэмсэнээр дөрөв дэх ажлын хэсэг бүрдсэн. Эндээс үзэхэд Кино урлагийг дэмжих тухай хууль маань 2021 онд батлагдах хүртлээ 10 жилийн хугацаанд дөрвөн Засгийн газар, дөрвөн ажлын хэсэг дамнаж ирсэн урт түүхтэй.

Ингээд 2018 оноос хойш ажлын хэсэг маань энэ хууль дээр эрчимтэй ажиллаж эхлэхэд тухайн үед БСШУ-ны сайдаар ажиллаж байсан Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, яамны хамт олон маань бүх талаар дэмжиж, энэ хуулийг батлуулахад онцгой их үүрэгтэй ажилласан.

Удалгүй Соёлын яам маань өрх тусгаарлан гарч, сайдаар томилогдсон С. Чулуун, дэд сайд М.Батбаяр, одоо байгаа сайд Ч.Номин, тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга С.Оюунбилэг, Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Батцэцэг, Соёлын үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Соёлмаа нар маань биднийг дэмжин ажилласаар энэ жил Кино урлагийг дэмжих тухай хууль батлагдлаа. Ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

-Энэ хугацаанд хуулийн нэрийг ч олон удаа сольсон байх. Хууль батлагдсанаар төрөөс кино урлагийг хэрхэн дэмжиж, хөгжүүлэх вэ?

-Анх энэ хууль Киноны тухай хууль нэртэй байсан. Дараа нь Киног дэмжих тухай хууль, сүүлд Кино урлагийг дэмжих тухай хууль гэж өөрчлөгдсөн. Учир нь Монголын кино урлагийг төрөөс хэрхэн дэмжих тухай харилцааг зохицуулах үндсэн зорилтынхоо хүрээнд нэрийг нь өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн. Өмнөх шиг Киноны тухай хууль гээд ерөнхий цар хүрээгээр нь нэрлэчихвэл дотоодын кино үйлдвэрлэлээс гадна, телевизүүдээр гарах Монголын болоод гадаадын орчуулгын киноны бодлого, кино театр болон IPTV сувгуудаар гарч байгаа кинотой холбоотой түгээлтийн харилцаа зэрэг маш өргөн цар хүрээтэй, маш их маргаантай асар өргөн хүрээнд ажиллах болно. Ингээд бид хэлэлцсээр Засгийн газрын болоод өмнөх яамдуудын зүгээс барьж ирсэн бодлогын дагуу төрөөс монгол киног хэрхэн хөгжүүлж, дэмжих вэ гэдэг үндсэн чиг шугамыг барьсан нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн юм.

Сүүлийн дөрөв дэх ажлын хэсэгт манай киноны салбараас Монголын урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ариунаа, “Боролдой” студийн захирал С.Мягмар, "ST" студийн захирал Б.Амарсанаа, "Монголын кино бүтээгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Ж.Сэнгэдорж, “Аримун” продакшны продюсер, жүжигчин Д.Ганцэцэг, “Сэмүүн” студийн найруулагч Б.Баяр, “Хүмүүн фильм” студийн найруулагч Д.Мөнхсүх, кино эдийн засагч, эрх зүйч багш Г.Энхбаяр, "IFI" продакшны продюсер С.Уран, кино зохиолч, найруулагч А. Миеэгомбо гэсэн 10 хүн маш сайхан гар нийлж, хамтран ажилласанд би хувьдаа их баяртай байгаа.

Бидний ажилласан энэ Кино улагийг дэмжих тухай хууль үндсэндээ бодлогын чанартай дөрвөн зүйл дээр төвлөрсөн. Нэгдүгээрт, Кино урлагийг дэмжих сантай болсон. Үүгээрээ дамжуулж, хувийн хэвшлийн төсвөөр бүрдүүлэх боломжгүй техник, тоног төхөөрөмж, томоохон төсөвтэй түүхэн болоод хамтарсан киноны санхүүжилт, Монгол киног дэлхийд сурталчлах ажлуудыг хийдэг байя гэж тусгасан.

Хоёрдугаарт, уг сангийн хөрөнгөөр санхүүжих төсөл, хөтөлбөрүүдийг шалгаруулах чиг үүрэг бүхий 11 гишүүнээс бүрдсэн Кино урлагийн зөвлөлийг байгуулсан. Гишүүдийн гурав нь санхүү, татвар тооцоо, соёлын чиглэлээр ажилладаг төрийн байгууллагаас, үлдсэн найман нь киноны мэргэжлийн холбоодоос сонгогдон ажиллах юм.

