Их Британийн Санхүүгийн хяналтын байгууллагаас Англи-Австралийн хамтарсан "Рио Тинто" компани нь Монголын говьд хэрэгжүүлж буй 6.75 тэрбум ам.долларын зэсийн гүний уурхайн төсөлтэй холбоотой хяналт шалгалтыг эхлүүлсэн талаар "Financial Times" мэдээлжээ.
Тус компани нь "Оюутолгой" төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.2-1.4 тэрбум ам.доллараар нэмэгдэж, төслийн хугацаа 16-30 сарын хугацаагаар хойшлохоор болсон тухай анх 2019 оны долдугаар сард хөрөнгө оруулагчдад мэдэгдэж байв. Энэ нь хөрсний нөхцөл байдал хүнд байгаагаас шалтгаалсан гэж тайлбарлаж байсан юм.
Гэвч уурхайн бүтээн байгуулалтад хүндрэл учирсныг хөрөнгө оруулагчдад мэдэгдэхээс хэдэн сарын өмнө "Рио Тинто" мэдэж байсан гэж тус компанид ажиллаж байсан "шүгэл үлээгч" ажилтнууд болон зарим хөрөнгө оруулагчид мэдэгдсэн нь өнөөдрийн энэ нөхцөл байдалд хүргэсэн билээ.
Тухайн үед "Рио Тинто" компанийн гүйцэтгэх захирлаар Жан-Себастьян Жак ажиллаж байсан бөгөөд Австрали улс дахь уугуул иргэдийн үнэт өвд багтдаг эртний хоёр хадан агуйг сүйтгэсэн шалтгаанаар тэрбээр өнгөрсөн жил огцорсон.
"Рио Тинто" компани одоогоор энэхүү асуудлаар мэдээлэл өгөхөөс татгалзсан бөгөөд тус компани Оюу Толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалттай холбогдуулан мэдээлэл ил болгох үүргээ “тогтмол биелүүлсээр ирсэн” гэж өмнө нь мэдэгдэж байв.
Үүнээс өмнөхөн АНУ-ын Санхүүгийн зохицуулагч байгууллага мөн "Рио Тинто" компанийг Мозамбик улс дахь нүүрсний нөөцийн үнэлгээг хөөрөгдүүлсний улмаас залилан үйлдсэн гэх үндэслэлээр 27 сая фунт стерлингийн торгууль ногдуулсан. Хэрэв "Оюутолгой" төсөлтэй холбоотой мэдээлэл үнэн нь тогтоогдвол тус компани дахин өндөр торгуульд унаж болзошгүй байна.
Эх сурвалж: FT