Тасманиа хэмээх Австралийн жижигхэн хотоос гаралтай Ариарне Титмус энэ удаагийн олимпоор цахиур хагалж байна. Өдгөө 20 настай тэрбээр өнөөдрийн байдлаар 200 метр болон 400 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд хоёр алтан медаль хүртэв.
Титмус өнөөдөр/2021.07.28/ 200 метр зайг нэг минут 53.50 секундэд туулан олимпийн рекордыг шинэчлэн түрүүлжээ.
48 цагийн дотор олимпийн хоёр алтан медаль хүртсэн Титмус “Би их ядарч байна. Сүүлийн уралдаан хамгийн хэцүү нь байлаа. Хонгконгийн тамирчин Сиобхан энэ алтан медалийг үнэхээр их хүссэнийг мэднэ. Тэр өчигдөр ч сайн сэлсэн. Түүн шиг сайн тамирчныг ялна гэдэг хэцүү. Үнэндээ өнөө өглөө сэрэхдээ түрүүлнэ гэж бодоогүй ээ. Олимп учир түрүүлэхийн тулд л хичээх ёстой гэдгээ ойлгож байлаа. Медаль хүртсэндээ баяртай байна” гэжээ.
Ариарне Титмустай хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ гэж байсан олимпийн зургаа, дэлхий аваргын 15 алтан медальт АНУ-ын тамирчин Кэти Ледеки хоосонгүй. Тэрбээр 400 метрийн төрөлд мөнгөн медаль хүртжээ.
Титмусын дасгалжуулагч Диан Боксалл мөн цахим сүлжээнд алдартай болсон. Тэрбээр шавиа хэрхэн түрүүлэхийг хараад баярлаж байгаа бичлэг интернетэд түгсэн.