Гуравдугаарт, Кино урлагийн мэдээллийн сантай болж байна. Өдийг хүртэл Монголын кино урлагийн тухай цэгцтэй, тоймтой мэдээлэл хомс, гадаад орчинд хийх сурталчилгаа тааруу, нэгдсэн бүртгэл ч байхгүй явж ирсэн. Үүнээс болж киноны салбарын бодит статистик дутуу мэдээлдэг дутагдал түгээмэл байсан. Кино урлагийн мэдээллийн сантай болсноор дээрх асуудлууд шийдэгдэх боломжтой.

Дөрөвдүгээрт,татварын буцаан олголтыг зохицуулсан эрх зүйн үндэс бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гадаадын кино продюсерууд Монголд ирж кино бүтээх, хамтарсан төслүүд дээр ажиллах боломжийг нээсэн татварын урамшууллын системийг тодорхой болгосон. Тухайн оронд ирж кино хийхдээ зарцуулсан нийт мөнгөнийх нь тодорхой хувийг буцаан олгож урамшуулдаг энэ системийг өдгөө дэлхийн 100 орчим улс хэрэгжүүлж байгаа.

Энэ зохицуулалт хэрэгжсэнээр гадаадын уран бүтээлчдын Монгол Улсад ирж кино хийхдээ зарцуулсан төсөв, Сангийн яам болон Үндэсний аудитын газраар шалгагдан баталгаажсан тохиолдолд 30 хувийн татварын буцаан олголтыг эргүүлж өгөхөөр тусгасан.

-Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш кино урлаг хувь уран бүтээлч, студи, продакшны нуруун дээр хөгжиж ирсэн. Төрийн ямар ч зохицуулалт байсангүй. Уран бүтээлчдийн зарим төлөөлөл “Кино урлагт төрийн дэмжлэг хэрэгтэй” гэдэг бол нөгөө хэсэг нь “Зах зээлийн зарчмаараа хөгжсөн нь дээр” гэх нь  ч бий. Энэ асуудлыг хуультай болсноор зохицуулж чадсан уу?

-Энэ хуулийг анх ярьж эхэлснээс хойшх 10 жилийн хугацаанд киноны уран бүтээлчид бид мэдээлэл дутуугаас болж, дотроо талцаж хуваагдах, үл ойлголцол үүсэх, маргалдах мэтгэлцэх асуудлууд цөөнгүй гарч байсан. Ийм учраас мэдээллийг салбарын хамт олондоо нээлттэй байлгах, болж байгаа процессыг тухай бүрт нь мэдээлж байх зорилгоор би өөрийн фэйсбүүк хуудаснаа мэдээллүүдээ ил тод, дэлгэрэнгүй нийтэлж эхэлсэн. Үүний ачаар манай киноны салбарын хамт олон цахимаар нэлээд хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулж, санаа оноогоо хуваалцаж, тэр нь энэ хуульд тодорхой хэмжээгээр туссан гэж үзэж байгаа.

Кино урлагийг дэмжих тухай хуулийг олон нийт арилжааны киног дэмжих нь гэж ойлгоод байх шиг байгаа юм. Энэ тал дээр нэлээн тодорхой тайлбар өгөх хэрэгтэй гэж бодож байна. Зөвхөн Монголд ч биш дэлхийд кино үндсэн хоёр чиглэлээр хөгжиж ирсэн байдаг. Тухайлбал арилжааны болон арилжааны бус (зохиогчийн).

Энэ хуулийн заалтуудаас үзвэл арилжааны бус чиглэл буюу зохиогчийн кино бүтээх, түүнийгээ дэлхийд нэр хүндтэй кино наадмуудад өрсөлдүүлэх, уран бүтээлчдийг нь дэмжих, олон улсын тавцанд Монгол киноны нэр хүндийг дээшлүүлэхэд төрөөс үзүүлэх дэмжлэг нь илт давуу туссан. Өөрөөр хэлвэл Монгол улс мэргэжлийн өндөр түвшний кино уран бүтээл бүтээхэд нь дэмжье, харин арилжааны чиглэлээр кино хийх гэж байгаа продюсерууд нь энэ сангаас банкаар дамжуулан хөнгөлөлттэй зээл аваад, түүнийгээ олсон орлогоосоо эргүүлэн төлнө гэсэн зохицуулалт орсон гэсэн үг. “Арилжааны киноны продюсерууд банкны журмаараа л асуудлаа шийднэ” гэсэн санаа.

