Хариуцлагын гэрээ байгуулсан нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудыг шөнийн 00:00 цаг хүртэл ажиллуулах үүрэг чиглэлийг хотын дарга өгсөн байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн долоо хоногт болсон хурлын үеэр Нийслэлийн захирагчийн ажлын албанд иргэд, аж ахуй нэгжүүдээс ирж буй санал хүсэлтэд тулгуурлан зөвхөн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг уртасгасан цагийн хуваариар ажиллуулахыг үүрэг болгожээ.
Гэхдээ энэхүү үүрэг чиглэл саналын түвшинд байгаа бөгөөд эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа юм байна. Нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ гэдэгт ресторан, түргэн хоолны нэгжүүд хамаарах юм. Харин баар, караокег уртасгасан цагийн хуваариар ажиллуулах зөвшөөрлийг нийслэлээс гаргах боломжгүй аж. Учир нь Улсын онцгой комиссоос гаргасан халдвар хамгаалалтын нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийн дагуу архи, согтууруулах ундаагаар үйлчилж буй байгууллагууд 22:00 цаг хүртэл ажиллах журам хэвийн үргэлжлэх юм байна.
Энэ дагуу захирамжийн төсөл боловсруулагдаж байгаа бөгөөд одоогоор 00:00 цаг хүртэл ажиллах зөвшөөрөл, журам хэрэгжиж эхлээгүй гэдгийг Захирагчийн албанаас мэдээллээ.