Хүнсний талоноор "тансагладаг" хүмүүсийн нэрсийг зарла!

Хуучирсан мэдээ: 2021.07.30-нд нийтлэгдсэн

Хүнсний талоноор "тансагладаг" хүмүүсийн нэрсийг зарла!

Амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай гэж итгэхийн аргагүй хүмүүсийг хүнсний эрхийн бичгээс хасч байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өчигдөр /2021.07.29/ зарласан. Тэрбээр “Хүнс тэжээлийн журамд өөрчлөлт оруулснаар амьдралын боломжтой хүмүүс хүнсний талон авдаг байсан нь тогтоогдсон. Бидний үнэлгээгээр 900 гаруй өрхийн 5525 иргэн хүнсний талоноос хасагдах тооцоо гарсан. Нэг сард 70 орчим сая төгрөгийг хэмнэж байна. Уг нь хүнсний талон олголт цаг хугацааны хувьд байнгын хяналттай эргэх холбоотой байх ёстой” гэсэн юм.

Тухайлбал, хаустай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-с дээш малтай, хоёроос дээш орон сууцтай иргэд хүнс тэжээлийн дэмжлэгээс хасагдах нь. Бодит байдал дээр амьдралын боломжтой иргэдийн тансаглалд цензур тогтоож, толгойг нь илэхээ болилоо гээд хавтгайрсан халамж цэгцрэхгүй. Ахиад л ар өврийн хаалгаар танил тал, албан тушаалаа  ашигласан хүмүүсийн гарт хүнсний талон очдогоороо л очно.

Жишээ нь, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас тус дүүргийн дөрөвдүгээр хорооны 18 хэсгийн ахлагч нар хүнсний талоны тусламжийг хувьдаа авч буй эсэх талаар шалгалт хийхэд 8 хэсгийн ахлагч өөрийн хаяг дээр хүнсний талон авч байжээ. Мөн тэдгээр хүмүүс цар тахлын тусламжаас зайлшгүй авах шаардлагатай иргэдийн судалгаанд хамрагдсан болох нь тогтоогджээ.

Зөвхөн хүнсний талоноос л авлига төрийн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг нэгж болох дүүрэг, хорооны хурган дарга, ажилтнуудаас л “цэцэглэж” байгааг харж болохоор байна.

Хавтгайрсан халамжийн мөнгө албан тушаалтнуудын “гараар угаагдаж” байгааг хуулийн байгууллага шалгах ёстой. Хэдий болтол тэднийг нууцалж өмгөөлж, өөгшүүлэх вэ? Гэтэл нөгөө талд нийгэмд нэн эмзэг ядуу, өлсгөлөнд нэрвэгдсэн бүхэл бүтэн бүлэг бий боллоо. Энэ нь хатуу хөл хорионы үед ч тодорхой боллоо. Хөл хорионы үед төрийн бус олон улсын байгууллага хувийн хэвшил иргэдийн санхүүгийн хандиваар нийт 223358 өрхөд хүнсний тусламж үзүүлжээ.

Эдгээр "Хүнсний багц”  авсан хүмүүсийн бодит байдал хүнсний эрхийн бичиг авах шаардлага хангаж буй хүмүүсийнхээс ч дор нөхцөлд байсныг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлд дурдсан байдаг. Гэтэл нөгөө талд хүнсний эрхийн бичиг авдаг 44,325 өрхийн 235 мянган иргэний 30 орчим хувь нь өөрийн эзэмшлийн автомашинтай, 4.4 хувь нь малтай гэх судалгаа ч гарсан.

Тэгвэл хүнсний талон олгоход тавьсан шалгуур болон судалгаагаар хүнсний багц олгоход гаргасан шалгуурыг харьцуулбал,

Төрөөс халамжийн чиглэлээр 72 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Жилд 800 мянга гаруй иргэн төрийн хишиг хүртэж байгаа нь дунджаар таван хүн тутмын нэг нь гэсэн үг. Сүүлийн таван жилийн статистик дүнгээр халамж авсан хүний тоо мөн л сүүлийн хоёр жил өсчээ. Ялангуяа 2020 онд нийт халамж авсан хүний өмнөх жилийнхээс 7.7 хувиар өссөн нь “рекорд” тогтоожээ.

Хүнсний талон авдаг иргэдийн 46 хувь нь буюу 100 гаруй мянган хүн ажил хөдөлмөр эрхлэх боломжтой гэх судалгааг ч салбар яамнаас гаргасан байна. Тиймээс "хүнсний талон" олголтыг шилэн болгохгүй бол цаашдаа халамж нэрийн дор төсвийн мөнгөний их, бага цавчаа гарсаар л байна. Өөрөөр хэлбэл, хүнсний талон авдаг хүмүүсийг нэрс шилэн байх ёстой. Тэр тусмаа байртай, хаустай, машинтай байж хүнсний талон авдаг байсан хүмүүсийг нэрсийг зарлах хэрэгтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж