Токио 2020 олимпийн наадмын албан ёсны тав дахь өдөр өчигдөр/2021.07.27/ ярих зүйлс ихтэй болж өнгөрчээ.
Эмэгтэйчүүдийн уулын дугуйн уралдаанд гурван Швейцарь бүсгүй тэргүүлж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ. Тэргүүн байранд зургаан сарын өмнө гараа хугалаад байсан Йоланда Нефф орж, түүний араас Сина Фрэй, Линда Индерганд нар удаалав.
Алтан медаль хүртсэн Нефф “Би энэ зүүднээсээ сэрэхгүй гэж найдаж байна. Энэ бол миний зүүд. Би зүгээр л замаа амжилттай туулж, хөгжилдөхийг хүссэн. Хөгжилдөж чадлаа” гэв.
Тэгвэл Оросууд өөрсдийн мөнхийн өрсөлдөгч Америкийг хоёр спорт дээр ялав. Эхнийх нь волейболын тэмцээн дээр тохиосон. Оросын эрэгтэй шигшээ баг Америкийн багийг 3-1 гэсэн харьцаатай ялж, хэсгээ тэргүүлж эхлэв.
Харин дараа нь гимнастикийн тэмцээн дээр Оросын эмэгтэй шигшээ баг Америкийг ялав. Хамгийн сонирхолтой нь АНУ-ын гол тамирчин Саймон Байлс эмэгтэй багийн төрлийн шигшээ шатнаас нэрээ татсан. Тэрбээр энэ талаараа тайлбарлахдаа “Эхний үзүүлбэрийн дараа би үргэлжлүүлэхийг хүсээгүй. Би өөрийн сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй болсон. Одоо үед сэтгэл зүйн эрүүл мэнд спортод чухал гэж би бодож байна” хэмээжээ.
Өдгөө 24 настай Саймон Байлс нь 2016 оны Риогийн олимпоос дөрвөн алт, нэг хүрэл медаль хүртэж байсан билээ. Тэрбээр одоогоор гимнастикийн таван төрлийн финалын шатанд шалгараад байна.
Ийнхүү Оросын охид 169.528 оноогоор түрүүлж, АНУ-ын баг 166.096 оноогоор мөнгөн медаль, Их Британийн баг 164.096 оноогоор хүрэл медаль тус тус хүртжээ.
Мөн Филиппин улс олимпийн анхны медалиа хүртсэн. Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 55 кг-ийн төрөлд өрсөлдсөн тус улсын тамирчин Хидилин Диаз 224 кг өргөж, олимпийн рекордыг шинэчлэн аварга авсан юм. Түүнээс өмнөхөн Хятадын Лиао Киүюн олимпийн рекордыг шинэчилж 223 кг өргөөд байсан юм.
“Bloomberg”-ийн мэдээлж буйгаар Филиппиний Засгийн газар болон нэгэн бизнесмен олимпийн анхны аваргадаа хоёр байшин бэлэглэж, 660 мянган ам.доллартай тэнцэх мөнгөн шагнал олгосон гэнэ. Нэг байшинг нь Засгийн газраас нь, нөгөө байшинг нь Филиппиний бизнесмен өгчээ.
Холбоотой мэдээ