Хойд болон Өмнөд Солонгосын удирдагчид зогсонги байдалд орсон харилцаагаа эргэн сайжруулах амлалтыг бие биедээ өглөө. Вьетнамын Ханой хотноо 2019 онд Вашингтон, Пхеньяны дунд болсон дээд хэмжээний уулзалтаар талууд зөвшилцөлд хүрч чадаагүй нь хоёр Солонгосын харилцаанд мөн нөлөөлсөн юм. Тодруулбал, тухайн үед АНУ-ын төрийн тэргүүн байсан Трамп Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй бүс болгох хүсэлтээ илэрхийлэхэд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун татгалзсанаар уг түүхэн уулзалт өндөрлөсөн байдаг. Гэвч энэхүү нөхцөл байдлыг үл харгалзан хоёр Солонгос харилцаагаа хэвийн үргэлжлүүлэх болсноо ийн мэдэгдлээ.
Өмнөд Солонгосын Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Пак Су Хён телевизээр өгсөн ярилцлагадаа “Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким нар аль болох хурдан хугацаанд харилцан итгэлцлээ сэргээж, харилцаагаа хөгжүүлэхээр тохиролцлоо” гэсэн юм. Хоёр улсын төрийн тэргүүнүүд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш захидал солилцох болсон нь хүйтэн уур амьсгалыг эвдэх түлхэц болжээ. Хойд Солонгосын талаас өнгөрсөн оны зургадугаар сард шууд утсан холбоог тасалж, хоёр Солонгосын холбоо барих албыг татан буулгаад цэргийн сургуулилалтаа сэргээн, хилийн орчимд харуул хамгаалалтын постуудыг байгуулсан юм.
Тэгвэл Пхеньяны төрийн мэдлийн төв мэдээллийн агентлагийн мэдээлснээр “Нийт солонгос үндэстнүүд хоёр орныг харилцаагаа эргэн сайжруулахыг харж, хүлээж байсан. Тиймээс хоёр улсын тэргүүнүүд хувийн захидал солилцох замаар харилцаа холбооны шугамаа эргэн нээж, харилцан итгэлцлээ сэргээх тохиролцоонд хүрсэн” гэжээ.
Гэвч Трампын адилаар АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Жо Байден ч мөн Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс татгалзах ёстой гэж үзэж байгаагаа тавдугаар сард БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй хийсэн уулзалтынхаа үеэр илэрхийлсэн байна. Байдены хувьд Хойд Солонгос улсад чиглэсэн гадаад бодлого нь дипломат ёсонд үл харшлах, нээлттэй бөгөөд тандан туршсан байдалтай байх аж.
С.НАРАНГАРАВ
ЭХ СУРВАЛЖ: AXIOS MEDIA