Тойм: "Та бүхнийхээ итгэлийг алдахгүй"

Хуучирсан мэдээ: 2021.07.29-нд нийтлэгдсэн

Токио 2020

Тойм: "Та бүхнийхээ итгэлийг алдахгүй"

Тойм: "Та бүхнийхээ итгэлийг алдахгүй"

Токио 2020 олимпийн наадмын албан ёсны долоо дахь /2021.07.29/ өдрийн тоймыг та бүхэндээ хүргэж байна.


“Туршлага суусан том тэмцээн болж өнгөрлөө”

Монголын байт харвааны тамирчид болох Б.Урантунгалаг болон Б.Отгонболд нар өчигдөр эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд оролцсон. Б.Урантунгалаг Японы Азүса Ямаүчитай өрсөлдөж, 6-2 гэсэн харьцаатай ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн.

Тоглолтын дараа шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ю.Ганзориг:

– Өнөөдөр хувийн шигшээ харваа явагдлаа. Эхний ээлжинд манайхаас эмэгтэй тамирчин Б.Урантунгалаг маань харвалаа. Японы тамирчинтай харваж, 6-2 гэсэн харьцаатай ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ. Удахгүй Б.Отгонболд маань харвана. Гадаа харвахад салхи нөлөөлөх нь ойлгомжтой. Байгууламжийн завсраар орж ирж буй салхинууд их эргэлдсэн хулирсан байдаг тул тугны чиглэл өөрчлөгдөж, жоохон будиллаа. Өмнө нь энэ талбай дээр арай харваж амжаагүй байсан. Өрсөлдөгч тамирчинтайгаа ч таараагүй байсан. Цаг агаарын хувьд их халуун хөлс их гарч байна. Жоохон тулгаж ирсэн болохоор орчиндоо дасаж амжсангүй. Уг нь сүүлийн хэд хоног дасч байсан юм.

Үүний дараа Б.Отгонболд, Хятадын Ли Жиалунтай учраа таарч, 6-4 гэсэн харьцаатай ялагдсан юм. Угтаа Б.Отгонболд тоглолтыг хошуучилж эхэлсэн боловч төгсгөлд харамсалтайгаар ялагдсан.

Байт харвааны тамирчин Б.Отгонболд:

-Анхны олимп маш гоё байлаа. Тайван харвалаа. Яг сүүлийн эгзэгтэй мөчид салхиа унших тал дээр алдчихлаа. Буруу тооцоолол хийлээ. Сэтгэл зүйн тал дээр ямар ч сандралгүй, маш тайван хийх зүйлсээ бүгдийг нь хийж харвалаа. Их туршлага суусан том тэмцээн болж өнгөрлөө. Салхитай өдөр байлаа. Бусад тамирчид 7, 8 оноо авч байсан. Тэгэхээр нь салхитай өдөр байна даа гэж бодсон. Тэгсэн хэдий ч салхиа уншиж чадсангүй. Харамсалтай юм боллоо.

Ийнхүү байт харвааны тамирчид Токио 2020 олимпийн наадмаа өндөрлүүлж байна.

“Эмэгтэй таван жингээрээ дараагийн олимпод ормоор байна”

МУГТ Э.Цэндбаатар, М.Мягмаржаргал нар энэ өдөр олимпийн боксын рингэнээ тулаанаа хийсэн. Өглөө М.Мягмаржаргал Их Британийн Лорен Прайстай тулалдаж, 5-0 гэсэн харьцаатай, ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүлсэн. Уэльс гаралтай Лорен Прайсыг энэ удаагийн олимпод түрүүлэх хамгийн өндөр магадлалтай тамирчнаар нэрлэжээ.

Олимпийн наадамд оролцсон Монголын анхны эмэгтэй боксчин М.Мягмаржаргал:

-Монголын эмэгтэй боксын төлөөлөл болоод олимпийн их наадамд оролцсондоо баяртай байна. Эхний ялалтаа авъя гэж бодсон ч чадсангүй. Намайг бэлдсэн багш, дэмжсэн гэр бүл, хүмүүсийнхээ итгэлийг алдаад хожигдчихлоо. Гэхдээ дэлхийн аварга байгаа. Гурван жилийн дараа дахиад олимп байна. Даагаа нэхэж, сайн оролцож Монголынхоо далбааг заавал мандуулна. Олимпод оролцож буй тамирчин бүр л сайн. Өрсөлдөгч тамирчнаа багштайгаа нийлж судалж тоглосон. Багшийнхаа хэлсэн ярьсныг биелүүлж чадсангүй. Мундаг тамирчин байлаа. Монголын эмэгтэй бокс хөгжөөд маш сайн тамирчид доороос гарч ирж байна. 2024 оны олимп ойрхон байна. Эмэгтэй таван жингээрээ дараагийн олимпод ормоор байна. Ээждээ хайртай шүү. Намайг өдий зэрэгт хүртэл дэмжээд туслаад олимпийн рингэн дээр гаргасанд баярлалаа. Би заавал төрийнхөө далбааг мандуулна. Хүмүүсийн итгэлийг алдсан уучлаарай.

Үдээс хойш МУГТ Э.Цэндбаатар Токиогийн олимпийн хоёр дахь тулаанаа хийсэн. Эхний тулаандаа Кенийн боксчныг ялаад байсан тэрбээр энэ удаад Вьетнамын тамирчин тулалдсан. Гурав үе явагдсан тулаанд Э.Цэндбаатар илт илүүрхэж, 5-0 гэсэн харьцаатай ялалт байгуулан, шөвгийн наймд шалгарав. Түүний дараагийн өрсөлдөгч Оросын тамирчин Алберт Батыргазиев.

МУГТ Э.Цэндбаатар:

-Эхний Кенийн тамирчинтай хүссэнээрээ тулалдаж чадаагүй. Одоо харин жиндээ дасаж байна. Гурав дахь тоглолтондоо Монголын ард түмний юу хүлээж зүйлийг харуулна. Вьетнамын тамирчны тоглолтыг би мэднэ. Тайландын алдарт тамирчинг ялж, олимпийн эрхээ авсан. Хүчтэй байх гэж бодсон ч рингэнд би хүчтэй байлаа. Дараагийн тоглолтын Оросын тамирчинтай. Тоглолтыг нь мэднэ. Риогийн олимпод 19 настай би жоохон байсан. Энэ тэмцээн Монголд байгаатай ямар ч ялгаа алга. Надад таарч байна. Дараагийн тоглолтууддаа сайн тоглох болно. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй.

Жүдогийн эрэгтэйчүүдийн 90 кг-д зодоглосон Г.Алтанбагана эхний барилдаанаа дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн хошой аварга Николоз Шеразадишвилитэй хийж, нэмэлт цагт ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж