Сурвалжлага: Хүүхдүүдээ "санасан" хүүхдийн парк

Хуучирсан мэдээ: 2021.07.29-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хүүхдүүдээ "санасан" хүүхдийн парк

Сурвалжлага: Хүүхдүүдээ "санасан" хүүхдийн парк

Covid-19-ийн халдвараас бож бүтэн хоёр жилийн хугацаанд хаалттай байсан хүүхдийн парк албан ёсоор нээлтээ хийгээд удаагүй ч хүүхдүүдийн хөлд дарагджээ. Тоглоом бүрт тоглох гэсэн хүүхдүүдийн урт дараалал, эцэг эхчүүдээ энэ ч, тэр ч тоглоом дээр тоглох гэж шалсан хүүхдүүд дүүрэн. Хүүхдүүдтэйгээ хамт гинжит савлуур дээр тоглохоор дугаарлаж буй Н.Цэрэндолгор “Би төрсөн өдрөө тэмдэглэж явна. Гинжит савлуур дээр тоглохоор хүүхэд насандаа очсон юм шиг санагддаг. Багадаа аав, ээжтэйгээ хүүхдийн парк орохдоо гинжит савлуур дээр л хамгийн их тоглох дуртай байсан. Одоо ч хэвээрээ. Гинжит савлуурын дараа галзуу хулгана дээр сууж үзнэ” гэсэн юм.

Баантагтай хавчаар зүүж, цэцгэн хээтэй, дэрвэгэр даашинзтай 30 орчим настай тэрбээр  "хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргэнд" суусан мэт харагдана.  Ач, зээ нараа тоглохыг хараад сандал дээр суух эмээ, өвөө нар нь хуучлан суух. Гүнж шиг гоёсон охидоо хөтлөөд барбитай цүнхийг нь үүрээд алхах аав нар. Яг л covid-19-гүй өдрүүд мэт.  Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зуны нэгэн орой ийм дүр зурагтай.

Үүдээ нээгээд удаагүй хүүхдийн парк зургаагаас дээш насны хүүхдүүдэд үйлчилж,  нийт тоглоомынхоо 50 хувийг ажиллуулж байгаа юм. Иймд дөрөв, таван настнууд нэг хэсэг нь үүднээсээ буцаж байхад зарим нь уйлж, зөрүүдэлсээр аав, ээжийгээ хөтлөн парк руу орно. Тэд тоглохгүй ч гэлээ тоглоомуудыг шохоорхон харна. Бас зарим нь зургаан настай ч өндөр жин хүрэхгүй гэх шалтгаанаар тоглохыг хүссэн тоглоом дээрээ тоглож чадаагүйдээ урвайх. Ялангуяа эргэдэг тоглоом, дельфин, галзуу хулгана. Тэр дундаа галзуу хулгана хамгийн эрэлттэй, урт дугаар үүсчээ.

ХҮҮХДҮҮД: ГАЛЗУУ ХУЛГАНА МАШИН ДЭЭР ТОГЛОМООР Л БАЙНА. ДААНЧ ӨНДӨР ХҮРСЭНГҮЙ

Зургаан настай О.ТҮВШИНСАЙХАН: 

-Галзуу хулгана дээр суумаар л байна. Даан ч миний өндөр хүрээгүй. Гэхдээ алсыг харагч,  завинд сууж, гулгуур дээр гулссан. Парк олон тоглоомтой болохоор гэрийнхээ гадаа тоглохоос илүү хөгжилтэй байдаг. Галзуу хулгана дээр тоглож чадаагүй болохоор жаахан л урам хугарч байна. Одоо гэртээ харина.


Зургаан настай С.СЭЦЭН: 

-Машин дээр тогломоор л байна. Даан ч хоёр зураас дутчихлаа /өндрийн хэмжүүр/. Метр 30 см бол тоглож болно гэсэн. Би метр 128 см. Одоогоор гинж, дельфин дээр тоглосон. Ер нь миний тоглодог тоглоом цөөхөн л байна.


 

Долоон настай Б.ТҮВШИНБАЯР:

 

-Тоглох гоё байна. Галзуу хулгана дээр тогломоор л байсан. Гэхдээ динозавр, эргэдэг дельфин дээр тоглосон. Бас алсыг харагч дээр суусан. Гэрийнхээ гадаа тоглохоос илүү парк нь гоё байна. Олон тоглоомтой.


Зургаан настай Т.УУГАНБАЯР: 

-Паркт тоглох гоё байна. Гэхдээ сая мөргөлддөг машинтай тоглож байгаад мөргөлдөөд  хүзүү улайчихсан. Хүзүү хорсч өвдөж байна. Одоо эргэдэг машин дээр тоглоно. Одоогоор алсыг харагч, гинжит савлуур, машин дээр тоглосон. Дахиад өөр тоглоомууд дээр тоглоно. Гэрийнхээ гадаа тоглохоос илүү парк нь гоё. Олон тоглоомтой.


Т.МАРГАД-ЭРДЭНЭ: 

Парк нээгдсэнд баяртай байна. Найзуудтайгаа  галзуу хулгана дээр суухаар ирсэн ч зориг хүрсэнгүй. Бас их оочертой байна билээ. Гэрээсээ хичээллэхээр найзуудтайгаа өдөр бүр уулзаж чаддаггүй. Паркт бүх тоглоом нь таалагддаг. Ялангуяа далайн дээрэмчин хамгийн гоё. Галзуу хулгана дээр суух дуртай ч айдаг.

 


Сурагч Б.ОЮУНБАТ

-Найзуудтайгаа галзуу хулгана, гинжит савлуур тоглосон. Гэхдээ зарим нь бэхэлгээ муутай болсон юм шиг санагдсан. Жишээ нь, гинжит савлуур дээр суухад бэхэлгээ сул юм шиг санагдсан. Өмнө нь тоглоход бэхэлгээнд санаа зовдоггүй байсан. Харин анх удаа галзуу хулгана дээр сууж үзлээ. Эргэлт нь аймар юм билээ. Уначих гээд байгаа юм шиг санагдсан. Гэхдээ л гоё байлаа. Парк нээгдсэнд баярлаж байна. Энэ жил хөдөө явж амжаагүй.


ХҮҮХДҮҮДЭД МААНЬ ТОГЛОХ ТОГЛООМ ОЛДОХГҮЙ  БАЙНА

Хэдийгээр Үндэсний соёл амралтын хүрээлэн нээгдэж амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газар нэгээр нэмэгдсэн ч эцэг эхчүүд  хүүхдүүд нь хүссэн тоглоом дээр тоглож чадахгүй байгаад сэтгэл дундуур байлаа.

Иргэн Б

-Хүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж байна. Хэрэв төрсөн өдрөөр нь бичиг баримттай ирсэн бол таван тоглоом үнэгүй байдаг юм байна. Бичиг баримтгүй ирсэн ч  хүүхэд маань өөрийнхөө тоглож болох тоглоомуудаас сонгоод л тоглож байна. Үндэсний соёл амралтын хүрээлэн зургаагаас дээш насны хүүхдэд үйлчилж байгаа юм байна. Уг нь хүү маань галзуу хулгана дээр тоглохоор ирсэн ч өндөр нь хүрсэнгүй.


Иргэн Д.ПҮРЭВДУЛАМ: 

-Нийслэлд хүүхдүүдийг тоглуулах газар хомсдолтой. Ихэвчлэн гэрийнхээ гадаа л тоглоомын талбайд тоглодог. Хүүхдүүдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар нь Үндэсний соёл амралтын хүрээлэн нээгдсэнд баяртай байна. Гэхдээ халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал байх. Хэдийгээр хүүхдүүдээ өнөөдөр тоглуулахаар ирсэн ч тоглоомын сонголт цөөхөн байна.

 


Иргэн Н.БҮЖИНЛХАМ: 

-Үндэсний соёл амралтын хүрээлэн нээгдсэнийг сонсоод ирсэн. Гэхдээ зургаагаас доош насны хүүхдэд үйлчлэхгүй юм байна. Үүднээс нь буцах гэтэл хүүхэд маань уйлаад байгаа болохоор тоглохгүй ч паркаар тойръё гэж бодлоо.

Иргэн н.ГЭРЭЛМАА: 

-Хүүхдийн парк  мөртлөө зургаа хүртэлх насны хүүхдүүдэд үйлчлэхгүй байгаа нь онцгүй санагдлаа. Харахад ихэвчлэн өсвөр насны хүүхэд залуус маш их байна. Зарим нь булан тохойд тамхи татах, халамцуу ч байна. Паркт хүүхдээ тоглуулъя гэхэд тоглоом олдохгүй байна. Таван настай хүүхдээ долоо настай гэж худлаа ярьж л аргацаах байдлаар ганц, хоёрхон тоглоом дээр тоглууллаа. Хүүхдүүдийг тоглоход өндөр нь хүрэхгүй, нас нь болоогүй, жин нь хүрэхгүй гэх зэргээр ялгаварлаж байгаа нь зорьж баярлаад ирсэн хүүхдүүдийн урмыг хугалж байна.


Иргэн  Г.ГАНЗАЯА: 

-Үндэсний соёл амралтын хүрээлэн нээгдсэнд баяртай байна. Гэхдээ дунд охинд маань тоглох тоглоом ховор байна. Тоглохыг хүссэн тоглоомууд нь өндөр хүрэхгүй гэх шалтгаанаар тоглуулсангүй. Хүүхэд маань ойлгож байгаа ч тоглохыг хүсч байгаа байх.

Үндэсний соёл амралтын хүрээлэн өглөөний 10.00-22.00 цаг хүртэл ажиллаж байгаа юм. Тус хүрээлэн нийт 23 тоглоомтой. Үүнээс 15 нь өнөөдрийн байдлаар ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан тоглоомын аюулгүй байдлын талаар тодруулав.


БҮХ ТОГЛООМ АЮУЛГҮЙ 

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Хөдөлмөр хамгааллын инженер Ц.БААТАРСҮРЭН: 

Үндэсний соёл амралтын хүрээлэн тавдугаар сард үүдээ нээдэг ч энэ жил цар тахлын улмаас хугацаандаа нээгээгүй. Эцэг эхчүүдийн хүсэл, эрэлт хэрэгцээ байгаа учраас бид Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисст саналаа хүргүүлж, үүдээ нээгээд байна. Хүүхдийн парк нээгдсэнээс хойш ачаалалтай байна. Дийлэнх нь хүүхдүүд байна. Бас тоглохгүй ч зугаалах хүмүүс байна. Хамгийн гол нь бид Улсын онцгой комиссын шийдвэрийг дагаж мөрдөж байгааг иргэд ойлгох хэрэгтэй.

Бид “Хариуцлагын гэрээ”-ний хүрээнд л үйл ажиллагааныхаа 50 хувь хүртэл ашиглаж, зургаагаас дээш насны хүүхдүүдэд үйлчилж байна. Тиймээс бид дураараа ийм шийдвэр гаргаж, хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаагүй гэдгийг эцэг эхчүүд ойлгохыг хүсье. Тоглоомын тухайд санаа зовох шаардлагагүй. Бид өглөө өдөр орой бүх тоглоомоо ажиллуулахаас өмнө бэлэн байдлыг нь шалгадаг гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж