АНУ дахь Хятадын дипломат албыг хатуу гараар удирдана

Хуучирсан мэдээ: 2021.07.29-нд нийтлэгдсэн

АНУ дахь Хятадын дипломат албыг хатуу гараар удирдана

АНУ дахь Хятадын дипломат албыг хатуу гараар удирдана

Хятад улсаас АНУ-д суух элчин сайдаар томилогдсон Цинь Ган Мягмар гаригт Вашингтонд очжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр элчин сайд Цинь Ган нь гадаад харилцааны чиглэлд мэргэшсэн нэгэн гэнэ. Тэрбээр АНУ-ын төрийн нарийн бичгийн орлогч Вэнди Шерманыг Хятадад айлчилсны дараа өдөр нь албан үүрэгтээ орохоор ийнхүү Вашингтоныг зорьсон аж. Олон улсын анхаарлыг ихээр татсан Вэнди Шерманы Тяньжинд Хятадын албаныхантай хийсэн уулзалт тодорхой үр дүнд хүрэлгүй өндөрлөсөн аж.

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын америкчуудын эрх ашгийг хамгаалах бодлогын хүрээнд Вашингтон, Бээжингийн хооронд үүссэн үл ойлголцол, худалдааны дайн улам өргөжиж, олон салбарт тэлсэн юм. Түүнчлэн АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Жо Байдены захиргаа Хятадад үзүүлж буй дарамт, шахалтаа хэвээр хадгалснаар үл итгэлцэл гүнзгийрсэн гэж ажиглагчид дүгнэж байна.

Өдгөө 55 настай Цинь Ган нь Хятад улсаас АНУ-д хамгийн удаан суусан элчин сайд Цуй Тянькайн оронд томилогдон, Вашингтон дахь Бээжингийн дипломат албыг тэргүүлэх болжээ. 68 настай Цуй Тянькай нь тэтгэвэрт гарах нас нь өнгөрсөн ч АНУ-д суух Хятадын элчин сайдын албыг найман жил хашсаны эцэст өнгөрсөн зургадугаар сард албан үүргээ хүлээлгэн өгчээ. Тэрбээр Хятадад төдийгүй АНУ-д ч хүлээн зөвшөөрөгдөж, хүндлэгдсэн нэр хүндтэй дипломат байв.

Харин Цинь Ганы хувьд АНУ-тай харилцах чиглэлээр тусгайлсан туршлага байхгүй ч Хятадын гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байсан. Мөн сүүлийн жилүүдэд Европын харилцаа, протокол зэрэг чиглэлээр ажилласан туршлагатай аж. Цинь Ган АНУ-д дипломат хүрээлэлд орж, улс төр, аюулгүй байдлын чиглэлээр шаардлагатай харилцаа холбоогоо үүсгэхэд нэлээд хичээл зүтгэл шаардана гэж Сингапурын Ражаратнам олон улсын харилцааны сургуулийн профессор Ли Минжянг мэдэгджээ. Цинь Ган 2006-2014 оны хооронд Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа бусад дипломатуудын болгоомжилдог сэдвүүдээр Бээжингийн эрх ашгийг хамгаалсан зоригтой мэдэгдлүүдийг хийснээрээ анхааралд өртсөн аж. Тухайлбал, тэрбээр 2008 онд АНУ-ын “Guns N’ Roses” рок хамтлагийн “Хятадын ардчилал” нэртэй зургаа дахь цомгийн талаар “Ихэнх хятадууд ийм төрлийн хөгжимд дургүй. Хэтэрхий чанга дуутай” хэмээн хэлснээсээ болж нэлээд шүүмжлэлд өртөж байв. Цуй Тянькайтай харьцуулахад Цинь Ган америкчуудтай илүү хатуу бодлогоор харилцана гэж ажиглагчид таамаглаж байна.

Гэсэн ч АНУ, Хятадын харилцаа нь дотоодын шахалт, стратегийн өрсөлдөөн зэргээр тодорхойлогддог ба харилцаанд элчин сайдын үзүүлэх нөлөө хязгаартай. Цинь Ган элчин сайдын албан үүрэгтээ эх орондоо байхдаа хэдийн орж, Хятадын талаас АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогчид тавьсан “хүслийн жагсаалт”-ыг бэлдэхээс эхэлжээ. “Хүслийн жагсаалт”-ад АНУ нь Хятадын албаныхныг хар жагсаалтаас гаргах, хэвлэл мэдээлэл, оюутнууд, зарим дипломатуудын визний хязгаарлалтыг цуцлах зэрэг багтсан байна.

Нөгөө талд Хятадад суух АНУ-ын элчин сайдын суудал өнгөрсөн оноос хойш эзгүй байна. АНУ-аас Хятадад суух элчин сайд Терри Брэнстэд нь Дональд Трампын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд туслахаар албан тушаалаасаа буусан аж. Ерөнхийлөгч Жо Байден АНУ-аас Хятадад суух элчин сайдаар “NATO”-гийн төлөөлөгч Николас Бюрнсыг томилох бодолтой байгаа тухай “New York Times” өнгөрсөн тавдугаар сард мэдээлсэн юм.

ЦИНЬ ГАН ГЭЖ ХЭН БЭ?

Тяньжин хотод төрж өссөн Цинь Ган 1984 онд Олон улсын харилцааны их сургуульд олон улсын улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр сурч төсчээ. Төгсмөгцөө Хятадын гадаад хэргийн яаманд ажиллаж эхэлсэн бөгөөд 18 жилийн турш ажиллахдаа төлөөлөгчөөс дэд сайд болтлоо дэвшсэн байна. Тэрбээр 2005-2010 оны хооронд Хятадын гадаад хэргийн яамны Мэдээллийн хэлтэс хариуцсан орлогч даргаар ажиллаж байв.

Цинь Ганыг 2010 оны есдүгээр сард Лондон суух Хятадын элчин сайдын түр орлон гүйцэтгэгчээр томилж, 2011 оны арванхоёрдугаар сар хүртэл ажиллуулжээ. Дараа нь тэрбээр Бээжин рүү буцаан татагдаж, хуучин албан тушаалаа хашиж байгаад 2017 оноос Хятадын гадаад хэргийн сайдын туслагч болон Протоколын хэлтсийн даргын албыг давхар хашиж эхэлсэн аж. Улмаар 2018 оны есдүгээр сард тэрбээр Гадаад хэргийн дэд сайдын албан тушаалд дэвшсэн байна. Тэрбээр гэрлэсэн, нэг хүүхэдтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж