Реалити телевизийн од Парис Хилтон жирэмсэн болсон гэх цуу яриаг үгүйсгэлээ. Тэрбээр “Энэ бол Парис” хэмээх подкастынхаа шинэ дугаараар энэ тухай ярьсан байна. Парис Хилтон “Би өглөө сэрээд л 3000 гаруй мессежийг хүлээн авсан. Бүгд л миний мэдэхгүй зүйлийн талаар өгүүлж байсан. Мессеж бичсэн хүмүүстээ баярлалаа. Тиймээ, би гурван ихэр хүүхэд тээж байгаа”….“За тоглосон юм аа. Би одоогоор жирэмсэн биш. Хурим хийх хүртлээ хүлээж байна” гэсэн юм.
Тэрбээр сүйт залуу Картер Реумын хамт үдийн зоог барьж буй зургаа өөрийн хоолны шоуны видеонд оруулсны дараа цуу яриа гарч эхэлжээ. Хосууд жил үерхсэний эцэст өнгөрсөн хоёрдугаар сард сүй тавьсан. Тэд хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байгаагаа бусдаас нуудаггүй. Мөн тэрбээр далайн эргийн Малибу хотын "Nobu" ресторанд авахуулсан зургаа үзүүлээд “Миний даашинз нэвсгэр байгаагаас жирэмсэн юм шиг харагдуулж байна. Үнэндээ тийм биш. Гэвч хүмүүс түүх зохиох дуртай шүү дээ” гэсэн юм.
Арван минут орчим үргэлжилсэн тус подкастын үеэр Хилтон хувийн амьдралыг нь тойрсон цуу яриа тасардаггүй болохыг онцлоод харсан бүхэндээ итгэх хэрэггүй гэдгийг хүмүүст зөвлөжээ. Төгсгөлд нь тэрбээр “Хэзээ нэгэн өдөр бяцхан Парис, бяцхан Картерууд бий болох л байх. Гэхдээ өнөөдөр биш. 2022 оныг хүлээцгээе” гэсэн юм.
С.НАРАНГАРАВ
ЭХ СУРВАЛЖ: TODAY
Холбоотой мэдээ