Видео тоглоом сонирхогч, хүүхэд залуустаа нэгэн таатай мэдээ хүргэе. Алдарт Жеймс Бондын толгой эргэм адал явдлаар дүүрэн “Алтан нүд” хэмээх киног санаж байна уу. Холливудын од Пирс Броснаны гол дүрд нь тоглож олны хүртээл болгосон тус киноноос сэдэвлэн “Алтан нүд 007” хэмээх видео тоглоомыг Activision, Eurocom фирмүүд хамтран бүтээж хоёрхон сарын дараа худалдаанд гаргах гэж байна. Wii платформ дээр хөгжүүлсэн тус тоглоом first-person shooter төрлийн action бөгөөд 16 янзын горимоор тулалдах чадвар бүхий тус бүрийн давуу тал онцлогийг илтгэсэн найман дүртэй ба төдий чинээ тоглогч нэгэн зэрэг тоглож болох онцлогтой гэнэ. Бусад action тоглоомуудаас ялгарах гол давуу тал нь болхи бус чадварлаг шаламгай хөдөлгөөн, тулааны урлагийн өвөрмөц элементүүдийг тоглоом сонирхогчдын хорхой хүргэмээртусгаж өгсөн аж. Кинонд гардаг бүх л адал явдал тоглоомдоо ч бас баяжигдсан ба АНУ-д 49.9 долларын үнэтэйгээр 11-р сарын 2-нд борлуулагдаж эхэлнэ. Видео тоглоомын мангас Activision-ы энэхүү тоглоомдоо зориулсан бас нэгэн сюрприз нь зөвхөн “Алтан нүд-007”-д л зориулагдсан гар юм. Алтлаг шар өнгийн гоёмсог гар 69.9 долларын үнэтэй.
Н.Наран