Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Жефф Безос АНУ-ын "NASA" сансар судлалын агентлагт хоёр тэрбум долларт багтаан сансрын хөлөг барьж өгөх саналыг тавьжээ. Жефф Безосын "Blue Origin" пуужингийн компани болон Элон Маскийн "SpaceX" технологийн корпорацийн хооронд сансрын төлөөх өрсөлдөөн бий болоод удаж буй. Энэхүү өрсөлдөөний эцэст "NASA" агентлаг "SpaceX"-ийг саран дээр гарах сансрын хөлгийг барих гүйцэтгэгчээр сонгож 2.9 тэрбумын ам.доллорын гэрээ байгуулахаар болсон билээ.
Харин Жефф Безос "NASA" -гийн шийдвэрийг эрүүл өрсөлдөөний зарчмыг зөрчсөн явдал боллоо гэж үзсэн юм. Угтаа тус агентлаг саран дээр буух Артемис төлөвлөгөөний дагуу сансрын нисэгчдийг саран дээр газардуулж чадах сансрын хөлөг барих ажлыг наад зах нь хувийн хоёр компанитай хамтран явуулна гэж байв. Гэвч өнгөрсөн дөрөвдүгээр сард "NASA" агентлаг шийдвэрээ гэнэт өөрчилж төсвийн зардлаас үүдэлтэйгээр "SpaceX"-ийг цорын ганц гүйцэтгэгчээр сонгож байгаагаа зарласан юм.
"Blue Origin" энэ шийдвэрийг одоо ч эсэргүүцэж байгаа бөгөөд “Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд мөнгө хэзээ ч саад учруулах ёсгүй” гэжээ. Безос энэ Даваа гаригт "NASA" -гийн удирдагч Билл Нельсонд хандаж бичсэн захидалдаа “Хөтөлбөрийг хэвийн үргэжлүүлэхийн тулд "HLS" -ийн төсвийн санхүүжилтийн алдагдлыг бууруулах хэрэгтэй гэж үзээд хоёр тэрбум ам.доллараас илүү төлбөр авахаас татгалзаж байна” гэсэн юм. Мөн Безос энэ захидалдаа "NASA" сар руу буцах төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд эрүүл өрсөлдөөнийг эрхэмлэх ёстойг удаа дараа онцлоод эс бөгөөс харамсахад хүрнэ гэжээ.
Тэрбээр цаашлаад “"NASA" өрсөлдөөнийг чухалчлалгүй төлөвлөгөө рүүгээ түргэн түүхий орсноор хожим цаг хугацаа алдаж үрэлгэн зардал гаргаснаа мэдэх болно. Өрсөлдөөнгүйгээр эхлүүлсэн "NASA"-гийн урт, богино хугацааны аливаа төлөвлөгөө хойшлоход хүрч, улмаар илүү их зардал гаргах нь үндэсний эрх ашигт ч нийцэхгүй үйлдэл” гэсэн байв. "NASA" Артемис хөтөлбөрийн хүрээнд 2024 он гэхэд саран дээр сансрын нисэгчдээ буулгахаар төлөвлөж байгаа юм. Хамгийн сүүлд 1972 онд тус агентлагийн "Apollo 17" сансрын хөлөг саран дээр газардаж байв.
С.НАРАНГАРАВ
ЭХ СУРВАЛЖ: CNN NEWS
Холбоотой мэдээ