Токио-2020 олимпийн регбигийн эрэгтэйчүүдийн аварга баг өчигдөр/2021.07.28/ тодорлоо. Алтан медалийн төлөө Фижи болон Шинэ Зеландын багууд учраа тааран тоглож, 27-12 гэсэн харьцаатай Фижи улс ялалт байгуулан аваргаа хамгаалан хоёр дахь удаагаа олимпод түрүүлэв. Харин хүрэл медалийг Өмнөд Африкийн баг АНУ-ыг ялж, хүртжээ.
2016 онд Бен Райан хэмээх эрхэм Фижигийн багийг дасгалжуулж олимпод түрүүлсэн бөгөөд 2017 оны нэгдүгээр сард Уэльс мэргэжилтэн Гарет Бабер түүнийг ажлыг авч, шигшээ багийг удирдах болжээ.
Гарет Бабер алтан медаль хүртсэнийхээ дараа “Бидний амжилт үүгээр тогтохгүй. Олимпийн наадамд бид их урьдаас бэлдэж эхэлсэн. Сүүлийн дөрвөн жил хагасын хугацаанд өдөр бүр л түрүүлэх ёстой гэсэн дарамт мэдэрч амьдарлаа. Хэрэв түрүүлж чадахгүй бол яаж Даваа гаригт ажилдаа очно доо гэж бодож байсан шүү. Хэдийгээр бид жижиг улс ч гэсэн баялагтай, санхүү мөнгөтэй улсуудыг ялж чадаж байна. Фижигийн ард түмэн бидний амжилтаар бахархаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Бид эх орондоо, гэр бүлдээ, хайртай хүмүүстээ бэлэг барьж чадлаа. Бид чинь тосгондоо, далайн эрэг дээр л бэлтгэлээ хийдэг” гэжээ.
2016 онд Фижи улсын регбигийн баг тамирчид эх орондоо ирэхэд онгоцны буудал дээр тэднийг маш олон хүн угтан авч байсан бол энэ жил "Covid-19"-ийн улмаас тамирчид ирсэн даруйдаа 14 хоногийн тусгаарлалтад орох аж.
Бабер дасгалжуулагч дөрөвдүгээр сарын эхээр Сува хот дахь Христийн зочид буудалд тамирчдаа цуглуулж, нэг долоо хоногийн бэлтгэл хийх төлөвлөгөөтэй байжээ. Гэвч улс оронд нь "Covid-19"-ийн халдвар эрчимтэй дэгдэж, багаараа тусгаарлагджээ. Тэр цаг үеэс хойш тамирчид, дасгалжуулагчид гэр бүлтэйгээ уулзаагүй байна.
Эх орондоо бэлтгэл хийх боломжгүй болсон учир Фижигийн регбигийн баг Австрали руу явж, хэсэг хугацаанд бэлтгэл хийжээ. Эргэж эх орондоо ирэн Токио руу нисэх гэсэн боловч Фижи улс агаарын хилээ хаасан гэнэ. Ийнхүү тэд Токио руу хөлдөөсөн загас ачсан онгоцонд суун ирсэн аж.
Бабер энэ талаараа ярихдаа “Дөрөвдүгээр сарын 5-ны Улаан өндөгний баярын өдөр бид бэлтгэлээ эхлүүлсэн. Гэвч халдварын нөхцөл байдал хурдацтай муудсан. Тэр цаг үеэс хойш тамирчид маань гэр бүлтэйгээ уулзаагүй. Бид тусгаарлалтад байх үеэр тамирчид маань оргоод гэр бүл рүүгээ явахад бэлэн байсан. Тэр үед нэг дасгалжуулагч маань ‘Та нар ингээд явбал бүх зүйл дуусна. Бид олимпод орж чадахгүй’ гэж хэлсэн. Ийнхүү бид гурав, дөрөв хоногийн дотор гэнэтийн шийдвэр гаргаж, Австрали руу явах болсон” хэмээжээ.
Гарет Бабер багийнхантайгаа хамт Фижи руу явахгүй бөгөөд тэрбээр Уэльс рүү явж, гэр бүлийнхэнтэйгээ уулзах гэнэ. Тэр гэр бүлтэйгээ нэгдүгээр сарын 3-наас хойш уулзаагүй гэжээ.
Холбоотой мэдээ