Яагаад гэвэл өнгөрсөн 31 жилд Монголын киноны салбар бүхэлдээ хөсөр хаягдсан учраас Монгол киноны бодлого хувь студи, продакшнуудын нуруун дээр явж ирсэн. Арилжааны чиглэл нь хэт зонхилсон. Хүний нөөцийн хувьд залгамж халаа, системтэй бодлого тасарсан. Иймээс бид энэ хуулиараа дамжуулан төрөөс зохиогчийн киног бодлогоор дэмжих нь зүйтэй гэж үзээд байгаа хэрэг.

Түрүүн би дурьдсан, төрөөс хувийн хэвшлийн мөнгөөр санхүүжүүлж дийлэхгүй техник, тоног төхөөрөмжийн тал дээр дэмжих нь зүйтэй гэж. Ухаандаа дэлхийн киноны уран бүтээлчдийн хэрэглээнд энгийн стандарт болсон Германы “Арри” гэж кино камер бий. Зөвхөн эх бие нь гэхэд 60-70 мянган евро, таван ширхэг кино дуран бүхий иж бүрдэл нь 400 сая төгрөгийн үнэтэй байдаг. Бидний яриад байдаг “Кино шиг өнгө” энэ камерын, энэ дурангийн хүчээр гардаг эд.

Стандарт ярьж байна шүү дээ. Одоогоор Монголд 2-3 ширхэг л бий. Студиуд нь өөрсдийн хөрөнгөөрөө оруулж ирсэн, зөвхөн өөрсдөө хэрэглэдэг. Нийт киночид хэрэглэх бололцоо хомс, түрээсийн зардал нь маш үнэтэй. Энийг жишээ нь шийдэх хэрэгтэй байна. Залуу уран бүтээлчдээ олон улсын кино наадмуудаар явуулж, туршлага судлуулмаар байна. Өөрийнх нь бүтээл хаана явааг мэдрүүлмээр байна.  Эндээс кино уран бүтээлчид маш их зүйлийг сураад ирдэг. Энэ ажлыг бас хийх шаардлагатай. Олон орны киноны сургуулиудад залуусыг бодлогоор сургамаар байна. Энэ мэтчилэн хийх, шийдэх хэрэгтэй ч тэр чигтээ орхигдчихсон, гацчихсан ажлууд их бий.

-Олон улсын кино наадмуудад амжилттай яваа монгол киног ихэвчлэн гадаадын уран бүтээлчидтэй хамтран тэдний тоног төхөөрөмжөөр хийсэн байдаг шүү дээ?

-Үнэн. Кино бол хөрөнгө мөнгөнөөс шалтгаалдаг урлаг. Хөрөнгө оруулалт нэмэгдэх тусмаа бусад нарийн техник, тоног төхөөрөмж, технологи, тоглуулж байгаа жүжигчдийн зэрэглэл нь улам бүр сайжраад явдаг. Мэдээж, тухайн найруулагч, продюсерын авьяас чадвар, маркетинг, менежмент бас их нөлөөлнө. Сүүлийн үед олон улсын наадамд амжилттай яваа монгол кинонуудыг харахад нэг бол манай сайн продюсерууд ажилласан кинонууд байна эсвэл гадаадын уран бүтээлчидтэй хамтарсан кино амжилт гаргаж байна. Учир нь тухайн гадаад продюсеруудын танилын сүлжээ, нэр хүндээр дамжиж тэр зах зээлд нэвтэрдэг, өргөн хүрээнд гардаг тал бий.

Бас нэг жишээ дурдая. “Олон Улсын уралдаан наадамд онцгой амжилт гаргасан соёлын ажилтан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журам” гэж байдаг. Энэ журам 2008 оноос хойш шинэчлэгдээгүй байсан дээр Соёлын яам анхаарал хандуулж, энэ онд ажиллаж эхэлсэн. Үүнээс киноны секторт нь л гэхэд 2008 оны журмаар наймхан кино наадам бичээстэй байх жишээний.

Үүнийг шинэчлэх ажлын хэсэгт би гар бие оролцож, нэр бүхий 30 гаруй киноны уран бүтээлчидтэйгээ зөвлөлдсөний үндсэн дээр сүүлийн жилүүдэд харьцангуй тогтвортой, өргөн хүрээнд явагдаж байгаа. Мөн Монголын кино уран бүтээлчид оролцож эхэлсэн дэлхийд нэр хүндтэй 63 кино наадам болгож өргөжүүлэх ажлыг хийлээ. Зэрэглэлүүдэд хуваалаа. Тодорхой шалгууруудыг тавилаа. Мөнгөн урамшууллын хувьд ч гэсэн ердөө 30 орчим сая төгрөг байсныг бид олон улсын кино наадмаас шагнал хүртсэн Монгол кино уран бүтээлчдийг урамшуулах урамшуулал, олон улсад амжилт гаргасан тамирчдаас дутуугүй байх ёстой гэсэн зарчмын саналуудыг өгсөн.

-Нэгдсэн мэдээллийн сантай болно гэлээ. Одоо кино урлагийн салбарт хэчнээн мэргэжлийн уран бүтээлч, студи, продакшн байдаг гэх бүртгэл бий юу?

-Хуулийн дагуу мэдээллийн санг байгуулж, хөтлөлт хийгээд ирэхээр кино урлагийн салбарт ажиллаж буй уран бүтээлчдийн нэгдсэн тоо, бодитоор гарах байх. Хууль хэрэгжсэнээр кино театр, IPTV-д контент нийлүүлэгчдийн нэгдсэн мэдээллүүд жил жилээрээ гараад эхэлнэ. Ер нь киноны салбарын маань бодит дүр зураг ханатай гараад ирэх болов уу.

-Кино урлагийн салбарт хэн дуртай нь кино хийж, ашиг олдог болсон. Үүнд мэргэжлийн үүднээс хяналт тавих уу?

-Бид дэлхийд нэр хүндтэй Оскарын арга хэмжээг сайн мэднэ. Энэ бол кино наадам биш, АНУ-ын Кино академийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа. Өөрөөр хэлбэл дотроо маш олон киноны мэргэжлийн холбоодыг нэгтгэсэн Америкийн Кино академи, гишүүддээ зориулж хийж буй дотоодынх нь арга хэмжээ юм шүү дээ.

Жишээлбэл, Жүжигчдийн холбооноос “Энэ жил манай холбоо ийм ийм кинонуудын гол дүрд тоглосон жүжигчдийг шилдэгээр өрсөлдүүлэх санал өгч байна” гэх мэтчилэн холбоо бүр өөрсдийн шилдэгүүдээ нэр дэвшүүлдэг. Тэднээс шилдэгийг нь шалгаруулж шагнал хүртээдэг. Холбооны шалгуурыг хангаагүй, холбоонд элсээгүй хүмүүсийг мэргэжлийн уран бүтээлч гэж хүлээн зөвшөөрдөггүй хөшүүрэгтэй.

Яг үүн шиг, манай шинээр байгуулагдах Кино урлагийн зөвлөл сайн ажиллавал яваандаа киноны салбараа мэргэжлийн холбоодын систем рүү шилжүүлж, салбарынхаа хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн түвшинд ажилладаг хүмүүсээр бүрдүүлж, тэднийгээ дэмжсэн бодлого хэрэгжүүлэх нь хамгийн зөв гарц байх болов уу.

-Таны хувьд ажлын хэсгийн гишүүнээс гадна одоо ямар кино зохиол дээр ажиллаж байна вэ?

-Кино зохиолчийн хувьд бол би энэ жил хоёр том уран бүтээл дээр ажиллаж байгаа. Нэг нь хошин урлагийн “Х-ТҮЦ” продакшны захиалгаар инээдмийн киноны зохиол дээр ажиллаж байна. Нөгөөх нь телевизийн олон ангит киноны төсөл. Энэ жилээс эхлээд би жилдээ 2-3 киноны төсөл дээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Ер нь Монголд кино зохиолын чиглэлээр дагнаж ажилладаг уран бүтээлч дутмаг байдаг. Иймээс кино зохиолын тал дээр өөрийн өнгөрсөн 14 жилийн турш бичиж, дэлгэцэнд гарсан 20 киноныхоо туршлага дээр тулгуурлан 2019 оноос хойш кино зохиолын анхан шатны мэдлэг олгох таван удаагийн курсийг хичээллүүлсэн.

Энэ курсийг маань дүүргэсэн 40 орчим уран бүтээлч өөр өөрсдийн түвшинд ажиллаж байгаа. Заримтай нь өөрийн хэрэгжүүлж байгаа кино төслийн зохиолууд дээр хамтран ажиллаж, туршлага олгох, мэргэшүүлэх ажлуудыг чадлаараа л хийж байна. Учир нь өнөөдөр Монголд яруу найрагчид, үргэлжилсэн үгийн зохиолчид түлхүү байдаг ч яг кино зохиолоор дагнан мэргэшсэн хүмүүс төдийлөн хангалттай байж чадахгүй байгаа. Үүнийг л өөрчлөх, өөрийн хувь нэмэрээ оруулах мөрөөдөлтэй. Тэр хүсэл эрмэлзлэлээрээ л адийг хүртэл ажиллаж явна даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж