Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооноос цахим уулзалт хийв

Хуучирсан мэдээ: 2021.07.29-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооноос цахим уулзалт хийв

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооноос цахим уулзалт хийв

Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдөр /2021.07.28/ Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбооноос тус Дэд хорооны гишүүдэд хандаж тавьсан хүсэлттэй холбогдуулж цахим уулзалт  зохион байгууллаа.

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны аравдугаар сарын 08-ны өдрийн 123 тоот тушаалын 1 дэх хэсэгт заасны дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт технологийн зориулалтаар уур үйлдвэрлэн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын уурын зуухыг  2021 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс болон хагас боловсруулсан нүүрс түлэхийг хоригложээ. Энэ шийдвэрээс улбаалан уур үйлдвэрлэж үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа зогсооход хүрч, энэ асуудлаараа Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны гишүүдтэй уулзах хүсэлт гаргасны дагуу тус Дэд хорооноос өнөөдөр холбогдох бүх талуудыг оролцуулан цахим уулзалт зохион байгуулсан юм.

Уулзалтын эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр товч танилцуулга хийхдээ Шадар сайдын тушаалын хэрэгжилтийг нэг жилээр сунгах асуудлыг Ажлын хэсэг дээр ярьсан талаар тэмдэглэсэн бол Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Б.Саруул-Эрдэнэ Шадар сайдын тушаалын хэрэгжилттэй холбогдуулж “Мидлинг” буюу баяжуулсан нүүрс түлж барилгын материал, ус, ундаа үйлдвэрлэх, мах боловсруулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 68 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоож, сул зогсолтод шилжсэн. Эдгээр аж ахуйн нэгж үйлдвэрийн бүсэд байрладаг учир дэд бүтэц, төвлөрсөн дулаанд холбогдох боломж одоогоор байхгүй. Үйл ажиллагаа зогссоноос болоод зах зээл дээр нэг ширхэг нь 180 төгрөг байсан тоосго 500 төгрөгөөр өнөөдөр олдохгүй болсон. Барилгын материалын үнэ өссөн нь уур үйлдвэрлэж үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд буюу барилгын материал үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа зогссонтой холбоотой гэдгийг судалгаагаар гаргасан. Энэ бүхнийг харгалзаж бид уулзах хүсэлт гаргасан гэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан агаарын бохирдлыг бууруулах том зорилгынхоо хүрээнд асуудалд хандах байр суурь баримталж байгаа ч цар тахлын хүнд үед аж ахуйн нэгжүүдэд боломж олгосон шийдвэр гаргах талаас авч үзэж байна гээд цаашид хүхрийн хэмжээг стандарт түвшингээс илүү ялгаруулдаг “Мидлинг” баяжуулсан түлшийг ашигласан хэвээр байлгүй, технологийн шийдэл нэвтрүүлэх талаас  саналаа хэлэв. Уг түлшний талаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш А.Түмэнбаяр "Таван толгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэдэг сайжруулсан шахмал түлшний нийт орцын 95 хувийг “Мидлинг” буюу эрчим хүчний баяжуулсан нүүрс дангаараа эзэлдэг учир уур үйлдвэрлэж үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн түлж буй “Мидлинг” түлш агаарын бохирдолд нөлөөлөх нөлөөлөл нь  сайжруулсан шахмал түлштэй адил байна гэсэн мэдээлэл өглөө.

Холбогдох талуудын дээрх мэдээллүүдтэй холбогдуулж Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир нар зарим асуудлыг тодруулж, албан тушаалтнуудаас хариулт авав. Албан тушаалтнууд аж ахуйн нэгжүүдийн тавьсан хүсэлтийн дагуу бизнес эрхлэгчдэдээ боломж олгосон шийдвэр гаргах талаас хариулт, саналаа хэллээ.

Уулзалтын төгсгөлд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг Уур үйлдвэрлэгчдийн холбооноос тавьсан хүсэлттэй холбогдуулж бүх талуудыг оролцуулан уулзалт зохион байгуулсныг тэмдэглэхийн зэрэгцээ цаашид агаарын бохирдлыг бууруулах том зорилгынхоо хүрээнд асуудалд хандах талаар байр сууриа илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж