Токио 2020 олимпийн усан сэлэлтийн тэмцээнүүдэд ээлж дараалан олимпийн рекордууд эвдэгдсээр байна. Өнөөдөр/2021.07.28/ эрэгтэйчүүдийн 4х200 метрийн өврөөр даллах сэлэлтийн тэмцээн болж Их Британийн баг түрүүлж, мөнгөн медалийг Оросын баг, хүрэл медалийг Австралийн баг тус тус хүртэв.
Их Британийн багийн тамирчин Жэймс Гай алтан медаль хүртсэн талаараа “25 жилийн дараа эцэст нь үүнийг хийлээ. Үнэхээр сэтгэл хөдөлж байна. Мөрөөдөл биеллээ” хэмээн ярив. Харин түүний багийн анд Скотт “Эдгээр залуусын хамт медаль хүртэж байгаа нь онцгой тохиолдол. Дэлхийн рекорд эвдэж чадаагүйдээ жоохон гонсойж байна” гэжээ.
Их Британийн тамирчин Томас Дин өчигдөр явагдсан эрэгтэйчүүдийн 200 метрийн өврөөр даллах сэлэлтэнд мөн түрүүлсэн юм. Ингэснээр тэрбээр нэг олимпод усан сэлэлтийн спортоос хоёр алтан медаль хүртсэн 1908 оноос хойшхи анхны Британи тамирчин болжээ. Бүхэл бүтэн 103 жил эвдэгдээгүй байсан Их Британийн олимпийн рекорд Токиод эвдэгдэж байна.
Их Британичууд 1908 оноос хойш олимпийн усан сэлэлтийн спортоос гурван алтан медаль хүртсэн анхны тохиолдол энэ болж байна.
Токиогийн олимпийн усан сэлэлтийн тэмцээнүүдээс улс орнууд медаль авсан байдал:
- АНУ – 1 алт, 5 мөнгө, 7 хүрэл, нийт 16
- Австрали – 4 алт, 1 мөнгө, 4 хүрэл, нийт 9
- Их Британи – 3 алт, 1 мөнгө нийт 4
- Япон – 2 алт, 1 мөнгө нийт 3
Холбоотой мэдээ