“Хил дээр гацсан барааны асуудлыг хэн ч шийдвэрлээгүй”

Хуучирсан мэдээ: 2021.07.29-нд нийтлэгдсэн

“Хил дээр гацсан барааны асуудлыг хэн ч шийдвэрлээгүй”

“Хил дээр гацсан барааны асуудлыг хэн ч шийдвэрлээгүй”

Урд хөршөөс хараат зах зээлтэй Монгол Улсын хилийн нөхцөл байдал сайжрахгүй хэвээр байна. Учир нь хилээр нэвтрүүлэх ачаа тээвэртэй холбоотой асуудлыг удирдлагын шатанд зохион байгуулж шийдвэрлэх зохицуулалтыг хийгээд ойролцоогоор сарын хугацаа өнгөрлөө. Гэвч бодит байдал дээр бараагаа хүлээсэн худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг карго компаниудын тоо буурахгүй байгаа юм. Бид хэд хэдэн карго үйлчилгээний компанитай холбогдож мэдээлэл авлаа. Мөн Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газраас томилогдсон албан тушаалтнуудаас нөхцөл байдлын талаар тодруулсан юм.

ГААЛИЙН ХАШАА МАШИНААР БИШ ОВООЛГОТОЙ БАРААГААР ДҮҮРСЭН

Бид олон нийтийн сүлжээнд хандалт ихтэй, харилцагч олон “Хос жинчин экспресс”, “М карго”, “Аригун карго” зэрэг ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниудтай холбогдож дараах мэдээллийг авав.

-Хөл хорио тогтоогоод хоёр жил болж байна. Ачааны үнэ тодорхой хэмжээнд нэмэгдэсэн байсан. Гэтэл сүүлийн саруудад бүр ч их нэмэгдсэн. Тавдугаар сард нэг машин 20-25 мянган юань байсан бол одоо хамгийн багадаа 65-75 мянган юаниар орж ирж байгаа. Урд хилээс ачаа ачигдаад Эрээн дээр асуудалгүй ирчихдэг. Гэвч Эрээний хил дээр дор хаяж дөрөв хонож Монголын хил рүү гарч байгаа. Хамгийн гол нь хөл хорионоос хойш түгжигдсэн ачаа барааны бөөгнөрөл огт арилахгүй байгаа учраас карго ачсан автомашинууд ариутгал халдваргүйтгэлийг хүлээж маш олон хоног саатаж байгаа. Ажлын хэсэг томилж, хэд хэдэн албан тушаалтнуудын сэлгээ хийснээс хойш хэд хоносон билээ. Хил дээр нөхцөл байдал хуучнаасаа дордсон уу гэхээс дээрдсэн зүйл байхгүй байна. Бид карго үйлчилгээ үзүүлж байгаа учраас тодорхой хэмжээний ашиг харна. Гэтэл жаахан бараа захиалсан онлайн шоп, хэдхэн хувцас захиалсан хэрэглэгчдийн тээврийн зардал.

Ихэнх карго үйлчилгээ эрхэлж буй компаниуд хувийн машинд бараагаа ачуулдаг. Тэдгээр автомашины жолооч нар нь үнийг хөөргөж, өөр сонголтгүй болгосноос үүдэж тээврийн зардал 3-4 дахин нэмэгдээд байна. Өмнө нь ачаатай 150-200 машиныг гаалийн хашаа руу оруулдаг.

Тэдгээр машинууд ачаагаа буулгаж, ачаад гарахаар дараагийн 100 машиныг сэлгэдэг байсан. Одоо бол дээд тал нь 50 машин нэвтрүүлж ариутгал халдваргүйтгэл гээд олон хоног алдаж байна.

Тав, зургадугаар сард бараа ачигдлаа гэхэд 5-7 хонож ирдэг байсан. Энэ сард сайд очиж чухам болохгүй байгаа бүхнийг сольсон учраас хурдан ирэх байхдаа гэж бодож суутал харин ч хойшилж 10-14 хонож ирж байна шүү дээ. Үйлчилгээ үзүүлж байгаа бидэнд их хүндрэл учирч, удаа дараа холбогдох яам, хариуцсан газруудад санал хүсэлт өгсөн. Нааштай хариу өгсөн газар байхгүй. Асуудлыг шийдвэрлэнэ, барааны тээвэрлэлт хэвийн явагдана гэж худал мэдээлэл өгснөөс болж иргэд бидэн рүү бухимдаж танайх л үйлчилгээ үзүүлж чадахгүй байна гэх мэтчилэн хэлж байна.

Ихэнх тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлж буй хувь хүн, компаниуд хувийн машингүйгээс болж, Хятад машинуудын дарааллыг хүлээж цаг алдаж байна. Зарим машинууд нь бараагаа дүүргэх гээд эсвэл машин олдохгүй юм чинь ачуулж л таараа гэх хандлагаар өндөр үнэ хэлдэг. Үнэтэй ч хамаагүй хурдан бараагаа хүлээж авахыг хүссэн хүмүүс тэр хэлсэн мөнгийг нь өгөөд л жаахан бараагаа авч байна. Төр засгаас бодлогын хувьд энэ асуудалд онцгой анхаарах шаардлагатай.

Метр куб ачаа 300-400 юань байсан бол одоо 1200-1450 юань болсон. Тээвэрлэлтийн компаниуд зардлаа нэмээд 400-650 мянган төгрөгөөр зөөвөрлөж авч ирж байна. Үүнээс хамаараад жижиглэнгийн буюу килограммын үнийг нэмэхээс өөр сонголтгүй болсон.

Тухайлбал нэг килограмм цамцыг 2000 төгрөгөөр тооцдог байсан бол өнөөдөр 3000-4500 төгрөгөөр үнэлж байна. Хэрэглэгч, үйлчлүүлэгчид маш бухимдалтай байгаа.

Тээвэрлэлт хийж байгаа автомашинуудыг 100-150-аар нэвтрүүлж байна гэдэг худал. Иргэдийг төөрөгдүүлж ташаа мэдээлэл өгч байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой. Бодит байдлыг хараад сууж байж зохицуулалт хийж чадахгүй өдийг хүрсэн нь удирдлагуудын буруу. 3-4 сарын хорионы дүнд өнөөдөр гаалийн хашаанд овоолготой бараанууд дүүрч, цөөхөн машин л багтах зайтай байгааг удирдлагууд нуух хэрэггүй.

Карго тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын асуудал хүндэрсэн болохыг хэлсэн юм. Харин Зам-Үүд сум дахь Бүрэн эрхт төлөөлөгч, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга Ц.Жавхланбаатар:

-Томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон БНХАУ-ын Эрээн хотын удирдлага, Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хот дахь Консулын газрын холбогдох албан тушаалтнуудын, хоёр улсын боомтын захиргааны хамтын ажиллагааны хүрээнд экспортын ачаа, бараа бүтээгдэхүүний халдваргүйжүүлэлтийг стандартын дагуу хийж гүйцэтгэж байгаа. Баримт нотолгоо, БНХАУ-д хүлээн авагч нь тодорхой болсон тохиолдолд хилээр нэвтрүүлэхээр харилцан тохирсон.

Замын-Үүд хилийн боомтын гарах чиглэлд өдөрт 110 автомашин гаргаж байгаа. Үүнээс ачаагүй 100, нүүрстэй 10 автомашин гарч байна. Орох чиглэлд ачаатай 100, импортын 50-60 автомашиныг өдөр бүр нэвтрүүлж байна.

Эрээн хотын ачаа барааны төвд ачаатай автомашины бөөгнөрөл байхгүй болж, монгол талаас гарч байгаа автомашинууд өдөр өдөртөө Эрээний талд ачаандаа орж дараагийн өдөр хилээр гарч байна. Ачаа тээврийн эргэлтийг сайжруулахын тулд шат дараатайгаар ажлуудыг хийнэ.

Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ асуудалд ямар хяналт тавьж ажиллаж байгааг асуухад гаалийн байгууллага холбогдох ажлуудыг хариуцаж байгаа. Манай байгууллага хамааралгүй бараа бүтээгдэхүүн асуудлыг хариуцахгүй. Ариутгалын хаалга гарах чиглэл нь ашиглалтад орж орох чиглэл одоогоор нээгдээгүй байгаа гэсэн мэдээллийг өглөө. Ямартай ч хил гааль дээрх ачаа тээврийн асуудал цэгцрээгүй байгааг албаныхан төдийгүй ачаа тээврийн компанийн төлөөллүүд хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж